2009.05.04

Ж.Энхбаяр: Монгол Улс авдгаа авч, үүргээ хүлээсэн

"Бороо гоулд" болон ажилтнуудын хооронд үүсээд буй асуудлын талаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.

-Ажлын хэсгийн зүгээс тус компанид ямар нэгэн шалгалт хийсэн үү?

-УИХ-аас томилсон ажлын хэсэг нь тус компанийн дотоод ажил болон хоорондын хөдөлмөрийн гэрээг шалгах асуудалд анхаарал тавих үүрэггүй. Харин нөхөн сэргээлтийг ямар түвшинд хийсэн, үйлдвэрлэлийн технологи нь байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг шалгах үүрэгтэй.


Хамгийн гол нь гэрээний хэрэгжих хугацаа үндсэндээ дуусч байгаа. Тиймээс манай ажлын хэсгийнхэн гэрээний үр дүн ямар байгааг тодруулна. Хамгийн гол нь байгаль орчин талаасаа ямар хохирол гарсан эсэхийг тодруулах үүрэгтэй ажиллаж байна. Учир нь энэ компани манай зарим аж ахуйн нэгжтэй хамтран Гачууртын алтны бүлэг ордыг яг энэ технологиороо ашиглахаар ярилцаж байгаа юм билээ. Тиймээс "Бороо гоулд"-ыг шалгах ажлын хэсэгт холбогдох яамд, мэргэжлийн байгууллага ажиллах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ тус компани дотроо зөрчилтэй байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс ийм асуудалтай байгаа үед УИХ-аас томилсон ажлын хэсэг тус газар очих нь зөв үү буруу юу гэдэг бэрх юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан асуудал улс төрийн өнгө аястай болчих вий гэсэн зовнил байгааг нуухгүй.

-"Бороо гоулд"-ын ажилтнууд болон компани хооронд нөхөн олговрын асуудал хөндөгдөж байна. Уг асуудлыг хэн шийдвэрлэж, зохицуулах үүрэгтэй вэ?

-Нэг талаасаа ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан хамт олон, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооных нь хоорондын тохироо, зохицуулах асуудал юм. Түүнээс биш тухайн аж ахуйн нэгжийн орлого, зарлагад Монголын төр анхаарал хандуулж, хуулийн дагуу татвараа л авчихсан хэрэг. Хэрвээ энэ асуудлыг улс төр талаас нь өндийвөл Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед тогтвортой байдлын гэрээ байгуулж, засаг үүрэг хүлээсэн нь үнэн. Үүнийг бүгд л мэдэж байгаа. Тиймээс нэгэнт болоод өнгөрсөн асуудлыг хууль эрх зүйн талаас нь өөрчлөх аргагүй юм. Тэгээд ч Монгол Улс авдгаа авч, хүлээдэг үүргээ хүлээсэн.

-Уг нь гэрээг 15 жилийн хугацаатай хийсэн боловч бодит байдал дээр тус компани таван жилийн хугацаанд асуудлыг дуусгалаа. Тэгэхээр ажилтнууд болон компанийн хооронд хэдэн жилийн гэрээ хийсэн юм бол. Гэрээний хугацаа дуусаагүй байхад иймэрхүү асуудал үүсч байгаад хэн хяналт тавих ёстой вэ?

-Хөдөлмөрийн гэрээг хэрхэн хийх нь тухайн байгууллагын дотоод асуудал. Энэ талаар би сайн мэдэхгүй байна.

-Компанийн эзэд энэ асуудлаас болоод эх орон руугаа зугтаж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр шуугих боллоо. Танд энэ тухай мэдээлэл бий юу?

-Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл хэн ч гэсэн гараад л явна. Гэхдээ асуудлыг зөв талаас нь ярихаасаа илүүтэй улс төржүүлээд байна. Уг нь бид өөрсдөө л Монголд ирж хөрөнгө оруулаач хэмээн гуйдаг шүү дээ. Тодруулбал, манай газрын баялгийг ашиглаад өгөөч, бид татвараа авъя, ажлын байраа нэмэгдүүлье гэсэн асуудал тавьдаг. Харин энэ удаа бүгдийг хөөж зайлуулаад, эд хөрөнгийг нь хураая гэж ярьж байх шив.

-Өмнө нь УИХ-аас ийм ажлын хэсэг гарч, байгаль орчинд нөхөн сэргээлт хийсэн эсэхэд шалгалт хийж байсан уу?

-Монгол Улсад цианит натриар баяжуулалт хийж байгаа том ордынх нь хувьд холбогдох байгууллагуудаас шалгаж байсан. Технологийн хувьд боломжийн төвшинд ашиглаж байгаа гэж үздэг. Гэхдээ эцсийн дүнд технологи нь зөв хэрэгжсэн байна уу гэдгийг шалгах нь зүйтэй юм.

-"Бороо гоулд"-ын хувьд алтны үндсэн ордыг ашиглаад дууслаа. Гэвч бидэнд наалдсан юм байдаггүй?

-Бид Оюутолгой гэрээний төслийг хэрэгжүүлнэ. Харин өнгөрсөн нэг жишээ нь энэ орд болно. Бид энэ ордыг ашиглуулсны дүнд юу хожиж, юу алдав, орон нутагт ямар өгөөжтэй байв, төсөвт хэдэн төгрөг оров, ажлын байр хэр нэмэгдэв, байгаль орчинд ямар нөлөө үзүүлсэн гэдгээ мэдэх болно. Тухайн үед бид тогтвортой байдлын гэрээгээ мэдрэмжгүй үед буюу эдийн засгийн үнийн өсөлтийн өмнө хийсэн. Харин одоо бол манай ажлын хэсгээс гарсан дүгнэлт чухал байх болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.