Содбаатар.Я 2014.10.31 | Сонин: Улстөрийн тойм сонин

Я.Содбаатар: Парламент тардаг юм бол МАН-ын 26 гишүүн татгалзахад бэлэн

Я.Содбаатар: Парламент тардаг юм бол МАН-ын 26 гишүүн татгалзахад бэлэн
УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та болон УИХ-ын нэр бүхий гишүүд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж өргөн барьсан. Засгийн газраасч энэ хуулийн төслийг санаачилсан байдаг. Таны боловсруулсан хуулийн төсөл Засгийн газрынхаас юугаараа ялгаатай бэ?

Эдийн засгийн хямрал газар авч байгаа энэ үед жижиг дунд бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд төр татварын хөнгөлөлт үзүүлэх ёстой. Тиймээс энэ хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан. Хуулийн төсөлд уул уурхай, ашигт малтмал, нефтийн салбар, үүрэн телефон, архи тамхины бизнесээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, 1.5 тэрбумаас доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 10 хувь байгааг нэг хувь болгоё гэсэн юм.

Энэ хуулийн төсөл батлагдаж гарснаар Монгол Улсад бүртгэлтэй 70 гаруй мянган аж ахуйн нэгжийн 97 хувь нь энэ хөнгөлөлтөд хамрагдана. Ингэснээр дээрх аж ахуйн нэгжүүдэд 30 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлт гарна.

Урьд нь улсад өгдөг байсан 30 гаруй тэрбум төгрөг тухайн ААН байгууллагад үлдэх юм бол ААН-үүд өөрийн ажлын байраа хадгалж үлдэх, явуулж байгаа бизнесийнхээ үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэсэн үг.

Энэ нь эдийн засагт эерэг дүн гарна. Харин Засгийн газраас гаргасан хуулийн төсөлд 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжээс 10 хувийн татвар авч байгааг нэгмөсөн бүгдийг аваад дараа нь 90 хувийг нь буцааж олгоё гэж байгаа юм. Үүнээс харахад Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл хүнд суртал ихтэй, бизнес эрхлэгчдэд ажил уясан төсөл. Эцсийн дүндээ улсад орж байгаа татвар адилхан.

-Засгийн газраас өргөн барьсан хууль, таны боловсруулсан хуулийн төсөл эцсийн дүндээ адилхан л улсад нэг хувийн татвар болж орох юм байна. Гэхдээ таны санаачилсан хуулийн төсөл татварын байцаагчдын ажлыг хөнгөлж өгөх юм аа даа?

Тийм ээ. Нэгэнт улсад адилхан татвар орох юм чинь сүүлд нь буцааж олгох гээд баахан ажил болж байхаар нэгмөсөн нэг хувийн татвараа тогтоох юм бол хүнд суртал бий болохгүй. Өөрөөр хэлбэл, 100 мянган төгрөгийн татварт төлөх мөнгөө эргэлтэд оруулж явах боломж бүрдэнэ гэсэн үг. 2012 оны байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч аж ахуйн нэгж 78 мянга 748 байна.

1.5 тэрбумын борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нийт борлуулалтын орлогын 13-15 хувийг эзэлж байдаг. Энэ нь нэг ёсондоо албан татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн гурав хүрэхгүй хувь нь нийт татвар бүрдүүлэлтийн 85-87 хувийг бүрдүүлдэг. 97 хувь нь үлдсэн 12- 13 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр энэ хууль хэрэгжсэнээр татварын байгууллагын орон тооноос эхлээд ачаалал багасч байгаа юм.

Мөн  зарим татварын буцаан олголтыг хийдэг. Тухайлбал, нөөцийн болон хүн амын орлогын албан татварын буцаан олголтыг хийдэг. Гэтэл иргэд татварын буцаан олголтоо авах нь маш бага. Яагаад гэвэл татварын байгууллагын хүнд суртал, шат дамжлагаас болоод эргэж олдох нь хэцүү байдаг. Тэгэхээр энэ нь нэг талдаа хөнгөлөлт чөлөөлөлт мэт боловч амьдралд хэрэгжихдээ хүндрэлтэй байдаг. Тиймээс өмнө нь байсан энэ заалтуудыг хараад шууд нэг хувийн татвар тогтоож байгаа юм.

Аж ахуйн нэгжүүдийг харахад тухайн аж ахуйн нэгжээс улсад орж байгаа татвар харьцангуй бага хувь эзэлдэг. Төсөвт ирдэг ачаалал, нь ч бага байдаг юм байна. Ер нь хуульд өөрчлөлт орсноор аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын ил тод нээлттэй байдал хангагдах, татварын байгууллагын ачаалал, захиргааны зардал багасах, төр бизнесийн байгууллагуудын харилцан итгэлцлийг бий болгож, шат дамжлагыг цөөлж, татвар төлөгчдийн уялдаа холбоо нэмэгдэж, төрд итгэх итгэл сайжирна.

Татварыг шударгаар төлөх сонирхол ихэсч, улсын болон орон нутгийн төсөвт орох орлогын хэмжээ өсөх зэрэг олон давуу талтай.

