А.Бакей: Асуудлыг хурдан шуурхай хэлэлцээд, цаашаа явах ёстой
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2014.11.21

А.Бакей: Асуудлыг хурдан шуурхай хэлэлцээд, цаашаа явах ёстой

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Үүсээд байгаа нөхцөл байдалд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд ямар дүгнэлт хийж байна?

-Шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудлаар улстөрийн намууд зөвшилцөнө гэдэг нь тухайн асуудлаар санал солилцох, саналыг нь авах тухай л хэлж байгаа юм. Тэр нь заавал эерэг дүнтэй гарах албагүй. Эсэргүүцсэн, сөрөг утгатай хариу ч ирж болно. МАН- ын зүгээс Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдэг хариугаа ирүүлсэн нь мөн чанартаа зөвшилцөлд орж л байгаа хэрэг юм.

-«Шударга ёс» эвсэл болон ИЗНН-ын зүгээс Ч.Сайханбилэгийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингэхээр  Төрийн байгуулалтын байнгын хороогоор тухайн асуудлыг оруулж хэлэлцээд, цааш нь УИХ-ын нэгдсэн чуулганд оруулах зам нээлттэй гэж ойлгож болох уу?

-УИХ-д  суудалтай дээрх хоёр субьект Ч.Сайханбилэгийг дэмжсэн учир удахгүй АН-ын бүлэг дахин хуралдана. АН-ынбүлгээс гарах үр дүнг харж байгаад үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах болов уу. Тэндээс уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганд оруулах эсэх нь тодорхой болно.

-Олон жилийн өмнө Ерөнхий сайдад нэр дэвшигч Да. Ганболдыг Ерөнхийлөгч асан Н.Багабанди долоон удаа буцааж байсан базаахгүй түүх бий. Тэр явдал давтагдахгүй гэсэн баталгаа байна уу?

-Энийг би яаж хэлж мэдэх вэ. Унах, унахгүйг тааж хэлж болохгүй шүү дээ. Ямар ч гэсэн асуудлыг хурдан шуурхай хэлэлцээд, цаашаа явах ёстой. Ч.Сайханбилэгийн  асуудлаар ямар үр дүн гарахыг одоо хэлэхэд дэндүү эрт байна.