Энхбаяр.Ж 2008.10.23

Ж.Энхбаяр: Ашигт малтмалын хуулийг улстөржүүлэхгүй байх боломж бүрдсэн

-Таныг БНСУ яваад ирсэн гэж сонслоо. Анхны гадаад томилолт байв уу?

-Тиймээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд би орсон. Бид нийгэмд өгсөн амлалтаа биелүүлэх, хөгжлийн гол тулгуур болж буй уул уурхайн салбараа хөгжүүлэхийн тулд олон улсын туршлага, хууль эрх зүйг судалж, мэргэжлийн салбарынхан, эрдэмтэд, иргэний хөдөлгөөнийхний санал бодлыг сонсож байгаа юм. Энэ ажлаараа ажлын хэсгийн зарим гишүүн БНСУ яваад ирсэн. БНСУ-ын  11 консорциум  манай Ерөнхий сайдад “Тавантолгойн ордыг ашиглая, иж бүрнээр нь хөрөнгө оруулж босгоё” гэсэн санал тавьсан.
БНСУ-ын Засгийн газар, Конгресс, Ерөнхийлөгч, бизнесийн байгууллагуудын түвшинд ийм нэгдсэн шийдвэр гаргаж буйгаараа онцлог. “Корей ресурс” гээд гадаад дахь Солонгосын нөөц бүлгийг бүрдүүлэх үүрэгтэй төрийн байгууллага нь бодлогоо нэгтгээд явж буй юм билээ. БНСУ хүсэлтээ албан ёсны бодлого болгожээ гэсэн үг.

-БНСУ нэгдмэл шийдвэр гаргаж байгаа аж. Харин манайд энэ асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй улстөржиж хугацаа алдсаар байгаа. Зэсийн үнэ өндөр байхад уг хуулийг баталж, гэрээг боловсруулаагүйгээрээ бид буруудсан гэдэгтэй Та санал нийлэх үү?

-Зэсийн ханш өндөр байх үед уг хуулийн төслийг боловсруулсан. Тэр үед Монгол Улсын байр суурь өндөр, тиймээс ч стратегийн орддоо эзэмших хувиа өндөр тогтоож байлаа. Бас жагсаал, цуглаан ч их болсон. Гэтэл одоо зэсийн ханш  буурч, тэр үеийн үзэл санааг өөрчлөх хэрэгтэй байна. Тоглоомын дүрэм өөрчлөгдсөн. Алдагдсан боломжийн үнэ цэнэ гэж бий. Бид улстөржилт, хийрхлээс болоод тэр үед  асар их боломж, хэдэн тэрбум ам.доллар алдсан. Эдийн засгийн тийм сайхан боломжийг түлхээд явуулчихсан.
Зэсийн ханш унасан нөхцөлд яах вэ гэдгээ ажлын хэсгийнхэн ярьж байна. Энэ хуулийн төслийг бүх талаас нь маш сайн хэлэлцсэн юм билээ. Энэ хүрээнд нь дахин нэгтгэн шүүнэ. Хамтарсан  Засгийн газрын үр дүн үүн дээр л гарах ёстой. Тэгж чадахгүй бол уг эвсэл улс төрийн хувьд  утгагүй. Учир нь энэ бол улс төрийн хөгжлийн шийдвэрлэх түлхүүр хууль. БНСУ нутагтаа нэг кг төмрийн орд, коксны нүүрсгүй хэрнээ төмөр боловсруулалтаараа дэлхийд гуравт орсон улс болж чадсан байна. Тэдний нэрийн хуудас болсон аж үйлдвэрийн гол цогцолборт  бид очлоо. Анх тэдний улстөрчид нь эсэргүүцэж, “Ийм үйлдвэр барих нь үлгэр” гэж байсан юм шүү дээ. 

-Ашигт малтмалын тухай хуультай холбоотой дөрвөн ч төсөл бий. Заримынх нь хэлэлцэх эсэхийг шийдсэн, нэг төслийн анхны хэлэлцүүлгийг хийчихсэн байгаа. Үүнийг ажлын хэсгийнхэн нэгтгэнэ. Эндээс яг ямархуу төсөл боловсруулж байна вэ?

-Тухайн үеийн нөхцөл байдалд захирагдалгүйгээр, алсыг харсан, тогтвортой үзэл санаа боловсруулъя гэсэн зарчим барьж байна. Уналтын хөөрөлтөөр асуудалд хандахгүй байя гэсэн. Хатуу байр суурь барихаасаа илүү уян хатан байя. Тухайлбал, миний хувьд стратегийн орд газар дээр бие даасан хууль гаргах бодолтой.
Манай стратегийн томоохон ордууд зөвхөн Монголын биш  дэлхийн эрдэс баялгийн  үнийн бодлогод нөлөөлнө. Тиймээс зарим ордод буулт хийнэ, заримд нь хувиа өндөр тавина. Хуулиар шууд хатуу хувь заахгүй. Оюутолгойн тухайд ашиглах эрх нь л “Айвенхоу майнз”-д байгаа болохоос газар дорхи баялаг нь Монголын өмч. Тиймээс тэр бүхэнд өөр өөр бодлого барих нь зөв. Монгол Улсын  эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах  түлхүүр нь сратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордууд.

