Нийслэл “Розенбауэр” компанитай онцгой байдлын салбарт хамтарч ажиллахаар боллоо
Авсралийн “Розенбауэр” компанийн Ази, номхон далайн бүс хариуцсан захирал Херберт Пелингерийг хүлээн авч уулзлаа
2014.10.30

Нийслэл “Розенбауэр” компанитай онцгой байдлын салбарт хамтарч ажиллахаар боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  Авсралийн “Розенбауэр” компанийн Ази, номхон далайн бүс хариуцсан захирал Херберт Пелингерийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр  ноён Херберт Пелингер “Хотын даргатай биечлэн уулзаж байгаадаа таатай байна. Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх,  тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хоттой хамтарч ажиллах хүсэлтэй байна.

148 жилийн туршлагатай манай компани урт хугацааны хамтын ажиллагааг чухалчилдаг бөгөөд хэрвээ хамтарч ажиллавал тодорхой хугацаанд ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа талаар судалгаа хийж нийлүүлэлт хийнэ.

Гэхдээ энэ хугацаанд гарах зардлыг компани бүрэн хариуцаж ажиллана” гэлээ. Харин нийслэлийн Засаг дарга  “УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд гамшгийн эрсдлийг даван туулахад байнга өндөржүүлсэн бэлэн байдалд байхаар тусгасан байдаг.

Тиймээс энэ шаардлагыг хангахын тулд хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм. Мөн уулзалтын үеэр цаашид өөр олон салбарт хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.