-Татварыг шударга төлөх сонирхол нэмэгдэнэ гэж байна. Үнэндээ тайлан гарах үеэр олон аж ахуйн нэгж татвараа нуун дарагдуулах нь их байдаг. Ихэнх аж ахуйн нэгж, байгууллага чагтан тайлан гаргах нь их. Энэ хуулийн төсөлбатлагдсанаар дээрх байдал арилах боломжтой юм уу?
Ер нь орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх нь маш чухал.

Тийм ээ. Чагтан буюу икс тайлан гаргадаг 20 гаруй аж ахуйн нэгж байдаг гэсэн тоо бий. Тэд шууд нэг хувийн татвар өгөөд явах учраас энэ байдал арилна. Ер нь эргээд эдийн засгийн гадаад, дотоод хөрөнгө оруулагч нарт зөв сигнал болох болов уу. Учир нь Монгол Улс эдийн засгийн хямралтай байгаа ч татварын орчноо сайжруулж байгаа юм.

Төсвийн байнгын хороогоор Засгийн газраас өргөн барьсан болон гишүүдийн санаачилсан хоёр хуулийн төсөл дэмжигдсэн. Тэгээд УИХ- ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдсний дараа хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсгээс уг хоёр хуулийн төсөлд тусгасан аль оновчтой зөв зохицуулалтыг нь авч, яавал жижиг дунд бизнес эрхлэгчдэд татварын ачаалал буурах, боломж гаргах хууль батлагдана гэж бодож байна.

-Төсвийн тухай хуульд орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлнэ гэсэн. Гэтэл сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байгаа. Ямар учиртай юм бэ?

Ер нь орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх нь маш чухал. Зөвхөн Монгол Улс ч бус дэлхийн олон улс орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх асуудлыг ярьж байна. Гэхдээ эрх мэдлийг шилжүүлбэл шилжүүлсэн шиг шилжүүлэх хэрэгтэй. Харин орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ гэсэн нэр дор орон нутгийг баллаж болохгүй. Тухайлбал, шийдвэр гаргах эрх мэдэл нь шилжихгүй байна.

Зөвхөн төсвөө шилжүүлнэ гэж байгаа юм. Төсвийг шилжүүлэхдээ бүрэн шилжүүлэхгүй. Нэг ёсондоо тухайн орон нутагт 10 тэрбумаар хийх ажил шилжүүлж байгаа мөртлөө эндээс хуваарилж байгаа төсөв нь нэг тэрбум төгрөг. Есөн тэрбумыг нь та ол гэж байгаа юм. Товд төсөв нь бүрдэхгүй байгаагийн хийж чадахгүй байгаа ажлынхаа лай ланчигийг орон нутагт шилжүүлж байна. Тийм учраас нийслэлийн Засаг даргаасаа авахуулаад аль ч аймгийн Засаг дарга баярлаж угтахгүй байгаагийн учир энэ.

Үнэхээр эрх мэдэл шилжүүлнэ гэвэл шийдвэр гаргах эрх мэдлээ ч шилжүүлэх хэрэгтэй. Хөрөнгө мөнгөө ч шилжүүлэх хэрэгтэй. Мөн орон нутагт эрх мэдэл шилжүүлэх гэж байгаагийн хамгийн том асуудал бол тодорхой тогтсон Монголын айл болгон, хүн бүрийн амьдралтай холбоотой асуудлуудыг орон нутаг руу нь мөнгөгүйгээр эрх нь шилжих гэж байна. Тэр нь юу вэ гэвэл сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, соёлын анхан дунд шатны үйлчилгээг орон нутаг мэдэж шийдэх гэж байгаа юм.

Тухайлбал, сургуулийн багшийн цалинг орон нутгаас өгнө гэсэн үг. Гэтэл орон нутгаас төсөв бүрдэхгүй бол сургуулийн багшийн цал ин байхгүй, эмнэлгийн ажилтан цалингаа авч чадахгүйд хүрнэ. Монгол бол нэгдсэн улс. Нэгдсэн татвараа дээрээ нэгмөсөн авдаг. Тэгэхээр Монгол Улс аль ч салбарыг нэгдсэн бодлогоор удирдаж, нэгдсэн төсвөөр зангидах ёстой.

Мөн төсвийн орлого талыг тооцсон тоонууд худал. Монгол Улсын олборлох алт, экспортлох нүүрсний хэмжээ худлаа байна. 

Ерөнхий сайдын хийж байгаа энэ аргачлал би үхэхээс чи үх гэж байгаа бололтой. Бид төсөв бүрдүүлж чадахгүй байна, маш олон объектуудынхаа учрыг олохгүй байна. Тиймээс миний өмнөөс та нар үүний үйл лайг үүр гэж байгаа юм шиг.

-2015 оны гөсвийн төслийг батлалцаж байгаа хүний хувьд ямар байр суурьтай байна вэ. Сөрөг хүчнийхэн төдийгүй эрх баригч намын зарим гишүүн нэлээд шүүмжлэлтэй хандаж байна?

