Д.Оюунхорол: Бүтцийн өөрчлөлт хийхээс өөр аргагүй
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2014.11.26

Д.Оюунхорол: Бүтцийн өөрчлөлт хийхээс өөр аргагүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Таны санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг сая хуралдсан НББСШУ-ы байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Энэ хуулийн төслийн онцлог, ач холбогдол нь юу вэ?

Энэ хуулийн төсөлд бэлэн мөнгөний тогтмол орлогын эх үүсвэргүй малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн хөдөлмөрийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ улирал, жилээр төлж болохоор хугацааг уян хатан зохицуулахаар тусгасан.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч орлогын түвшин доогуур, мал аж ахуйн үйлдвэрлэл улирлын чанартайгаас шалтгаалан сар бүр шимтгэл төлөх боломжгүй учир хамралтын хувь бага байгаа юм. Нийгмийн даатгалын байгууллагаас гаргаж буй мэдээллээр 25000 малчин буюу нийт малчдын дөнгөж 6,0 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар малчдыг хөдөлмөрийн харилцаанд хамааруулж, хөдөлмөрийг нь үнэлгээтэй болгож, эрхэлж буй үйлдвэрлэлийн онцлогтой нь уялдуулан хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцож тэтгэвэр тогтоолгох ажил мэргэжлийн жагсаалтад хамааруулж тэтгэвэр тогтоолгох боломж олгох юм.

Ингэснээр эрэгтэй 55, эмэгтэй 50 настай малчин тэтгэврээ тогтоолгох боломж бүрдэнэ. Малчид маань жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрч байгаль цаг агаараас шууд хараат нөхцөлд өдөр шөнийн ээлжгүй, ажил, амралтын горимгүй хөдөлмөрлөж байдгаас наснаасаа эрт хөгширч, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь буурч, дундаж наслалт нь харьцангуй доогуур байна.

-Тэтгэвэрт гарах насыг доошлуулснаар тэтгэвэрт гарах малчдын тоо нэмэгдэнэ. Ингэснээр нийгмийн даатгалын санд ачаалал үүсэх үү?

Тэтгэвэрт гарах насыг доошлуулснаар жилд шинээр тэтгэвэр тогтоолгох малчдын тоо 509-өөр нэмэгдэнэ. Энэ хуультай хамт Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл өргөн баригдсан.

Нийгмийн шилжилтийн явцад эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн бүтцэд гарсан өөрчлөлт болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог, хөдөлмөр, нийгмийн даатгалын талаарх хууль тогтоомжийн шинэчлэл зэргээс шалтгаалан тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэд малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой. Ингэснээр Нийгмийн даатгалын санд хуримтлал үүснэ.

-Та 2015 оны улсын төсвийг хэлэлцэхэд МАН-ын бүлгийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Эрх баригч нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх гээд завгүй хуралдаж байх зуур танай намын бүлэг төсөв дээр идэвх санаачилгатай ажилласан. Ер нь ямархуу төсөв батлагдав?
Ардын намын эдийн засаг, Ардчилсан намын эдийн засаг гэж байхгүй. 

Миний хувьд 2015 оны улсын төсвийг хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн төсвийн ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Энэ удаагийн төсөв их онцлогтой үед хэлэлцэгдэж батлагдсан.

Түүхэндээ анх удаа Ерөнхий сайд ч үгүй, Сангийн сайд ч үгүй үед төсвийг хэлэлцлээ. Монгол Ардын Намын бүлэг Монгол Улсын 2015 оны төсвийн тооцооллыг үнэн зөв, бодитой, хэмнэлттэй байх, хариуцлагатай, мөнгөний бодлоготой уялдсан, эдийн засгийн хямралыг тооцож төсвөө чамбайруулахыг шаардаж, байгаа нөхцөл байдалдаа тохируулж бүхий л нөөц бололцоогоо ашиглан төсвийн тооцооллыг бодитой гаргахын төлөө Сангийн яамны дэд сайд С.Пүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, газар хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсэгтэй хамтран ажилласан.

