11 тамирчинд онцгой байдлын цол хүртээлээ
11 тамирчныг ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, онцгой байдлын цол олгож, баяр хүргэлээ.
2014.10.28

11 тамирчинд онцгой байдлын цол хүртээлээ

ОБЕГ-ын даргын тушаалаар Тив дэлхий, дотоодын уралдаан тэмцээнд амжилттай сайн оролцож, медаль хүртсэн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, спорт хорооны нэр бүхий 11 тамирчныг ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, онцгой байдлын цол олгож, баяр хүргэлээ.

ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж тамирчидтай уулзах үеэр “Амь биеэ үл хайрлан тэмцье уриатай Монгол улсын Онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс тэмцээн уралдаанд амжилт дүүрэн оролцоод ирсэн тамирчиддаа баяр хүргэж, цаашид илүү их хичээн байгууллагынхаа нэрийг улам өндөрт өргөхийг хүсье.

Улсын хэмжээнд Онцгой байдлын байгууллагад ажиллаж хүчин зүтгэдэг 4000 гаруй албан хаагч бий. Эдгээр хүмүүс тамирчин та бүгдийг үргэлж харж суугаа учраас спортын амжилтаа илүү ахиулж өөдөө дэвшээрэй” гэж онцлон хэлсэн юм.

Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадамд шөвгийн дөрөвт шалгарч, Монгол Улсын Гарьд цол хүртсэн “Аврагч” биеийн тамир, спорт хорооны тамирчин Н.Ганбаатарыг онцгой байдлын дэд хурандаа цолоор, “Инчеон-2014” Азийн наадамд Жудо бөхийн  -66 кг жинд  алтан медаль хүртсэх “Аврагч” биеийн тамир, спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлгийг онцгой байдлын хошууч цолоор, ОХУ-ын Челябинск хотноо болсон Жудо бөхийн Дэлхий аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн “Аврагч” биеийн тамир, спорт хорооны тамирчин, МУГТ М.Бундмааг онцгой байдлын хошууч цолоор, Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадамд зургаа давж Монгол Улсын Харцага цол хүртсэн “Аврагч” биеийн тамир, спорт хорооны тамирчин Б.Пүрэвсайханг онцгой байдлын ахмад цолоор, “Инчеон-2014” Азийн наадмын Жудо бөхийн  төрөлд -48 кг жинд алтан медаль хүртсэн “Аврагч” биеийн тамир, спорт хорооны тамирчин,

МУГТ М.Уранцэцэгийг онцгой байдлын ахлах дэслэгч цолоор, Шатрын Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-при тэмцээнээс Шатарын Их Мастерын болзол хангасан “Аврагч” биеийн тамир, спорт хорооны тамирчин Т.Батчимэгийг онцгой байдлын ахлах дэслэгч цолоор, Жудо бөхийн Олон улсын Гран при тэмцээнд +100 кг жинд алтан медаль хүртсэн “Аврагч” биеийн тамир, спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Тэмүүлэнг онцгой байдлын ахлах дэслэгч цолоор, Какакстан улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, АНУ-ын Нью-Жерси мужид зохиогдсон цэргийн ДАШТ-ний алтан медальт, “Аврагч” биеийн тамир, спорт хорооны тамирчин, ОУХМ О.Үйтүмэнг онцгой байдлын ахлах дэслэгч цолоор, “Инчеон-2014” Азийн наадмын Чөлөөт бөхийн -55 кг жинд мөнгөн медаль хүртсэн “Аврагч” биеийн тамир, спорт хорооны тамирчин, ОУХМ С.Бямбацэрэнг онцгой байдлын дэслэгч цолоор, Буудлага спортын ДАШТ-ний мөнгө, “Инчеон-2014” Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Т.Баярцэцэгийг онцгой байдлын дэслэгч цолоор,  Инчеон-2014” Азийн наадмын Жудо бөхийн 90 кг жинд  хүрэл медаль хүртсэн “Аврагч” биеийн тамир, спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Отгонбаатарыг онцгой байдлын дэслэгч цолоор тус тус шагнаж урамшууллаа.