АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.11.13

АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт АНУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Пайпер Кэмбэлл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.11.13 / хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Д.Батцогт төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр мэдээлэлдээ, Монгол Улсад 2013 оны байдлаар 96,325 буюу нийт хүн амын 3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн статистик мэдээлэл байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь нийгмийн халамж, хамгааллын чухал асуудал бөгөөд Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогын төвд байдаг. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 45.8 хувь нь эмэгтэй, 53 хувь нь эрэгтэй, 2 хувь нь 16-аас доош насны хүүхэд байна. Тэдний 33 хувь нь төрөлхийн, 67 хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Хэлбэрээр нь авч үзвэл 24.6 хувь нь хөдөлгөөний, 16 хувь нь оюун санааны, 13 хувь нь сонсгол хэл ярианы, 13.5 хувь нь харааны, 39.3 хувь нь хавсарсан ба бусад хэлбэрийн өөрчлөлттэй байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусган баталгаажуулсан хэдий ч харамсалтай нь хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилт хангалтгүй, түүнд тавих хяналт сул, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох эрхүүд нь хязгаарлагдмал, тэдэнтэй ажиллах боловсон хүчний нөөц дутмаг, дэд бүтэц орчин нөхцөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрэлт, хэрэгцээг хангаагүй, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлж байгаа тодорхойлолт, аргачлал хоорондоо зөрүүтэй явж ирсэн гэдгийг дуулгасан юм.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг нар оролцож өөрсдийн санал бодлоо хуваалцав

 Хатагтай Пайпер Кэмбэлл УИХ-ын гишүүдийг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд хамт ирсэн төлөөлөгчдөө танилцуулсан юм. Түүнтэй хамт 40 гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчинг сайжруулхаар ажилласан ноён Жон Уодач хүрэлцэн ирсэн байлаа.

Тэрээр манай улсад хэрэгжих Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн төслийн боловсруулалтад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байгаа юм. Ноён Жон Уодач хэлэхдээ, та бүхэн энэ чухал асуудалд анхаарлаа хандуулан маш их ажил хийх хүсэл эрмэлзэлтэй байгаад баяртай байна. Боловсруулж байгаа хуулийн төсөл маш сайн төсөл болж байна.

Иж бүрэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг бүрэн тусгасан хууль болохоор байна. Хуулийн төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн гишүүд АНУ энэ хуулийг боловсруулахдаа юун дээр алдсан, юун дээр оносон талаарх туршлагыг биднээс аваасай хэмээн хүсч байна гэлээ.

 Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг нар оролцож өөрсдийн санал бодлоо хуваалцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.