О.Баасанхүү: Улс төрийн өөр сонголт хийж магадгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.11.13

О.Баасанхүү: Улс төрийн өөр сонголт хийж магадгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Дараагийн Засгийн газрыг байгуулах асуудлаар АН-ынхан бусад намуудтай зөвшилцөхөөр болж байна. Үүнээс үүдэлтэйгээр “Үндэсний эв нэгдлийн” Засгийн газар байгуулагдах уу гэх хүлээлт байна. Та УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? 

Засгийн газар огцорсон асуудал дээр би хоёр байр суурьтай байгаа. Нэгдүгээрт, олонхийн саналаар Засгийн газар огцорсон. Өөрөөр хэлбэл, УИХ олонхиороо Ерөнхий сайдыг огцруулсан. Тийм учраас Засгийн газар ч бас огцорлоо. Хамгийн гол энэ үйл явцыг хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөд байна.

Үндсэн хуулийн 40, 43 дугаар зүйл дээр байдаг. “Засгийн газар огцорсон тохиолдолд дараагийн Засгийн газар томилогдтол өмнөх Засгийн газар үүргээ гүйцэтгэнэ” гэсэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар лав харахад гүйцэтгэх засаглал бүрэн байхгүй болчихлоо. Энэ асуудал, энэ хариуцлагыг заавал тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг хууль бусаар авчихсан юм шиг байдал үүсчихээд байна.

Тиймээс энэ асуудлыг шийдэх ёстой. Хоёрдугаарт, хуулийн дагуу эрх баригчид дараагийн Ерөнхий сайдыг 15 хоногийн дотор оруулж ирэх ёстой. Ардчилсан нам тодорхой хурал хийж байна, хэвлэл мэдээллээр мэдээлж байна.

Хэвлэл мэдээллээр “Нийт намуудад зөвшилцөх урилга өгнө. Тэгээд санал нийлсэн намуудтайгаа хамтарна” гэж байх шиг байна. Би 2008-2012 оны УИХ-ын бүтцийг шүүмжилдэг байсан. “МАНАН”-гийн бүтэц. МАН болон АН нийлсэн бүтцийг хэлээд байгаа юм шиг. МАН-д байгаа олигархи, АН-д байгаа олигархиудтай нийлээд төсвийг хяналтгүйгээр идэж, ууж, зарцуулсныг бид буруутгадаг.

Тэр үед хяналтгүй төсвийг урсгаж байсны гор өнөөдөр царцаасан барилгууд гээд гараад ирчихсэн байж байна шүү дээ. Тэгээд 2012 он гэхэд үндсэндээ төсвийг улайлгачихсан байсан. Үүнийгээ нөхөхийн тулд бонд гаргаад, өр тавиад л явж байна. Одоо ч гэсэн тухайн үед гарсан алдаануудыг засах гээд л явж байна шүү дээ.

Ийм байхад дахиад МАНАН байгуулах тухай ярьж болохгүй. Дахиад л хяналтгүй болно. Ард түмэн сонголтоо хийхдээ энэ парламентыг сөрөг хүчинтэй бай гэсэн. Тийм байхад бид зөвшилцөж байгаа нэрээр “МАНАН” байгуулж, ард түмний сонголтыг үл хүндэтгэж болохгүй. Энэ тал дээр би улс төрийн хатуу байр сууь илэрхийлэх болно.

-Гэхдээ эцсийн шийдвэрийг намууд зөвшилцөөд л гаргана шүү дээ. Таны байр суурь тэнд хэр зэрэг нөлөөтэй байх бол?

Би бол МАХН-ыг төлөөлөх эрх бүхий хүн биш. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд л байр сууриа илэрхийлж байна. МАХН гүйцэтгэх товчоо болон бага чуулганаараа МАН, АН, МАХН-тай хамтаръя гэх юм бол би тэрний эсрэг байр суурьтай байх болно. Магадгүй үүнээс болоод улс төрийн өөр сонголт ч хийж болзошгүй. Манай нам ийм болчимгүй үйлдэл битгий хийгээсэй гэсэн бодлоор л би хэлж байгаа юм.

-Улс төрийн өөр сонголт гэдгийг тодруулахгүй юу?

Жишээлбэл, нам, байгууллагынхаа гүйцэтгэх товчооны шийдвэрийг дагахгүй гэж хэлж байгаа хүн бол тэр намтай хамтрах боломжгүй л гэсэн үг. Өнөөдөр улс төрийн соёл гэдэг зүйл үнэхээр дутагдаж байна.

Улс төрийг нэг тоглоом гэж тооцвол нэгдүгээрт дүрмийн дагуу, хоёрдугаарт соёлтой тоглох ёстой. Тэрнээс биш ард түмнийг тэнэг гэж тооцоод, эрээ цээргүй, бүдүүлэг, хэт түрэмгийлсэн тоглолт хийж болохгүй. Тэрнийг ард түмэн тэвчихгүй. Тэгэхээр би ард түмэнтэйгээ хамт байхыг л хүсэж байна. Яагаад гэвэл би ард түмний л нэг хэсэг.

-“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэвлэлд ярилцлага өгөхдөө “Аль болох эхэлсэн ажлаа дуусгах байр суурьтай байгаа. Гэхдээ АН-аас ирүүлэх саналыг харгалзана” гэсэн байсан?
Өнөөдөр улс төрийн соёл гэдэг зүйл үнэхээр дутагдаж байна.

