Ж.Энхбаяр: Засгийн газар жолоогоо алдчихлаа
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.10.24

Ж.Энхбаяр: Засгийн газар жолоогоо алдчихлаа

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-“Төсөв мөнгөний бодлого хэлэлцэх чухал үеэр Ерөнхий сайдыг огцруулах асуудал оруулж ирлээ” гэж танай намыг шүүмжлэх хүн олон байна. Ер нь хариуцлагын асуудлыг ярих цаг мөн үү?

-Эдийн засагт үүсчихээд байгаа бодит нөхцөл байдал өөрөө хариуцлагын асуудлыг ярихаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Үүнийг ч эрх баригч намд байгаа эрүүл ухаантай, тоо ойлгодог хүмүүс ч хэлж байгаа. Ер нь болохоо байлаа шүү дээ. Эдийн засгийн сүйрэл эхэлчихлээ.

Монгол Улс одоо валютын хоёр сарын л нөөцтэй үлдлээ. 2016 он гэхэд үндсэндээ манай улсын валютын нөөц шавхагдах төлөвтэй болсон. “Рио Тинто” компани “Оюутолгойн хоёр дахь хөрөнгө оруулалтыг хийхгүй” гэдгээ албан ёсоор зарлачихлаа шүү дээ. Үүнийг санхүүжүүлэх учиртай гучин банк ч санхүүжилтээ зогсоосон байна. Монголын арилжааны банкуудыг дамжиж гүйлгээ хийдэг байсан банкууд үйлчилгээгээ зогсоогоод эхэлснийг эрх баригчид хэлэхгүй байгаа болохоос бид мэднэ.

Манай улсын үнэт цаас, Засгийн газрын бондууд маш муу байна. Дотооддоо арилжаад байхад худалдан авагч алга. Нэг ёсондоо дотоод нөөцөө шавхчихсан гэсэн үг. Харин гадна талдаа бонд гаргаад ч боломжгүй болчихсон. Хөрөнгө оруулалт 5.4 дахин багассан атлаа орлого байхгүй.

Хоосон хийрхсэн зардлуудаа зээлээр аргалж явсаар 2015 оны босгон дээр үнэнд гүйцэгдэж байгаа нь энэ. Монгол Улсын төсөв эдийн засгийн чадавхиараа нэг ч шинэ объектыг санхүүжүүлэх чадваргүй гээд төсөвт оруулж ирж байна. Зөвхөн буцалтгүй тусламж юм уу зээлийн хөрөнгөөр цэцэрлэг, сургууль барина гэж байна. Харин улсын төсөв өөрийн чадавхиараа юу хийж чадах вэ гэвэл зөвхөн өр, зээлээ л төлнө. Ирэх жил гэхэд бид 708 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлнө гээд бод доо. Цаашлаад 1.3 их наядын үндсэн зээлийг төлөх хугацаа болж байна.

-Энэ хүндрэлтэй байдлаас гарах арга замыг үндэсний хэмжээний зөвшилцөл хийх гэж тодорхойлж байгаа. Гэтэл дотроо эмх цэгцгүй болсон энэ үед ийм боломж хэр байгаа бол?

-Манай намын болон хэсэг залуус нийлээд энэ талаар ярилцаж эхэлсэн. Үүссэн нөхцөл байдлаас гарахын тулд улс төрийн ашиг хонжоо гэх мэт нь ямар ч хэрэггүй болчихлоо. Намын эрх ашиг биш, үндэсний эрх ашиг бидэнд чухал байна. Үндсэндээ Монголын эдийн засаг дампуурах тал руугаа орчихлоо шүү дээ.

Энэ уналт өдөр ирэх тусам гүнзгийрч байна. Эндээс яаралтай гарахын тулд өнөөдрийнх шиг дарга, сайдаа солиод аргалаад өнгөрөх биш юм. УИХ, Засгийн газар нь үндсэн үүргээрээ ажиллахаас гадна үндэсний хэмжээний зөвшилцлийг маш яаралтай хийх хэрэгтэй байна. Энэ талаар бид хэвлэл мэдээллээр дамжуулаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид удаа дараа хэлж байгаа. Гол боломж энэ хүнд байна.

Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг үүргээ одоо гүйцэтгэх хэрэгтэй. Улс төрийн намуудыг үндэсний зөвшилцөлд хүргэхийн тулд ширээний ард суулгах ёстой. Эндээс УИХ Үндсэн хууль юм уу эдийн засгийн гол бодлогууд дээрээ гарын үсэг зурж, зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна. Дор хаяж арван жил ямар ч улс төрийн нам сонгуульд ялсан өөрчлөхгүй байхаар том цоож зүүж өгөх хэрэгтэй.

-Ийм санаачилгыг гаргаагүй биш гаргаж л байсан. Харамсалтай нь бодит ажил хэрэг болохгүй байх шиг?

-Ажил болгохын тулд ярьсан бол одоо бид шаардаж эхэлнэ. Эхний ээлжинд эрх баригчид болон намуудын дарга нараас шаардана. Ингээд Ерөнхийлөгчид хандана. Ийм байдлаар ширээний ард суухгүй бол яг өнөөдрийнх шиг нэг сайд гарна, нөгөө нь унагаана. Эрх баригч намын фракци хоорондын явцуу эрх ашиг хоёр жилийн дотор ийм хэцүү байдалд оруулчихлаа шүү дээ.

Нэгэн цагт “Хоёр дахь Дубай” гэгдэж байсан манай улсын эдийн засгийг өнөөдөр олон улсын тоймчид болон хэвлэлүүд “Харанхуй нүх” гэж тодорхойлж байна. Монгол харанхуй нүх болж хувирлаа. Нөгөө уул уурхай, баялгийн хараал гэх мэт алдаа руугаа халтирчихлаа л даа. Аливааг бүтээх хэцүү байдаг, харин унагаах ямар амархан байдаг вэ гэдгийг бид энэ хоёр жилийн хугацаанд хангалттай харлаа. Нэг үеэ бодвол улс орон ийм хүнд байдал руу яваад байгааг ойлгож, мэдэрч байгаа хүний тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь сайшаалтай юм даа.

-Эрх баригч нам нь дотооддоо зөрчилтэй, сөрөг хүчнийх нь зүгээс Засгийн газрын тэргүүнээ огцруулах хүсэлт өргөн барьчихаад байгаа энэ үед үндэсний эв нэгдлийн зөвшилцлийн ширээнд суух боломж гарах уу?

-Байлгүй яах вэ. Нөхцөл байдал хүндэрчихээд байна. Үүнээс зөвшилцлөөр л гарна, өөр зам байхгүй. Хэн нэгэн фракци, улстөрчийн албан тушаалыг хамгаалснаар энэ хүндрэлээс гарч чадахгүй нь тодорхой шүү дээ.

-Засгийн газраас 277 тэрбум бонд гаргаж, цалин, тэтгэвэртээ зарцуулж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ, байдал ингэтлээ дордчихоод байгаа хэрэг үү?

-Бодитой бөгөөд үнэн мэдээлэл. Энэ бол Хөгжлийн банкинд байгаа асуудал биш. Хөгжлийн банк мөнгөө захиран зарцуулах нь тэдний бүрэн эрхийн асуудал байж болно. Хамгийн гол нь Засгийн газар төсвийн чадавхиараа цалин, тэтгэврээ тавьж чадахгүй болсон гэдэг л ноцтой асуудал.

Хөрөнгөө хөгжилд зориулж чадахгүйгээр цалин, тэтгэвэр тавьж байна гэдэг нь асуудал ямар ноцтой байгааг илэрхийлсэн хэрэг. Үнэхээр Төрийн сан улайсан уу, үнэхээр зээл авч цалин, тэтгэврээ тавихаас өөр аргагүй байдалд хүрчихэж үү гэдгийг хэвлэлийнхэн мөшгих хэрэгтэй.

Угтаа яг өдийд буюу намар цаг хамгийн өгөөжтэй үе байдаг байлаа. Ургац хураалт дуусчихсан, үйлдвэрлэл явагдсан, аж ахуйн нэгжүүд тайлан тооцоогоо тушаачихсан, татварын хуримтлал нь цугларчихсан. Үлдэгдэл санхүүжилтээ хийгээд явдаг байх ёстой үе бид хоосон сууж байна.

-“Чингис”, “Самурай” бонд болон гадны зах зээлээс босгосон зээлээ эргэн төлөх хугацаа тулчихсан байхад байдал ийм хүнд байдаг. Энэ өрнүүдийнхээ цаана хэрхэн гарах юм бол?

