Мэндчилгээ
Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Орших
2014.11.21

Мэндчилгээ

Санхүүгийн онцгой нэгэн үйлчилгээ болох даатгалын ач холбогдлыг ухамсарлан ойлгож, энэхүү бизнесийн хөгжлийг байнга дэмжиж ирсэн Монголын мянга мянга даатгуулагчид, хамтран ажилладаг түншүүд Та бүхэнд болон даатгалын салбарын нийт ажилтнууд, ачааны хүндийг үүрч ирсэн үе үеийн ахмадууддаа Монгол Улсад арилжааны даатгал үүсэж хөгжсөний 80 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье.

1934 онд тухайн үеийн төр засгийн зүгээс нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдцыг дэмжих, гамшиг ослыг даван гэтлэх сан хөрөнгийг хамтын хүчээр төвлөрүүлэх, тохиолдож болох эрсдэлээс хамгаалахын ач холбогдлыг харгалзан үзэж даатгалын анхны байгууллагын суурийг тавьснаас хойш 80 жилийн баялаг түүхийг Та бид хамтран бүтээлцжээ.

Ард иргэд, даатгуулагч олон түмэн даатгалын ач холбогдлыг богино хугацаанд ойлгон, ахуй амьдралын олон эрсдлээс хамгаалах “шүхэр” болж чадна гэдэгт итгэсэн нь даатгалын салбар хөл дээрээ баттай өндийн босох тэр нөхцлийг бүрдүүлсэн билээ.

Социалист нийгмийн жилүүдэд ч, зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд ч даатгалын салбар дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, олон улсын зах зээл дээр борлогддог даатгалын ихэнх бүтээгдэхүүн үйлчилгээг эх орондоо нутагшуулснаар ард түмнийхээ итгэлийг хүлээсэн санхүүгийн нэгэн чухал салбар болон хөгжсөн юм.

Чухамхүү даатгал л “гэрлэлтийн даатгал", “тэтгэврийн даатгал” зэрэг бүтээгдэхүүнээр дамжуулан анхны урт хугацаат санхүүгийн хуримтлалын үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлж байсныг ахмадууд одоо хүртэл дурсан ярьдаг билээ.

Өнөөдөр Монголын даатгалын салбарт 17 даатгалын компани, 24 зуучлагч компани, 17 хохирол үнэлгээний компани, 15 актуарч, 3400 төлөөлөгч үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийтдээ 4000 гаруй хүн ажиллаж байна.

Даатгалын салбарын нийт хөрөнгө 2013 онд 126,4 тэрбум төгрөг, хураамжийн орлого 93,9 тэрбум төгрөгт тус тус хүрсэн нь Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 0,5 хувьтай тэнцэж байгаа нь цаашдын хөгжлийн асар их боломж буйг илтгэж байна.

Даатгалын салбарын нийт хөрөнгө 2013 онд 126,4 тэрбум төгрөг, хураамжийн орлого 93,9 тэрбум төгрөгт тус тус хүрсэн

Даатгалын компаниудын нөөцийн сан 2013 онд 57,3 тэрбум төгрөг, даатгуулагчдад төлсөн нөхөн төлбөрийн хэмжээ 26,5 тэрбум төгрөгт хүрсэн нь даатгалын салбар гарсан эрсдлийг хуваалцдаг, хурдацтай хөгжлийг дэмжиж чаддаг болжээ. Даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрсдэл өндөртэй үйл ажиллагааг даатгалд хамруулах талаар төр засгийн зүгээс ч шат дараатай олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бодитой үр дүнгээ өгч байгааг энд зориуд дурдах ёстой.

Монгол Улсын хөгжлийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулахад эрсдэлийн удирдлагын үйлчилгээг хөгжүүлэх, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулах, хамралт хүртээмжийг нэмэгдүүлэх замаар өөрсдийн хувь нэмрийг оруулах үүрэг даатгалын салбарт оногдож байгааг энэ салбарын хамт олон бид гүнээ ухамсарлаж байна.

Цаашид бидний зүгээс ард иргэдэд даатгалын мөн чанар, ач холбогдлыг ойлгуулах чиглэлээр өргөн хүрээтэй сургалт, сурталчилгаа явуулах, даатгуулах болон даатгалын нөхөн төлбөр олгоход цахим систем ашиглаж эхэлснээр үйлчилгээний чанар хүртээмжийг улам сайжруулах, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, бусад орны шилдэг туршлага, ололтыг бүтээлчээр авч хэрэгжүүлэх зэрэг олон зорилтыг шийдвэрлэх болно.

80 жилийн баялаг түүхтэй, цаашдын хөгжлийн сайхан ирээдүйтэй Монголын даатгалын салбар түмэн олныхоо итгэлийг дааж, төр засгийнхаа бодлогыг дэмжиж ажиллахаа илэрхийлж байна.

 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

           Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Орших