Ардын намын эдийн засаг, Ардчилсан намын эдийн засаг гэж байхгүй. Өнөөдөр монголчууд бид эдийн засгийн амаргүй сорилтуудтай нүүр тулаад байна. Улс орны эдийн засаг хямарсан, төсвийн орлого олон зуун тэрбум төгрөгөөр жил дараалан тасарч ард иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага аль хэдийнэ хэмнэлтийн горимд шилжээд байна. Энэхүү хүндрэл цаашид ч даамжирч болзошгүй байгаа тул бид төсвийг илүү хэмнэлттэй, үр ашигтай байх талаас онцгой анхаарч ажиллалаа.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд урсгал зардал 2014 оныхоос 807,6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэхүү өссөн урсгал зардалд туссан цалин, хөлсний зардал болон эрүүл мэнд, боловсролын салбарын урсгал зардлаас бусад урсгал зардлыг 20-иос доошгүй хувиар танах, хэмнэгдсэн мөнгийг нийгмийн чанартай барилга, байгууламжийн хөрөнгө оруулалт, нийгмийн эмзэг хэсэг зорилтот бүлэгт өгөх хангамжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх шаардлагатай гэж бид үзсэн. Мөн онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн тээврийн хэрэгслийн шатахууны зардлаас бусад төрийн байгууллагуудын шатахууны зардлыг 30 хувиар, дотоод томилолтын зардлыг 50 хувиар бууруулах санал оруулсан.

-Танай бүлгээс гаргасан урсгал зардлыг хэмнэх саналуудаас Засаг даргын орлогч, зөвлөхүүдийн орон тоог хасах санал хүмүүст нэлээд таалагдах шиг болсон. Мөн тусгай сангуудын зардлыг танах санал ч гэсэн дэмжлэг авлаа?

Төрийн захиргааны албан хаагчдын орон тоо сүүлийн хоёр жилд 30 мянгаар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, дарга нарын тоо ингэж нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. Бид дарга нарын тоог 10 хувиар цөөлөх тухай л ярьсан. Мөн чиг үүрэг давхардуулж төсвөөс санхүүжүүлж байгаа шинээр байгуулагдсан агентлаг, ажлын алба, нэгж, төвүүдийг холбогдох яам, агентлаг, төсөвт байгууллагад нь нэгтгэх, татан буулгах ажлыг зохион байгуулж, тооцоо судалгааг гарган шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.

Орлогч, дэд дарга нар, зөвлөх, туслахуудын орон тоог бууруулах, зарим байгууллагуудын ажлын албыг татан буулгах замаар нийт 885 орон тоог бууруулж урсгал зардлаас 8,0 тэрбум төгрөг хэмнэлээ. Үүнээс гадна Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд холбогдох зарим өөрчлөлт оруулж чиг үүрэг нь давхардсан, үйл ажиллагаа явуулахгүй байгаа сангуудыг татан буулгах шаардлагатай байна.

Үүний дагуу холбогдох тооцоо, судалгааг хийхэд тусгай сангуудын зардлыг 50,4 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэж саналаа Сангийн яамны ажлын хэсэгт хүргүүлсэн. Үр дүнд нь Засгийн газрын тусгай сангуудын зардлыг 36,3 тэрбум төгрөгөөр бууруулж баталлаа.

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс нийт 264,6 тэрбум төгрөгийн зардал бууруулах санал оруулнаас 149,6 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах саналыг тусгуулж батлуулсан.

Түүхэндээ анх удаа Ерөнхий сайд ч үгүй, Сангийн сайд ч үгүй үед төсвийг хэлэлцлээ.
-Олон жил царцаагдсан бүтээн байгуулалтууд хийгдэхээргүй төсөв орж ирснийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр засч залруулсан. Ирэх жил энэ ажлууд саадгүй хийгдэх байх. Тухайлбал, эдгээр барилгын хэд нь сургууль, цэцэрлэг байгаа вэ?

Анхнаасаа ямар ч шинэ бүтээн байгуулалт хийгдэхээргүй, хуучнаа ч хийж дуусгахгүй төсвийн төсөл орж ирсэнд МАН-ын бүлгийн гишүүд маань нэлээд шүүмжлэлтэй хандаж, засч залруулахыг шаардаж, шинээр хөрөнгө оруулалт хийхгүй юмаа гэхэд барилгын ажил нь эхэлсэн, дутуу баригдсан барилга, байгууламжийг эхний ээлжинд бүрэн барьж дуусгах саналыг гаргаж ажиллалаа.

