Г.Шийлэгдамба: 2012 онд АН-тай байгуулсан гэрээгээ л баталгаажуулсан хэрэг шүү дээ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.10.24

Г.Шийлэгдамба: 2012 онд АН-тай байгуулсан гэрээгээ л баталгаажуулсан хэрэг шүү дээ

 МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг "Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН, МАХН-ын дарга нар гэрээнд өөрчлөлт оруулах талаар мэдэгдлээ. Энэ нь АН- ын гишүүдийн шаардлагатай холбоотой юу. Намын генсекийн хувьд байр сууриа илэрхийлээч ?

-Ардчилсан намын дотоод асуудал гэж ойлгогдох байх. Би бол Ардчилсан намын дотоод асуудлыг ярих зохимжгүй. Манай намын хувьд гэрээний асуудлыг бага чуулганаар хэлэлцэж, гүйцэтгэх товчоогоор шийдвэрээ гаргасан. Тэгэхлээр МАХН-ын зүгээс гэрээ хийхэд сөрөг байр суурь байхгүй. Хэдийгээр хоёр намын дарга гарын үсэг зурсан ч Ардчилсан нам шаардлагатай гэж үзвэл бид зарим нэг анхаарал татсан заалтыг тодотгож үзэх боломжтой. Ер нь АН дотроо байр сууриа нэгдмэл болгох шаардлага гарсан юм болов уу гэж үзэж байна. Тийм учраас хоёр намын дарга мэдэгдэл хийсэн.

-Гэрээ байгуулах гэж байна гэдгийг хэдийд мэдэв. АН-ын гишүүдийн хувьд огт мэдээгүй гэдэг байр сууринаас хандаж байгаа. Танай намынхны хувьд тодорхой хугацааны дараа хэлэлцээд гарын үсэг зурсан байх?

-Энэ гэрээг хэн нэгэн гэв гэнэт халааснаасаа гаргаж ирээд дэлгэсэн асууаал биш. Бүүр ярибал, 2012 оны Улсын их хурлын сонгуулийн дараа Засгийн газар байгуулахад улс төрийн хүчнүүд хамтарч ажиллах гэрээ хийсэн. Үүнээс үүдэлтэй асуудал өнөөдөр үргэлжилж байна. Тэр үед хийсэн гэрээ тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хязгаарлагдсан.

Тухайн үед Ардчилсан намын ажлын хэсгийг Х.Баттулга, МАХН, МҮАН, “Шударга ёс” эвлээс Ч.Улаан сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласнаар гэрээ хийгдсэн. Мөн Иргэний зориг, ногоон намаас төлөөлөл оролцсон байдаг. Ингээд хоёр жил гаруй хугацаанд энэ гэрээг тодотгож, цааш нь бэхжүүлэх шаардлага гарсан.

Эрх барьж буй намаас хамгийн олон суудалтай улс төрийн хүчин болох Ардчилсан нам, МАХН дээрх гэрээний асуудлыг дахин тавьж, улс орныг тогтвортой байлгах, өнөөдөр үүссэн нийгэм эдийн засгийн байдлыг давж гарахад улс төрийн намууд зорилттой ажиллах гэдэг үүднээс гэрээний асуудлыг ярьсан. Энэ үйл явц жил орчим үргэлжилсэн. Тухайн үед гэрээг тойрсон асууцал сонин хэвлэлээр гарч байлаа. Үндсэндээ бид хавар энэ гэрээг ярьж эхэлсэн ч нөхцөл байдлаас шалтгаалж сая гарын үсэг зурагдлаа. Тэгэхлээр энэ шинэ, сонин зүйл биш л дээ.

-Гэрээг хавсралттай байсан гэх асуудал яригдах боллоо?

-Тэр бол ор үндэслэлгүй мэдээлэл. Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэхдээ энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна гэсэн. Миний хувьд ч гэрээний хувилбарыг огт олж хараагүй. Гэрээнд ямар нэг санамж бичиг, хавсралт байхгүй гэдгийг сайн мэдэж байна.

