Ц.Даваасүрэн: МАНАН байгуулбал бид сөрөг хүчин болж ажиллана
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2014.11.25

Ц.Даваасүрэн: МАНАН байгуулбал бид сөрөг хүчин болж ажиллана

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Бие даагч гишүүд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болохыг дэмжсэн. Энэ нь шинэ Засгийн газарт хамтарна гэсэн үг үү? 

Цаг хугацаа үнэ цэнэтэй учраас хэн ч байсан дэмжих байсан. Шинээр байгуулсан гурван яам төсөв мөнгөгүй, ажил нь зогсонги байдалд орчихсон байна. Тиймээс яаралтай Ерөнхий сайдыг томилох нь зүйтэй гэж бид үзсэн.

Хэрвээ МАН, АН-тай хамтарч Засгийн газар байгуулвал хяналтын чиг үүрэг нь алдагдах аюултай. Энэ тохиолдолд бие даагчид хяналтын чиг үүргийг хадгалах үүрэг бидэнд бий. Ард түмний төлөөлөл болсон бие даагчид хэрвээ МАНАН үүсэх юм бол сөрөг хүчний чиг үүргийг гүйцэтгэнэ.

Одоогоор шинэ Ерөнхий сайд улс төрийн намуудтай зөвшилцөөд явж байгаа байх. Бидний МАНАН-ын эсрэг хяналт тавих байр суурь хэвээрээ байгаа. Шинэ Засгийн газар ямар бүтцээр явах нь одоо тодорхойгүй байна. 

-Шинэ Засгийн газрын бүтцийн талаар танд ямар нэгэн мэдээлэл байна уу? 

Ер нь яамдын тоог нэмэгдүүлэх шаардлагагүй. Аль болох цомхон байх талаас нь бүх арга хэмжээг авах ёстой. Гэхдээ Эдийн засгийн хөгжлийн яам өнөөдрийн нөхцөл байдалд маш их хэрэгтэй Өнөөдрийн замбараагүй байдлын углуургыг энэ яамаар дамжуулж шийдэж болно.

Дунд хугацааны бодлого төлөвлөлтгүй байгаа нь эргээд үрэлгэн, дуусдаггүй, төсвийн чанаргүй хөрөнгө оруулалтыг бий болгодог. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яамыг дахин байгуулах санал гаргавал би хувьдаа дэмжинэ.

Хөрөнгө оруулалтын зардлыг ашигтай болгоё гэвэл Засгийн газарт зайлшгүй бодлого төлөвлөлт хэрэгтэй. Нэг агентлаг, яаманд жаахан хөдөлгөөн орох юм бол ирэх оны төсвийн төсөлд тодотгол хийх шаардлагатай болно. Ялангуяа яам, агентлагийн тоо нэмэгдвэл төсөв байхгүй. Одоогийн байгаа бүтцээрээ ажилласан нь дээр. Тэгэхгүй гэвэл тодотгол хийх шаардлагатай болно. 

-Өрийн удирдлагын тухай хуульд та ямар байр суурьтай байна вэ? 

Монголчуудад өнөөдрийн тул гар сан хямрал мөнхийн зүйл биш. Энэ хямралаас гарахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Эдийн засгийн хямралыг эцсийн дүндээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нуруундаа үүрч гарна.

Тиймээс аж ахуйн нэгжээ орлоготой, ажилтай байлгахын төлөө зээл тавих шаардлага үүсч магадгүй. Нөгөө талдаа импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан төслүүдийг дэмжих хэрэгтэй. Одооноос эхлээд өр төлөх механизмаа тодорхой болгомоор байна.

Жишээ нь, уул уурхайн нэг орддоо гадаадын оператор компанийг тавиад зээл төлөх тусгай сан байгуулж, тэндээс олсон орлогоо зөвхөн зээл төлөхөд хуримтлуулдаг байх санал гаргасан. Өрийн талаар тооцоотой байж, өрийн удирдлагаа сайжруулахад хямралыг давахад тодорхой хэмжээгээр нөлөөлөхийг бид үгүйсгэхгүй.