-“Айвенхоу майнз” компани хэвлэлээр “Монгол Улс хөрөнгө оруулагчдад нааштай хууль гаргана гэдэгт итгэж байна. Тэд төслөө ирэх сарын 15-нд УИХ-даа өргөн барих юм билээ” гэж мэдэгдсэн. Хуулийн төслийг тэр хугацаанд бэлэн болгож амжих юм уу?

-Ирэх сарын 15-ны дотор асуудлаа дуусгаад УИХ-д төслөө өргөн барья гэж зорьсон. Үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй процедурын болон бодлогын зарим санаагаа нэмж тусгана.

-Та түрүүн эдийн засгийн таатай нөхцөлд улс төрийн хийрхлээс болж цаг алдсан гэж хэлсэн. Одоо бас л өнөөх улс төр саад болж, ажил хойш татах юм биш биз?

-Ажлын хэсгийн гишүүд хуулийг яаралтай батлах хэрэгтэйг ойлгож байгаа. Ханшийн уналт болж, эдийн засаг хямарч буй энэ үед бид харьцангуйгаар дарамт багатай, чөлөөтэй  ажиллах боломж бүрдэж байна. Зэсийн ханш өндөр байх үед гадна, дотны сонирхол, улстөржилт их байсан. Одоо бол харьцангуй эрүүл нөхцөлд,  улстөржихгүй шийдвэр гаргах боломж байна. Тэгээд ч бид их сургамж авлаа. Энэ оны улсын төсөлд Оюутолгойн ордыг ашиглаад орлого олохоор тусгасан байлаа шүү дээ.

-Улсын төсөвт ашиглаж эхлээгүй байгаа ордоос орлого олохоор тусгасан алдаагаа ирэх онд давтахгүй гэдгээ Сангийн сайд хэлж байна лээ. 2009 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Тийм байж чадаж байна уу?

-Эдийн  засгийн их боломжийг бид дутуу ашигласан. Тиймээс ч ирэх онд “бүсээ чангалах”  төсөв хийж байна. Энэ онд 573 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан бол ирэх онд хэцүү болно. Орлого 2-3 дахин буурна. Хүссэн, хүсээгүй бүсээ чангална. 2009 оны төсөв их ухаарал өгөх байх. Эдийн засгийн уналт  монголчуудад “Юм өөр болдог”  гэх ухаарал өглөө.

-Та УМХГ-ын дэд даргаар ажиллаж байсан хүн.  Одоо яам, агентлагуудын бүтцийг өөрчлөх талаар ярьж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагыг харьяаллаар нь яамдад салган байршуулах яриа бий. Таныхаар энэ зөв алхам мөн үү?

-Монгол төрийн нүд хурц, чих сонор байх учиртай. Энэ үүргийг мэргэжлийн хяналтын байгууллага биелүүлж чадна. Учир нь цагдаа, цэргээс илүү иргэн, эдийн засгийн харилцаа голлож байна. Мэргэжлийн хяналтын байгууллага салбарын яамдад ажилладаг байсныг нэгтгээд таван жил боллоо. Хэрэглэгчийн эрх ашгийг энэ байгууллага л хамгаалдаг. УМХГ 300 гаруй салбарыг хянадаг.
Үүнээс 40 орчим хувийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлэх боломжтой. Тэд стандартаа тогтоож,  хянаад явчихна. Одооных шиг салбарын асуудалд төр хэт гүнзгий орохгүй болно. УИХ гаргаж буй хууль дүрэм, Засгийн газрын үйл ажиллагааг хянахын тулд мэргэжлийн хяналтын салбарыг бие даалгах, эсвэл УИХ-ын дэргэдэх байгууллага болгох боломжтой.
Одоо буцаагаад салбарын яамдад нь харьяалуулах санал хүсэлт, бизнесийн сонирхол гарч л байна.

-Өмнөх Засгийн газрын үед Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын албан тушаалыг цомхотгосон. Мөн бүтцийн нэлээд өөрчлөлтийг уг байгууллагад хийсэн. Та тэр үед УМХГ-ыг удирдаж байсан хүний хувьд үүнийг хэрхэн үздэг вэ?