Энэ бол зориуцаар гэрээний дотоод агуулгыг мушгин гуйвуулсан улс төрийн зорилготой хийгдсэн үйл ажиллагаа. Удахгүй энэ бүхэн тодорхой болох байх. Ер нь энэ гэрээг хэлбэр талаас нь хүмүүст ойлгуулах ажил явагдаж байна. Хэлбэр гэхээс илүүтэй гарын үсэг зурсан хоёр хүнтэй холбоотой онцолж байгаа. Мэдээж намын дарга нар л зурж таарна шүү дээ.

МАХН, МҮАН ХОЁР ГЭРЭЭТЭЙ. 0Д00 АН-ТАЙ ГЭРЭЭ ХИЙЖ БАЙНА

-Уг нь “Шударга ёс” эвсэлээс М.Энхсайхан гэдэг хүнийг орхигдуулж боломгүй юм. Энэ хүн арын фронтод нь зүтгэж байсан. Гэтэл МҮАН-аас нэг ч хүн харагдаагүй. Шууд утгаараа АН, МАХН-ын хооронд хийсэн гэрээ юм биш үү?

-Энэ бол хоёр намын хоорондох гэрээ. Ер нь Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн намууд гэрээтэй ажилладаг. МАХН, МҮАН-тай гэрээтэй. Одоо АН-тай гэрээ хийж байна. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй намууд нэг талд олонхийг бүрдүүлж ажиллаж байна шүү дээ. Эдгээр намууц хоорондоо шаардлагатай гэж авч үзснээр гэрээ хийсэн. Энгийн хоёр иргэн ч гэсэн ямар нэг ажил хийхдээ гэрээ хийгээд ажилладаг.

Үүнтэй адил. Харин сөрөг хүчинтэй гэрээ хийвэл өөр асуудал. Тухайлбал, МАХН юм ч уу эсвэл АН, аль эсвэл МҮАН өнөөдөр  засагт ажиллаж байгаа биш цөөнхийг  төлөөлж байгаа сөрөг хүчинтэй гэрээ  хийвэл эсрэг тэсрэг зүйл гэж ойлгогдох ёстой. Гэтэл нэг зорилго тавиад Засгийн газрын өмнө ард түмний сонголтоор засаг бүрдүүлж ажиллаж буй намууд хоорондоо гэрээ хийж илүү хариуцлагатай ажиллах нь зарчмын асуудал.

Харамсалтай нь үүнийг хэлбэр талаас нь ашиглаж байна. Агуулга буюу дотор нь ямар ач холбогдолтой зүйл тусгагдав гэдгийг ард түмэнд таниулж ойлгуулах талаар бид сул ажилласан.

-Тэгэхлээр гэрээнд ард түмэнд ээлтэй ямар заалтууд байгаа вэ?

-Улс төрийн намууд цаащдаа авлига, хээл хахуулиас хол байх асуудал. Эрх зүйн зөв чадамжаа хэрэгжүүлж, ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ улс төрийн намууд үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг байх зэрэг томоохон зорилтуудыг гэрээнд тусгасан. Гэтэл гарын үсэг зурсан хүмүүсийг болон хэлбэрийг нь яриад байна.

-Агуулга талаас нь үзвэл гэрээнд гарын үсэг зурсан явдлыг муугаар яривал МАН-ыг гэрээ болсон. Улс төрийн намуудын өмчийг хураах ч гэдэг юм уу зүйл заалтыг нь задалж үзвэл яалт ч үгүй МАН-тай холбоотой юу?

-Нэгдүгээрт, МАН-ын намтай холбоотой үг, үсэг, өгүүлбэр гэрэээнд байхгүй. Хоёрдугаарт, энд нийтлэг эрх ашиг явж байгаа. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт хийж, аль нэг нам бизнесээс хамааралтай байхгүй байх тухай асуудал бий. Цэвэр төсвийн өмнө үүрэг хүлээгээд сонгуульд авсан саналынхаа тоогоор парламентад суудалтай намууд төсвөөс санхүүжиж нөгөө “шилэн данс” гэдэгтэй адил орлого, зарлага нь ил байх.