Олонхи ямар ч байсан өөрсдийнхөөрөө шийдээд л явах байх. “Шударга ёс” эвсэл байна уу, өөр ямар нам байна, түүнтэй нь хамтраад явах байх. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд өөрийнхөө санаа бодол, хууль дүрмийг л ярьж байгаа юм. МАХН, МҮАН эсвэл МАН-ын аль нэг нь заавал сөрөг хүчин байх ёстой.

Ард түмэн тийм л сонголт хийсэн. Тэгэхээр би ард түмэн сонголтоо хийсэн байхад хяналтыг хийхийн тулд эрх баригч байж болохгүй л гэж байгаа юм. Би сая эрх баригч намын дотор ороод ажилласан. Тэр үед нөгөө хяналт тавих ёстой Ардын нам хяналтаа хийж чадахгүй, харин ч бүр хуйвалдаад байсан учраас би аргагүй эрхэнд хяналтын үүргийг гүйцэтгэж байлаа.

Та бүхэн мэдэж байгаа. Хууль зүйн салбар дампуурчихсан байгааг Ардын намынхан харсан хэрнээ хараагүй царайлаад л сууж байсан. Энэ барилгын салбар ямар болчихоод байна вэ. Ер нь ний нуугүй хэлэхэд, Ардын намынхан сүүлийн хоёр жилийн хугацаанд ажил хэрэгч ямар ч санал гаргаагүй. “Яг ийм ажил хэрэгч, ийм санал тавьсан, үүнийг маань хэлэлцээгүй, ингэсэн бол” гэх зүйл нэг ч байхгүй.

Нэг ч УИХ-ын ажил хэрэгч тогтоолын төсөл гаргаж тавиагүй. Сая Ерөнхий сайдыг ч бас эд нар ажил хэрэгч саналаар огцруулаагүй.

-Гэхдээ л УИХ дэмжчихсэн шүү дээ? 

Надаас жишээ нь Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй юу гэвэл би тийм л гэж хариулна. Гэхдээ тэр үед би эсрэг кноп дарсан. Яагаад гэвэл Ардын намаас огцруулах асуудлаар оруулж ирсэн бичиг нь өөрөө хууль зөрччихсөн байсан.

Үндсэндээ энд тэндэхийн хэвлэлийн хурлыг харж байгаад л “огцруулъя” гэж шийдээд оруулж ирсэн байгаа юм. Монгол төрийн дархлаа гэдэг бол эрх мэдэлтэй байх дархлаа биш. Харин бүх зүйл хуулийн дагуу хийгддэг байхын төлөөх дархлаа юм. Мэдээж МАХН эрх баригчаар ороод, ажлаа дуусгавал сайн. Үгүй гэвэл сөрөг хүчнээр л явах хэрэгтэй.

Түүнээс биш нэг хоёр хүнийг ажилтай байлгах, гоё харагдуулахын тулд гэвэл тийм зүйл байж болохгүй. Ард түмэн нэгийг нь хяналт тавь, нөгөөг нь ажлаа хийлгэе л гэж сонгосон. Гэтэл бүгдээрээ ажлаа хийх гээд байж болохгүй биз дээ.

Хэчнээн сайн ажилласан ч гэсэн алдаа гардаг. Хяналтын систем байж гэмээн алдааг нь засаж, улам сайн ажиллуулна. Би МАН гэдэг намыг үзэн ядсандаа ч биш. Бид нэг угшилтай намын хувьд хэлж байна. Ардын нам, МАХН хоёрын нэг нь заавал хяналт тавьж байж, энэ төр засгийг ажилтай байлгах ёстой. 

-Та дараагийн Ерөнхий сайдын талаар ямар бодолтой байна вэ. АН-ын бүлэг Р.Амаржаргалыг дэмжчихлээ?

Бүлэг нь Р.Амаржаргалыг дэмжлээ л гэж байна. Бас Ч.Сайханбилэг л гэж байна. Би хувь хүний тухай яримааргүй байна. Гэхдээ хоёр жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Бид хоёр жил гаруй хугацаанд засагт ороод ажиллачихсан намын хувьд 2016 онд Засгийн газрын үйл ажиллагаандаа дүн тавиулна. Тэр дүнгийнх нь 75 хувийн үнэлгээг АН авах байх.

Үндсэндээ энд тэндэхийн хэвлэлийн хурлыг харж байгаад л “огцруулъя” гэж шийдээд оруулж ирсэн байгаа юм.

Харин 25 хувийнх нь үнэлгээр “Шударга ёс” эвсэл авах байх. Тэгэхээр тэр 25 хувьдаа бид хэлэх үгтэй, хийсэн ажилтай, хариуцсан салбар болгондоо нэр хүндтэй л байх хэрэгтэй. Өөрчилье гэвэл шүүмжлэлийг өөрөөсөө л эхлэх ёстой.

Тийм ч учраас би намынхныгаа үргэлж шүүмжилдэг. Тэрний адилаар одоогийн сайд болох гэж байгаа хэн ч байсан өөрөөсөө шүүмжлэлээ эхлээсэй гэж бодож байна. Тэрнээс биш өмнөх засаг тийм, ийм байсан гэж яриад хэрэггүй.