Ц.Жадамбаа: Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.10.30

Ц.Жадамбаа: Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын зарим гишүүд, хэрэглэгчдийн гар утсанд хуурамч мессеж очсон нь байдал ямар түвшинд байгааг нотлох шиг болсон. Үүний талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн байр суурийг сонирхлоо.

Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдал хэр хангагдаж байгаа вэ? Саяхан УИХ-ын зарим гишүүд, хэрэглэгчдийн гар утсанд хуурамч мессеж очсон нь байдал ямар түвшинд байгааг нотлох шиг боллоо. Үүнд Та ямар байр суурьтай байна вэ?

Хэрэглэгчдийн гар утсанд илгээсэн хуурамч мессеж нь анхаарал татах асуудал мөн хэдий ч Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн дээрх үйл явдлаар дүгнэх нь дэндүү өрөөсгөл юм. Мэдээллийн аюулгүй байдлын тухай ойлголт нь маш өргөн цар хүрээтэй. Энэ нь дан ганц салбарын бус, дэлхий нийтийн анхаарал хандуулдаг асуудал болоод удаж байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үүрэн холбооны операторууд нь дэлхийн ижил чиглэлийн компаниудынх шиг технологийг нэвтрүүлэн ашигладаг бөгөөд бусад улсад ч мөн энэ төрлийн хуурамч мессеж илгээх явдал тохиолддог.

Хуурамч мессеж илгээх техникийн боломжийг олгож буй маш олон төрлийн үйлчилгээ үзүүлэгч цахим хуудсууд интернэтэд байгаа бөгөөд хэн ч ямар нэгэн дугаар ашиглан эдгээрээс хуурамч мессеж илгээх боломж байсаар байна.

Тэгэхээр бид одоо энэ төрлийн асуудлыг зохицуулах эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай болсон нь харагдаж байгаа юм.