Ямар нэг хээл хахуулиар улс төрийн намууд үйл ажиллагаа явуулдаггүй болох тухай байгаа. Мөн нам гэдэг аж ахуйн байгууллага биш. Өмч хөрөнгөтэй байна гэж үзюл, тэр нам аж ахуйн үйл ажиллагаа явуулж таарна. Заавал байртай байна. Байртай байхаар яах уу. Түрээсэлж орлого олно. Ингээд явахаар тухайн намын зорилго улс төрийн үйл ажиллагаанаас гадна аж ахуйн ашиг сонирхол руу чиглэсэн болно. Дээр нь засгийн эрх барьж байвал цэвэр түүнийгээ бэхжүүлэх бодлого руу орчихно.

Өмнө нь улс төрийн намууд төсвөөс олон тэрбум төгрөг аваад байшин бариулсныхаа төлөө бөөн хэл ам болж байсан. Ийм нөхцөл байдал руу улс төрийн намууцыг оруулахгүй гэсэн санааг гэрээнд тусгасан. Өнөөдөр өмч хөрөнгөтэй болсон нам нь аль вэ, энэ гэрээний дагуу улс төрийн намуудад өөрчлөлт орвол ижил барианаас үйл ажиллагаагаа явуулна. Гэтэл үүнд дургүйцсэн намууд өөртөө хамаатуулж ойлгож байна.

-АН-ын гишүүдийн тайлбарлаад байгаа нэг заалт бий. Тэр нь тойрог дээр өрсөлдөхгүй юм байна. Тохиролцчих юм байна гэсэн дүгнэлт?

-Үүнийг цэвэр механик үйлдэл мэт ойлгож байна. Энэ нь учир дутагдалтай. Мэдээж хамтарч ажиллаж буй улс төрийн намуудын хувьд харилцан зөвшилцөл явагддаг. Энэ нь хууль зөрчсөн байдлаар биш бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ.

 Хууль ямар байна тийм л хүрээнд. Сонгуулийн тухай хуулиас давж ажиллана гэж байхгүй. Тэгэхлээр сонгуулийн хууль өөрчлөгдөх үү, эсвэл энэ хэвээр явагдах уу гэдэг нь УИХ-ын асуудал. Батлагдсан хуулийн хүрээнд яаж ажиллах вэ, тэр дундаа засаг барьж буй улс төрийн намууд зөвшилцөж эрх ашгаа авч үзэж ажиллана гэдэг ерөнхий ойлголт бий. Хуулиас давж гарах гэсэн ямар нэг сүүдэртэй тал энэ гэрээнд байхгүй.

-Гэрээнд өөрчлөлт орохтой зэрэгцэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар ‘‘Шударга ёс” эвсэлээс завсарлага авсан. Үүнийг улс төрийн ажиглагчид цэвэр шантааж явж гэж үзэх шиг боллоо? '

-Улс төрийн ажиглагчдын тооцоо судалгааг сайн мэдэхгүй байна. “Шударга ёс” эвсэл өөрөө хуралдаж, завсарлага авах шийдвэрт хүрсэн. Энэ нь УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу бүлэг завсарлага авах ёстой эрхээ эдэлж буй хэрэг.

Мэдээж төр засаг тогтвортой байхад сөрөг нөлөө үзүүлж байгааг базаж хэлбэл, ойрын өдрүүдэд улс төрийн бужигнаан явагдаж байна. Төр засагт хандах хандлагыг хэт улстөржүүлсэн энэ үед шийдэх нь оновчтой биш байна гэдэг ойлголтоос энэ завсарлагыг авсан болов уу гэж би хувьдаа ойлгож байна.

УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу бүлэг завсарлага авах ёстой эрхээ эдэлж буй хэрэг

Өөрөөр хэлбэл, үүсээд байгаа нөхцөл байдлыг бодитоор авч үзэхэд хугацаа хэрэгтэй. Гэхдээ энэ гол асуудалд сөрөг хүчний хувьд ч тэр эрх баригч намуудын хувьд үүссэн нөхцөл байдлыг ул суурьтай авч үзэх нь чухал. Эцсийн эцэст энэ нь улс орны эрх ашгийн асуудал учраас юу юунаас урьтаж сөрөг үр дагаварт хүрэх нөхцөл байдалд хандахгүйгээр завсарлага авсанд “Шударга ёс” эвсэлийг зарчимтай ажиллаж байна гэж бодсон.

