А.Бакей: Сайд болох санал ирвэл хүлээж авна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2014.11.25

А.Бакей: Сайд болох санал ирвэл хүлээж авна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газраа байгуулах ажилдаа орж байна. Засгийн газрыг эмхлэн байгуулах хугацааг хуульд яаж заасан байдаг юм бэ?

-Шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газрыг бүрдүүлж, хамтран ажиллах саналаа парламентад суудалтай нам, эвслийн бүлгүүдэд илгээх ёстой. Үүний дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ саналаа нам, эвслийн бүлгүүдэд илгээсэн байна.

Нам, эвслийн бүлгүүд тав хоногийн дотор саналд нь хариу өгөх ёстой. Энэ долоо хоногт багтаан саналаа өгнө гэсэн үг. Хуульд бас нэг хугацааг заасан байдаг. Энэ нь Ерөнхий сайд бүтэц, бүрэлдэхүүнээ томилогдсон өдрөөсөө хойш 14 хоногийн дараа өргөн барих ёстой гэдэг хугацаа.

Ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулах санал нь ирэх долоо хоногт тодорхой болно гэсэн үг. Дараагийн долоо хоногоос нь УИХ хэлэлцээд явах байх.

-Та Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон хувь гишүүнийхээ хувьд Засгийн газрын бүтцийг ямар байгаасай гэж хүсч байгаа вэ?

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа нөхцөлд данхар бүтэцтэй Засгийн газар байгуулах нь зохимжгүй. Яагаад гэвэл, тэр хэмжээгээр урсгал зардал нэмэгдэж төсөвт дарамт учруулна. Тиймээс болж өгвөл дахин дахин бүтэц, сандал суудал ярихгүйгээр саяхан өөрчлөлт оруулсан бүтцийн дагуу бүрэлдэхүүнээ тодорхойлоод явах нь зүйтэй гэж үзэж байна.

Гэхдээ энэ нь Засгийн газрыг аль нэг, эвсэлтэй хамтарч бүрдүүлэх вэ гэдгээс шалтгаална. МАН Засгийн газарт хамтран ажиллах санал ирүүлэх юм бол одоо мөрдөж байгаа бүтцэд зохих хэмжээгээр өөрчлөлт оруулж таарна.

Ийм хэмжээний дэмжлэг авч чадахгүй бол эдийн засгийн талаар зоримог шийдвэр гаргахад хэцүү. 
-МАН-тай нийлээд бүх нам хамтрахаар болбол Засгийн газрын  бүтцээ  томсгох шаардлагатай гэсэн үг үү?

Тэгнэ. Гэхдээ учиргүй олон яам, агентлаг байгуулаад сайд, дарга нарт зориулан суудал гаргахгүй байх нь зөв.

-Ерөнхий сайдын УИХ-д суудалтай намуудад явуулсан бичгийг харж байхад бүгдээрээ хамтраад танай  байнгын хорооны хариуцаж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн тухай хуулийг баталъя гэсэн байсан. Ер нь бүгдээрээ хамтарч ажиллахгүйгээр 2016 оноос өмнө дээрх хуулийн төслүүдийг батлахад хэцүү юү?

Зөвхөн энэ хуулийн төслүүд ч бус бусад тулгамдсан асуудлуудыг ч шийдвэрлэхэд олонхийн дэмжлэг хэрэгтэй. Тухайлбал, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор Өрийн удирдлагын тухай хуулийг батлах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахын тулд гуравны хоёрын дэмжлэг хэрэгтэй.

Ийм хэмжээний дэмжлэг авч чадахгүй бол эдийн засгийн талаар зоримог шийдвэр гаргахад хэцүү. Мөн дараагийн чухал асуудал нь төрийн тогтолцоогоо засах асуудал. Үүнд Улс төрийн намын тухай, Нэгдсэн сонгуулийн тухай, Төрийн албаны хуулийг төсөл, Үндсэн хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах асуудал багтаж байгаа.

Энэ бүхнийг шийдвэрлэхэд УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд тодорхой зөвшилцөлд орох шаардлагатай. Гэхдээ заавал “нэг хөнжил”-д орж байж энэ асуудлыг шийднэ, үгүй бол шийдэхгүй гэдэг зарчмаар хандах нь буруу. Үнэхээр улс эх орноо бодож байгаа бол хамтарсан ч, хамтраагүй ч энэ хуулийн төслүүдийг хамтраад батлах боломжтой.

Амбицлахдаа чухал биш. Хэлэх ёстой юм аа хэлж л байх хэрэгтэй.
-Та 2012 онд Засгийн газрыг бүрдүүлэх үед “Сайдын санал тавибал хүлээж авна. Яагаад гэвэл би үндэсний цөөнхийн төлөөлөл. Мөн баруун аймгуудаас сонгогдсон АН-ын ганц гишүүн” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Танд энэ саналыг одоо тавибал яаж хүлээж авах вэ. Түүнчлэн сая Ерөнхий сайдыг томилоход та “Төр засгийн шийдвэр гаргах төвшинд үндэсний цөөнхийн төлөөллийг оролцуулахад анхаараарай” гэж хэлж байсан шүү дээ?

Хэрвээ манай нам, бүлэг, журмын нөхдийн зүгээс “УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Мөн үндэсний цөөнхийн төлөөлөл. Үндэсний цөөнхөд багтаж байгаа ард иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд төлөөлж Засгийн газарт ажилла" гэсэн санал ирэх юм бол мэдээж хүлээж авалгүй яах вэ.

Гэхдээ энэ асуудлыг гуйгаад байгаа ч юм шиг байдлаар шийдвэрлэх нь зохимжгүй. Монголын ард түмний томоохон ам бүлийг бүрдүүлж байгаа казах түмнийг Засгийн газарт ажиллаж байсан түүх олон байдаг. Тухайн үед сайдаар ажиллаж байсан хүмүүс төрийн ажилд сайн зүтгэж, хариуцсан ажлаа нэр төртэй биелүүлсэн уламжлалтай.

Энэ уламжпалыг сэргээх цаг нь ирсэн байх гэж бодож байна. Ялангуяа ардчилсан засаглалын үед ийм шийдвэр гаргах нь байх ёстой асуудал гэж үзэж байна. Ер нь энэ дашрамд сонирхуулахад, зарим улс оронд хүн амын үндэсний цөөнхийг бүрдүүлж байгаа ард түмний асуудлыг хариуцсан тусгай хороо хүртэл байдаг.

Тэр хороо нь яамны статустайгаар ажилладаг байх жишээтэй. Жишээ нь, Вьетнам улсад үндэсний цөөнхийн асуудлыг хариуцсан яамны статустай хороо байдаг. Манайд бол казах түмнийг хариуцсан том бүтэц бий болгодоггүй юм аа гэхэд ядаж Засгийн газарт төлөөлөл байх хэрэгтэй л дээ.

-Таныг ингээд хэлэхээр “Бакей гишүүн сайд болох гээд амбицлаад эхэллээ” гэх вий дээ?

Амбицлахдаа чухал биш. Хэлэх ёстой юм аа хэлж л байх хэрэгтэй.