Сурагчдад “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдэвт хичээл заалаа
“Улаанбаатар хотын түүх ба соёл" гэсэн сэдэвт хичээл орлоо.
2014.10.30

Сурагчдад “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдэвт хичээл заалаа

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд өчигдрийн хичээлийн эхний цагийг “Улаанбаатар хотын түүх ба соёл" гэсэн сэдэвт хичээлээр эхлүүллээ.

Зарим сургуулийн хичээлийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 23 төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Гэр хорооллын барилгажилт төслийн нэгж, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, нийслэлийн Боловсролын газар, Замын цагдаагийн болон дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд гэсэн нийт 100 гаруй хүмүүс зааж хүүхдүүдтэй санал бодлоо солилцов.

Тэд хүүхдүүдтэй их хотын иргэний эрхийн тухай асуудал хөндөж, замын хөдөлгөөний соёл, хоггүй хот, эрүүл орчныг бий болгоход хүүхэд нэг бүрийн оролцоо хувь нэмэр юу байх талаар санал бодлоо хуваалцлаа. Мөн мэдээж нийслэлийн өдрөөр “багш сурагчид хотын түүх, өнөөгийн шинэчлэл, гэр хорооллыг барилгажуулах ажлын давуу талуудыг харилцан ярилцсан юм.

Жишээ нь нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн нэгдүгээр дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад нийслэл хотын 1639 оноос хойшхи түүх, одоогийн хөгжлийн талаар мэдээлэл өгсөн.

Хичээлийнхээ төгсгөлд сурагчдаас хотын талаарх хүн бүрийн мэддэг хэрнээ тэр бүр анзаардаггүй асуултыг асууж, мэдлэгийг нь шалгасан. Д.Баттулга “Хүн бүхэн өөрсдийн мэддэг зүйлээ хайрладаг. Тиймээс хотын гудамжинд хог хаяхгүй байх, зам хөндлөн гарахдаа гарцтай газраар гарах, ахмад настан болон бусдыг хүндэтгэж яваарай” гэж захиж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад Улаанбаатар хотын ирээдүйг хэрхэн төлөвлөн ажиллаж байгаа талаар мэдээлэг өгсөн юм. Хотын дарга “Та бүхнийг өсөж том болоод сайхан залуус болох үед бид Улаанбаатар хотоо тохилог. өнгөлөг, дүрэмтэй болгон хөгжүүлж, “Дэлхийн хот”-ыг хүлээлгэн өгөх болно

Ингэхийн тулд хичээнгүйлэн сэтгэл гарган зүтгэж байгаа. 2030 онд өвлийн олимп зохион байгуулахаар төлөвлөсөн гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. Гэхдээ зохион байгуулах эрх авахын тулд манай хот хүн бүр ирэхийг, зочлохыг хүсдэг жуулчдад таатай, ээлтэй хот болох учиртай.

Тиймээс хотоо өнгөлөг тохилог, сайхан байлгахад хүүхдүүд та бүхний ч хичээл зүтгэл хэрэгтэй юм шүү” гэв. Түүнчлэн Э.Бат-Үүл дарга “Физик, математикийн багшаар ажиллаж байсан үе маань санаанд орж, хотынхоо тухай хүүхдүүдтэй санал бодлоо хуваалцсандаа их таатай байна” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.