Л.Цог гишүүний байр суурийг ярилцсан

-“Шударга ёс” эвсэл дотроо хоёр талцсан.Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын асуудал дээр маргаан дэгдсэн зэрэг яриа байгаа. Нууцгүй хэлэхэд эвсэл дотор юу болоод байна вэ?

-Эвсэл дотор ноцтой байдал үүсээгүй байна. Эвслийн тэргүүн нь Н.Энхбаяр дарга. Эх орондоо эргэж ирсэнтэйгээ холбогдуулаад Ерөнхий сайдтай уулзсан. Эвслийн бүлгийн гишүүдтэй ч уулзсан. Хоёр намын удирдлагууд ч хоорондоо уулзаж, санал бодол солилцсон. Бидэнд зөрчилдсөн байр суурь өнгөрсөн өдрүүдэд гараагүй. Мэдээж хоёр намаас нэгдсэн эвсэл учраас эрх ашгаа харилцан хүндэтгэсэн, зорилтгой ажиллахад чиглэсэн үйл ажиллагаануудад нэгдмэл байр суурьтай хэвээр байна.

Энд хөндөж хэлэхэд, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсон, яамдуудын асуудалтай холбогдуулан үзвэл ямар ч зөрчилдөөн үүсээгүй. Энэ ч утгаар бүлгийн шийдвэрээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд МҮАН-аас УИХ-ын гингүүн Н.Батцэрэг даргыг дэвшүүлсэн. Тэгэхлээр хоёр нам харилцан ойлголцож, яамдуудын сайдын асуудал дээр маргаантай нөхцөл байдал үүсээгүйг харуулж байна.

Засгийн газартай холбоотой буюу Ерөнхий сайдыг огцоруулна гэж УИХ-ын дэд дарга Л.Цог гарын үсэг зурсан. Энэ бол тэр гишүүний байр суурь. Энэ асуудлыг атбан ёсоор хэлэлцээгүй байна. Ер нь улс  төрийн хариуцлага, улстөрч хүний зарчим юун дээр зангилагдаж явж байна вэ гэдгийг Л.Цог гишүүний үйл ажиллагаатай холбож нам дотроо ярьсан нь үнэн.

-Бага чуулганаар Шадар сайдын асуудал хөндөгдсөн. Д.Тэрбишдагва албан тушаалаасаа татгалзах хүсэлт гаргасан гэх мэдээлэл бий. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Ор үндэслэлгүй мэдээлэл. Д.Тэрбишдагва МАХН-ын дэд дарга хэвээрээ ажиллаж байна. Үүнтэй холбоотой ямар нэг асуудал бага чуулганы үеэр яригдаагүй. Шадар сайдын асуудал бол Засгийн газрынх. Шадар сайдын ажлаа хийж буйг та бүхэн мэднэ. Бодит байдал ийм л байна.

-Н.Батцэрэг даргын асуудлыг сөхмөөр байна. Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэхэд татгалзсан хариу өгсөн гэдэг. Энэ үнэн үү?

-Үүнийг би мэдэхгүй байна. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх процесс явагдсан гэж ойлгож байгаа. Хуулиараа зөвшилцсөн байр суурийг Ерөнхий сайд яаж хүлээж авах вэ гэдэгт би дүгнэлт хийж хариулах боломжгүй.

-Намын дарга Н.Энхбаяртай холбоотой мэдээллийг тодруулмаар байна. Түүнийг эх оронд нь ирмэгц баривчилна, байцаалт авах шаардлагатай гэсэн мэдээллүүд гарч байлаа. Хуулийн байгууллагаас ч гэсэн энэ тухай мэдээлэл хийсэн. Тэгэхлээр Н.Энхбаяр эх орондоо ирснээс хойш байцаалт өгөв үү. Хэрэг нь юу болсон бэ?

