Төвбанк  ирэх онд инфляцийг долоон хувьд барьж чадна гэдэгт итгэлгүй байна гэв
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ
2014.10.24

Төвбанк ирэх онд инфляцийг долоон хувьд барьж чадна гэдэгт итгэлгүй байна гэв

УИХ-ын чуулганы өчигдрийн /2014.10.23/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын хариулснаар, валютын ханш эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг хэдий ч ханшийн төсөөлөл дээр тооцоод 1750 төгрөг гэдэг байж болох тоо гэж үзэж байгаа аж. Мөн төсөлд ирэх онд инфляцийг 7 хувьд барина гэсэн байгаа аж. 

Өнөөдөр 13 хувьтай байгаа инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэгт Гишүүд үүнд итгэлгүй байлаа. 

Я.Содбаатар: Мэдсээр байж дандаа худлаа тоо тавьдаг

Ирэх оныг 7 хувьд инфляцийг барина гэсэн байна. Гэтэл бидэнд тараасан материал дээр 9,5 хувьд барихаар тооцоолж оруулж ирсэн байна. Энэ яагаад ийм зөрүүтэй байна вэ. Ер нь төсөв, мөнгөний бодлого баталж байгаа үйл явцаа хархаар мэдсээр байж дандаа худлаа тоо тавьж байна. Тухайлбал долларын ханшийг 1750 төгрөгөөр авч байна. Энэ бол худлаа тоо. Цалин, тэтгэвэр нэмлээ л гэдэг энэ бас бодит нэмэгдэл болохгүй байна. Энэ жил цалин, тэтгэвэр дээр 500 тэрбум төгрөг тавьж байгаа. Энэ тохируулга хийж  байгаа л болохоос нэмэгдэл биш...

Х.Болорчулуун: Худлаа зорилт тавина гэдэг ажлаа мэдэхгүй байгаагийн шинж

Монгол банк жил мөнгөний бодлого оруулж ирэхдээ дандаа худлаа тоо оруулж ирдэг. 2012, 2013 онд инфляцийг нэг оронтой тоонд барина гэж дандаа оруулж ирж байсан. Гэтэл нөгөө инфляци нь үргэлж 2 оронтой тоонд байдаг. 2015 онд 7 –д барина гэж  байна. Энэ худлаа. Өнөөдөр 13 хувьтай байхад..ирэх оныг яг үнэнээр нь 2 оронтой тоонд оруулаад ирэхээр яадаг юм бэ? Худлаа зорилт тавина гэдэг ажлаа мэдэхгүй байгаагийн шинж.

Ж.Энхбаяр: Мөнгөний бодлогод маш том алдаа гарсан өнгөрсөн онд. ...

Ирээдүйг ярихын тулд өнгөрсөн оноо харах хэрэгтэй. 2014 оныг хархад Монгол банк ажлаа хийж чадсангүй. УИХ инфляцийг 8 хувьд барина гэж баталсан байсан. Өнөөдөр инфляци 2 оронтой тоонд ороод энэ амлалт хоёр дахин даваад явж байгааг бид мэдэж байгаа. Бодлогууд хоорондоо уялдахгүй байна. Үр дүнд нь инфляци, ханш сөрөг гараад байна. Өөрөөр хэлбэл Мөнгөний бодлогод маш том алдаа гарсан өнгөрсөн онд. ...

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.