Баттулга.Д 2014.11.26 | Нийслэлийн Хэвлэл мэдээлэл

Цогцолбор барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ

Цогцолбор барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болов.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэлээс хасах, хөрөнгө балансаас балансад шилжүүлэх, хөрөнгө бүртгэн авах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.
Хуралдаанаар  Сонгинохайрхан дүүргийн 18, 27, 28 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн цогцолбор барилгуудыг тус дүүргийн балансад бүртгэж авахаар болсон.

Эдгээр цогцолбор барилгыг Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор барьсан бөгөөд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс” хяналт тавьж ажиллаж,  өнгөрсөн онд байнгын ашиглалтад оруулж байсан. Уг барилга байгууламжийн нийт өртөг нь 1 тэрбум 104 сая төгрөг аж.   

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 дугаар сургуулийн балансад бүртгэлтэй клубын байрыг тус дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн балансад шилжүүллээ. Энэхүү барилгыг 1985 онд соёл үйлчилгээний зориулалтаар барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд нийт 1877 метр кв талбайтай юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 94 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 524 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Боловсролын Их сургуулийн урд орших явган хүний нүхэн гарцыг  нийслэлийн өмчид бүртгэхээр шийдвэрлэж, Өмчийн харилцааны газрын балансад бүртгэж байсан бол нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ удаагийн ээлжит хуралдаанаар энэхүү  нүхэн гарцыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т шилжүүлэхээр боллоо. Тус дүүргийн ЗДТГ-аас нүхэн гарцны өнгө үзэмж, арчлалт, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулж ажиллах юм.

Мөн Гэр хорооллын хөгжлийн газрын балансад бүртгэлтэй  СБД-ийн 17 дугаар хороо “Ахуй үйлчилгээний төв”-ийн барилга, СХД-ийн 11 дүгээр хороо “Нийтийн ахуй үйлчилгээний төв”-ийн барилга, СХД-ийн 30 дугаар хороо “Халуун ус болон нийтийн ахуй үйлчилгээний төв”-ийн барилга, ЧД-ийн 17 дугаар хороо “Олон нийтийн заал”-ны барилга, ЧД-ийн 17 дугаар хороо “Нийтийн ахуй үйлчилгээний төв”-ийн нийт 983 сая 551 мянган төгрөгийн үнэ бүхий 5 барилга байгууламжийг  

Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргүүдийн ЗДТГ-т шилжүүлж, нийслэлийн Өмчийн харилцааны газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах олон жил ашиглалтгүй байгаа 80 айлын орон сууцны хуучин барилгыг Өмчийн харилцааны газрын хөрөнгө бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.