-Миний мэдэж байгаагаар ямар нэг хууль, хяналтын байгууллагатай холбогдсон нөхцөл байдал өнөөдрийг болтол үүсээгүй. Хэвлэлээр янз бүрийн мэдээлэл цацагдаж байна. Хууль хяналтын байгууллага ч тодорхой байр сууриа илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр даргыг албадан авчрах, зарлан дуудах бичиг өгөх асуудал байхгүй тухай мэдээллэсэн.

Үүний дараагаар Н.Энхбаяр дарга биечилж ирсэн. Энэ үеэр баривчлах зүйл болоогүй шүү дээ. Мэдээж, Н.Энхбаяр даргыг улс төрийн үйл ажиллагаанд оролцох явцтай зэрэгцээ янз бүрийн  мэдээлэл байна. Өөрт нь нөлөөлөх дарамт шахалт л байх. Сүүлийн үед “Улаанбаатар” телевизтэй холбон ярьж эхэлсэн. Үнэн худал эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Энэ мэтчлэн  ярианууд гардаг. Тухайлбал, Өмнөд Солонгосын иргэн боллоо гээд баахан шуугисан.

-Өмнөд Солонгосын хэвлэлд гарсан мэдээллийг шалгуулж байгаа гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-Н. Энхбаяр дарга танилынхаа хүрээгээр энэ асуудлыг хуульчаараа судлуулж байгаа юм билээ.

-Тухайн мэдээлэл хаанаас эхтэй. Эх сурвалжийг нь тогтоож чадсан уу?

-Өмнөд Солонгосын сониныхон хуульчдад “Бид эх сурвалжаа Монголоос авсан. Тэр мэдээллээ холбогдох байгууллагаас нь тодруулсан. Ингэхдээ хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр хүсэлт гаргавал хуулийн хүрээнд шийдэх боломжтой” гэж хариулсан байдгийг нь мушгиж, хүсэлт гаргачихсан юм шиг бичсэн.

Үүн дээр ажиллаж байгаа. Өмнөд Солонгосын сонин уучлалт гуйх ёстой. Монголын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнийг өөрийн орны иргэн болчихсон мэт гуйвуулж бичсэн учраас хариуцлага хүлээх ёстой. Ингэхдээ мөнгө төгрөг нэхэмжлэх байдлаар биш Монголын өвчтэй, зовлонтой байгаа хүүхдүүдийг тус улсад эмчлүүлэх байдлыг хангуулахад чиглэнэ.

-Н.Энхбаяр дарга эх орондоо ирсэн даруйдаа удахгүй буцна гэж байсан. Хэзээ буцах вэ. Биеийнх нь байдал ямар байгаа вэ?

-Эх орондоо ирмэгцээ агаар салхинд гарах зорилготой байсан. Үүнийгээ ч гүйцэлдүүлсэн. Богд ууланд авирсан. Аль болох амралтын өдрүүдэд агаарт гарч байна. Аав, ээжийнх нь бие тааруу байсан, тэдэнтэйгээ уулзсан. Намынхаа хуралд оролцлоо. Гэтэл өөрөөс нь шалтгаалахгүй гэнэтийн нөхцөл байдал үүссэн.

Засагтаа холбоотой энэ байдал Н.Энхбаяр ирснээс болсон зүйл биш шүү дээ. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтийг МАН-аас тавьсан асуудал. Н.Энхбаяр даргын оролцоотой гаргаагүй. 28 хүний гарын үсэг зурах асуудал ч даргад хамаагүй. Харин эх оронд нь ирэх үетэй давхацсан. Эвслийн зүгээс үүссэн нөхцөл байдлыг ажиглах байх. Яг төдийд өдийд буцна гэдгийг би албан ёсоор хэлж мэдэхгүй.

-Биеийн байдлаас нь шалтгаалж эмчилгээ нь хугацаа хожимдохгүй юу?

-Үүнд санаа зовж байна. Ер нь түр хугацаагаар ирсэн учраас эмч нар нь ярьж байгаа байх. Бид нарын хувьд биеийнх нь байдлаас шалтгаалж ачаалал өгөхгүй байх тал дээр анхаарч байгаа.