Энэ удаагийн өргөн барьсан төсөв төлөвлөлтөөсөө, өргөн барьсан процессоосоо эхлээд бүгд хууль зөрчиж байгаа юм. Бүгд худлаа. Худлаа гэдгийг Ерөнхий сайдаасаа эхлээд мэдэж байна. Тийм учраас үүнийг эсэргүүцэхээс өөр аргагүй. Гэтэл зарим нь сөрөг хүчин болохоор эсэргүүцэж байна гэх шүүмжлэл хэлдэг. Үнэндээ Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал хүнд байгааг хүн бүр мэдэж байна.

Цаашдаа улам хүндрэх шинжтэй. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй уялдуулж төсвийн бодлогоо хийХ ёстой. Хамгийн наад зах нь урсгал зардал зэргээ хязгаарлаж төр өөрөө бүсээ дээд цэгт нь хүртэл чангалах хэрэгтэй. Нэг ёсондоо төр өөрөө үрэлгэн зардлаасаа больж үргүй зардлуудаа танах хэрэгтэй. Харамсалтай нь төсвийн урсгал зардал ирэх онд 15.8 хувь өсөх хандлагатай байна.

Мөн төсвийн орлого талыг тооцсон тоонууд худал. Монгол Улсын олборлох алт, экспортлох нүүрсний хэмжээ худлаа байна. Хамгийн наад зах нь валютын ханшийг 1850-иар тооцжээ. Одоо 1900- 2000 хүрэх гэж байж яаж буулгах бодлого байхгүй.

Тэгэхээр худлаа тоонууд тавиад байхаар жилийн дундуур төсвийн тодотгол хийнэ. Худлаа тоонууд батлахаар хэн хохирох вэ гэхээр улсын төсьийн хөрөнгөөр объект, байшин барилга барих гэж байгаа компаниуд хамгийн түрүүнд хохирно. Мөн иргэд хохирно. Тиймээс мэд төсөв битгий батлаач ээ гэж хүсмээр байна.

-Төсвийг ирэх сарын 15-ны дотор батлах ёстой. Хугацаандаа баталж чадахгүй бол ямар хариуцлага хүлээдэг юм бэ?

-Төсвийг хугацаандаа батлахгүй бол УИХ тардаг гэсэн буруу ойлголт иргэдийн дунд гарсан байна. Үнэндээ тийм хууль байхгүй. Харин төсвийн тухай хуулиар бол төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой байдаг. УИХ тардаг процесс бол Үндсэн хуулийн 22-ын хоёрт заасан нийт гишүүний 2/3-оос нь доошгүй бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна гэж үзвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал болгосноор УИХ-ын олонх буюу 39 нь таръя гэвэл УИХ тардаг.

Гэхдээ төсвөө баталж дампуурлын байдалд орвол УИХ тарах хэрэгтэй л дээ. Уг нь УИХ Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийгээд өнөөгийн болохгүй байгаа, Үндсэн хуульд хүрээд гацаад байгаа нийгмийн тогтолцоо, болохгүй байгаа улс төрийн тогтолцоог Үндсэн хуульдаа хийгээд хугацаанаасаа өмнө тарчихвал бараг Монгол Улсад хэрэгтэй.

Эрх баригч хүчин дотроо учраа олохгүй, эрх барилцаж байгаа намууд нь учраа ололцохгүй, Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад суучихсан, хариуцлагын тогтолцоо байхгүй,УИХ-аас гардаг шийдвэр бодлого нь дандаа худлаа өдөр хоног өнгөрөөсөн, худлаа тоон дээр аргацаасан байдалтай яваад байгаа нь эргээд Монгол Улсын хувь заяа, Үндэсний аюулгүй байдалд маш том хохирол авчирч магадгүй. Тийм учраас УИХ Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцээд дараагийн парламентадаа эрхээ шилжүүлээд явах нь хамгийн зөв гарц юм. Үнэндээ энэ удаагийн төсөв хариуцлагагүйн дээд хариуцлагагүй төсөл.

-Тэгвэл сөрөг хүчнийхэн өөрсдөө УИХ- ын гишүүнээсээ татгалзчихвал УИХ тарах юм биш үү?

Сүүлийн үед МАН-ын гарын үсэг зурсан 26 гишүүн өөрсдөө гишүүнээсээ татгалзчихаач гээд байгаа юм. 26 хүн гишүүнээс татгалзчихвал эдгээр 26 гишүүний оронд шууд суучих хүн гараад л ирнэ. 26 хүн татгалзсанаар парламент тарахгүй л дээ. Хэрвээ тардаг юм бол МАН-ын 26 гишүүн парламентаас татгалзахад бэлэн байна. Одоо өвлийн хүйтэн улирал ирж гадаа цас орсон тул ажил их байна. Гэтэл энэ намрын чуулган эхэлснээс хойш сандал ширээ, сайд дарга нарын асуудал ярьсаар өнөөдрийг хүрлээ. Үнэндээ намрын чуулганаар ард түмний төлөө хэрэгтэй томоохон шийдвэр гарсангүй.