-Энэ бүтцийн өөрчлөлтөд би сэтгэл их дундуур байдаг. Улс төрийн хөөрөлд автагдаж бүтцийг өөрчлөхдөө дутуу хандсан, бодлогын алдаа гаргасан. Өөрчлөлт хийх ёстой байсан уу, байсан. Гэвч төвийн гол хүчийг сааруулсан. Одоо Монгол улсын хэмжээнд 4000 гаруй ашигт малтмалын лицензийг гуравхан байцаагч л хянаж байна шүү дээ. Бүх салбарт хэлбэр төдий өөрчлөлт хийснээс бодлогын алдаа гаргасан. Үүнийг бэхжүүлэхийн төлөө би ажиллана. Энэ бол байгууллагын биш, улс орны эрх ашгийн асуудал.

-Танай аав Жадамбаа Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Улс төрд хөл тавихад аавын нөлөө их байсан уу?

-Ер нь аав минь улс төрд намайг хөтөлсөн гэж болно. 1996 онд аав минь өөд болсны дараа би үйл хэргийг нь залгамжлах гэж улс төрд орсон, МАХН-д элссэн. Аав маань Монгол Улсын үндэсний эрх ашгийн төлөө ажилладаг, энгийн хүн байлаа. 

-Та өмнө нь Өмнөговь аймгаас хоёр удаа анхан шатны байгууллагаас УИХ-д нэр дэвшихээр тодорсон гэсэн. Тэнд боломж байсан ч аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд нутгаас нь нэр дэвшихийг илүүд үзсэн хэрэг үү?

-Говь-Алтай аймаг маань улстөрч, дарга ихтэй байсан. Тэгээд хувь тохиолоор Өмнөговь аймгийн квот дээр намын бага хурлын гишүүн болсон юм. Тэнд нэг ч найз, ах дүү байгаагүй.  Бас 1996 онд МАХН  Өмнөговь аймагт УИХ-ын суудлаа алдчихсан байлаа. Тэндээ  сайн ажилласан. Үүнийг минь үнэлж намын хороо, ард түмэн намайг 2000, 2004 онд УИХ-д нэр дэвшүүлж байлаа. Тэд улс төрд оруулахад тууштай дэмжсэнд талархаж явдаг. Гэхдээ тухайн үед “Би болоогүй” гэж бодоод нэрээ татсан.
Суралцъя, төрийн байгууллагад ажиллаж туршлагатай болъё гэж бодсон. Тэр нь ч зөв болсон. Би зургаан жил гаалийн, гурван жил мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа. Ялангуяа УМХГ-т байхдаа Монгол Улсад мөрдөгдөж буй бүх л хууль тогтоомж, дүрэм, эрх зүйн актад хяналт тавьж ажилласан.  Тиймээс бүх салбарын талаар сайн мэдээлэл, мэдлэгтэй болсон. Мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олноосоо их зүйл сурсан. Найман жилийн хугацаанд УИХ дээр олон ч удаа дуудагдаж, “байцаалгасан”. Төрийн бүтцээ ойлгочихсон байлаа. Тэгээд л одоо аавынхаа нутгаас нэр дэвшье, үзээд алдъя  гэж бодсон.

-Цаг нь болсон гэж үзсэн юм биз дээ?

-Олон түмний хүсэлт байсан. Манай Говь-Алтайд 360 хүн нэр дэвшсэн юм билээ. Би 67 хувийн буюу хамгийн өндөр санал авсан. Зарим сум, багийн иргэд надад 90-ээс дээш хувийн санал өгсөн. Аавыг минь их хүндэлдэг хүмүүс. Энд бас нэг юм хэлмээр байна. 1996 онд аавыг минь өөд болсны дараа надад гараа сунгасан цөөн хүний нэг нь Ц.Балдорж эрхлэгч байсан. Намайг хүүхэд гэж гололгүй, амьдрал зааж сургасан. Амьдралын шийдвэр гаргахад минь нөлөөлсөн. Нийгмээ мэдэрч чаддаг тийм хүмүүс ховор. Толгойд минь их юм хийж өгсөн учраас Бал эрхлэгчдээ баярлаж явдаг.

-Төрийн байгууллагад олон жил ажиллаж бэлтгэгдсэн залуу гишүүндээ МАХН сайдын суудал санал болгосон уу?

-Үгүй ээ. Ах нар маань болог. Би арай болоогүй. УИХ-д шинэ сэтгэлгээ, шинэ өнгө оруулахыг л зорьж байна.

-Та төрийн албанд тодорхой хугацаанд ажилласан учир шинэ гишүүний “зовлон”-гоос холуур байгаа гэсэн үг үү?

-Шинэ гишүүдийн амсдаг бэрхшээлээс хол байгаа шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.