-Энэ их өрийг эдийн засаг өөрөө төлөх чадамжгүй. Бондын зарцуулалт буруу явсан. Буруу замаар будаа тээсэн учраас буцахдаа шороо тээж байгаа нь энэ. Тэгэхээр бид зөвхөн төсөв дээр гэхэд ирэх жил 708 тэрбумыг зээлийн хүүгийн төлбөрт төлөхөөр байгаа.

Гэтэл Монгол Улсын эдийн засагт энэ төлбөрүүдийг төлөх чадвар алга. Энийг төлөхийн тулд дахин зээл авах асуудлыг эрх баригчид оруулж ирсэн. Ер нь энэ Засгийн газар бодлогоо алдчихлаа. Үнэхээр баримжаагүй, сандарсан хүн юу ч хамаагүй, өвс ч болов зулгаадаг шиг л юм болж байна. Юу ч хамаагүй тэмтчээд бодлогын зохицуулалт алга.

Ирэх оноос эхлээд төлөх өр төлбөрийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх, нөөц яаж хуримтлуулах, татварын бодлого, эдийн засгийн шинэчлэлүүдийг яаж хийх, өнөөдрийн энэ хүндрэлтэй байдлаас яаж гарах вэ гэдэг арга зам эрх баригчдад үнэхээр алга. Товчхондоо, Засгийн газар үндсэн жолоогоо алдчихаад эрэг дагаад урсч байна. Замдаа таарсан юуг ч хамаагүй шүүрч авчих гээд л. Сүүлдээ худлаа ярих нь бүр даамжирч байна.

Сая Оюутолгойн 100 саяыг төлөх гэж ёстой нэг алингаа алдлаа

Нийгмийн хууралтууд хэтрээд ирэхээр энэ нь олон нийтэд улам хортой тусч эхэллээ л дээ. Цаад нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндрээд байгааг эрх баригчид ард түмнээс нуугаад байна. Үүнийг цалин, тэтгэврийнхээ дөнгөж 85 хувийг санхүүжүүлж байгаа байдал, хийгд- чихсэн гүйцэтгэл ажлын хөлс болох 100- аад тэрбум төгрөг нэхэгдэж эхэлснээс харж болно.

Хийх ажлаа хийчихээд хөлсөө авах гэхээр Засгийн газар нь өгч чадахгүй суучихлаа. Сая Оюутолгойн 100 саяыг төлөх гэж ёстой нэг алингаа алдлаа. Нэг ёсондоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цууралт үүсч гажсаныг өнгөн талын заслаар аргалсаар ирсэн. Гэтэл одоо яг нуралт үүсч байна.

-Одоо оруулж ирээд байгаа төсвийг энэ чигээр нь баталбал ямар сөрөг үр дагавар үүсэх юм бэ. Нийслэл, орон нутгийн төсвийн эрхийг шилжүүлж, бие даавал цалин, тэтгэврээ тавьж чадахгүй гэдгээ эхнээсээ зарлаад эхэлж байна л даа?

-Одоохондоо “Би үхэхээр чи үх” гэж байна. Монголын төр шийдээд явж чадахгүй алдаж байхад нийслэл, орон нутаг төсвийн эрх мэдлийг шилжүүлж байгаа нь бас л бодлогын алдаануудын нэг. Хэт хөөргөн улс төрийн шийдэл гаргаад байна. 2015 онд дөнгөж цалин, тэтгэврээ тавьж чадвал их юм гэж би хэлэх гээд байна. Өөр юунд ч бүү найд. Өөр боломж байхгүй болчихлоо. Бид боломжоо алдчихсан.

-Энэ хүнд байдлаас гарах гарцыг яаж харж байна вэ?

-Итгэлийг сэргээх. Монгол Улсын нэр хүндийг сэргээх асуудал. Хамгийн түрүүнд улс төрийн замаар. Тийм болохоор хариуцлага хурдан тооцох нь чухал байна. Шинэ мэргэжлийн багийг гаргах, ингээд дотооддоо алдсан нэр хүндээ сэргээх, үүний дараа мэдээж гадаадад алдсан нэр хүндээ сэргээж авах нь чухал. Гэхдээ энэ бүхэнд их хугацаа орно. Нэг, хоёр жилдээ биеллээ олдог ажил биш болчихлоо л доо.

-Танай бүлгийн зүгээс Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Ингэснээр өнөөдрийн энэ хүнд байдлаас гарах боломж байгаа юу?

-Найдаж байна. Энэ хүнд байдлаас гарахын тулд Ерөнхий сайд огцрох байх гэж найдаж байна. Харин үүний дараа хүнд байдлаас гарах эхлэл тавигдах болов уу. Үнэхээр бодит байдалд эдийн засаг нурж байгааг л бид ойлгох хэрэгтэй.

Зүгээр хүндэрсэн, хямарсан биш шүү. Нурж байна. Энэ байдлаас гарах нь нэг улстөрчийн ашиг хонжоо биш. Үндэсний эрх ашиг боллоо шүү. Яаж энэ хүнд байдлаас гарах вэ гэдэг асуудал бүх хүний хувь тавиланд хамаатай болчихлоо. Товчхондоо, Монгол Улс сэхээний тасаг руу шилжчихлээ гэсэн үг. Цаг алдвал зүрх зогслоо. Байдал ийм болчихоод байхад хүртэл Ерөнхий сайд “Амьдрал сайхан байна” л гэж хэлнэ. Үхэж дуусталаа хүртэл “Амьдрал сайхан байгаа” л гэж ярих хүн шүү дээ.

-Ингэхэд манай улс хэр хэмжээний өртэй болж байна вэ?

-Бодлогогүйгээр их хэмжээний буюу гурван их наяд төгрөг хэвлээд тараасан. Түүгээр нь юм хийсэн үү хийсэн. Харин үр дүн нь юу байна вэ. Сайхан замууд тавьсан. Гэхдээ зам үр ашгаа өгтөл дор хаяж 50 жил шаардлагатай. Гэтэл бид таван жилийн дотор өнөөх бондын мөнгөө төлөх ёстой байдаг.

Одоо бондын өрийг төлөхөд нэг жилийн хугацаа үлдсэн. Дээр нь баахан орон сууцны барилгыг хиймлээр өдөөсөн. Төрийн орон сууцны корпораци байгуулсан. Үүнд нь Монголбанк, арилжааны бүх банк хамаг мөнгөө хийлээ шүү дээ. Цаашлаад аймгууд хийрхээд мянга мянгаар нь байшин барьж байна.

Барилгын 80 хувь нь импортоос бүтдэг болохоор валютаа ховх сорчихож байгаа юм. Гэтэл валют олж ирэх ёстой уул уурхайн салбараа нам зогсоочихсон. Жаахаан байсан валютын нөөцөө ингээд ховх сороод дууссан.Үүний цаана одоо бидэнд мөнгө өгөхгүй том замууд л үлдлээ. Гэтэл мөнгө байхгүй, баялаг бий болгодоггүй баахан байшин, өнөөх байшингуудаа дагаад иргэд нь баахан зээлтэй. Цаашлаад арилжааны банкууд нь гадаад зээлтэй, Монголбанк нь гадаад свопын өртэй.

Том зургаараа Монгол Улс өртэй. Харамсалтай нь энэ өрийг төлөх чадвар байхгүй. Энэ бүх хүндрэлээс гарахын тулд эхний ээлжинд эрх баригчид хүлээн зөвшөөрөх. Дараа нь ширээний ард сууцгаах нь л чухал байна. УИХ ингэж зөвшилцөл хийх ёстой. Хэрвээ чадахгүй бол тарах хэрэгтэй.

Улс төрийн хариуцлагыг улстөрчид хүлээгээд, УИХ тарах хэрэгтэй. Засгийн газар бол энэ жолоодлогогүй байдлаас гаргаж чадахгүй нь тодорхой болчихсон. Анзаарч байгаа биз. Сайд нараа оруулж ирж чадахгүй, эрхээ барьж чадахгүй, ерөөсөө учраа олохоо больчихсон. Улс төрөө, эдийн засагтайгаа хамт хяналтаасаа алдчихлаа.

-МАХН, АН-ын дарга нарын байгуулсан хамтын ажиллагааны гэрээний асуудал өндрөө авчихлаа. Асуудал даамжраад ирэхээр гэрээ байгуулсан дарга нар нь хэдхэн хоногийн дараа гэрээгээ цуцалж ч байх шиг?

-Улс төрийн хуйвалдаан. Ноцтойхон хэлбэл, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан оролдлого. Товчхондоо, гэмт хэрэг шүү дээ. Хэт хөөргөн улс төрийн шийдэл гаргаад байна. 2015 онд дөнгөж цалин, тэтгэврээ тавьж чадвал их юм гэж би хэлэх гээд байна. Өөр юунд ч бүү найд. Өөр боломж байхгүй болчихлоо. Бид боломжоо алдчихсан...