Үр дүнд нь 2012 онд эхэлсэн “царцаагдсан” нэрээр улстөржүүлсэн 328 төсөл арга хэмжээг ирэх онд дуусгаж ашиглалтад оруулахаар болсон. Дутуу барилгад сургууль, цэцэрлэг л гэхэд 66 байна. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ бага байгаагаас гурван ээлжээр хичээллэж, хичээлээс гадуур зохион байгуулах хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх, хүн болгож төлөвшүүлэх бүхий л ажил зогсонги байдалд ороод байна.

Ийм нөхцөлд бид сургалтын чанар муу байна, эсвэл хүүхдийн хүмүүжил, төлөвшилд анхаарч ажиллаач ээ гэж шаардаж, чанартай боловсролын тухай ярих боломжгүй. Энэ нь төр засгаас нийгмийн салбарын асуудлаа нэн тэргүүнд цогцоор нь шийдвэрлэж, хүүхэд сурч, хүмүүжих стандартын шаардлага хангасан сургалтын орчин, материаллаг бааз, нөхцөл, боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

-Төсөв хэлэлцэж байх үеэр төрийн өмчийн компаниудыг татан буулгах тухай яригдаж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

Сүүлийн хоёр жилд хувийн хэвшлийн хийж чаддаг бүх ажлыг төр булаан авч хийдэг болсон. Төр бүхнийг хийх ёстой гэдэг энэ алдааг засах ёстой. Хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа салбарт төрийн мөнгөөр тэдэнтэй өрсөлдөж зах зээлийг нь булаан авч чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг үгүй хийх нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бууруулах, зах зээлийн эрүүл өрсөлдөөний тэнцвэрийг алдагдуулж ирсэн.

Ингэснээр дөнгөж хөл дээрээ босч байсан аж ахуйн нэгжүүдийг хаалгаа барихад хүргэсэн. Уг нь төр засаг аль болох бодлогыг нь зөв зүйтэй тодорхойлж хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлж, хувийн хэвшлийнхний бизнесээ эрхлэн явуулах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө л ажиллах ёстой. Төрийн өмчийн олон компани дэндүү үрэлгэн зардалтай, алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Энэ алдааг засах нь зөв гэж бид үзэж байгаа.

-Эдийн засаг хямарсны улмаас аж ахуйн нэгжүүд хаалгаа хааж, иргэдийн амьдрал улам хүндэрч байна. Ирэх онд байдал дээрдэх болов уу?

Жилийн өмнө эдийн засгийн бодит өсөлтийг хоёр оронтой тоогоор төсөөлж байсан бол өнөөдөр 6-7 хувиар л өснө гэж тооцоолж байна. Арга ч үгүй юм. Хувийн хэвшлийн ААН-үүд маань дампуурч хаалга үүдээ нэг хэсэг нь хааж байна.

Зарим ААН-үүд цомхотгол хийж ажилчдаа халж байгаагаас харахад аргаа бараад л ийм шийдвэр гаргаж компанийнхаа түүхийг авч үлдэж байх шиг байна. Ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өссөөр байгааг л хар л даа. Энэ нөхцөл байдал тийм ч хурдан засрахгүй байх л даа.

Долларын ханш нэмэгдэж, төгрөгийн ханш унаж, инфляц өсч байгаа энэ цаг үед цалингийн хэмжээ үл ялиг нэмэгдлээ ч гэлээ бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж хүмүүсийн бодит орлого жил, жилээр багасч байна.

Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл бол төрийн засаглалын болон бодлогын тогтворгүй байдал. Төрийн бодлого нь дөрвөн жилээр тодорхойлогддог, барьцгүй улсад хөрөнгө оруулалт хийх нь том эрсдэл. Энэ эрсдэл нь эргээд улсын эдийн засгийг хямрааж байна.

Улс төрийн тогтворгүй байдал нь бизнесийн үйл ажиллагаа, ард иргэдийн амьдралд маш муугаар нөлөөлдгийг бид харлаа. Бид урт хугацааны стратегийн бодлогоо тодорхойлж батлах ёстой. Бид хаашаа ямар замаар явахаа тодорхой болгох хэрэгтэй байна.

Эдийн засгийн хямралаас гарахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж л хөгжлийг хурдасгах боломж бүрдэнэ. Шинээр батлагдсан хөрөнгө оруулалтын хуулиар эдгээр асуудлыг нэлээд сайн тусгаж өгсөн. Даанч хэрэгжилт, үр дүн тийм сайн биш хэвээрээ л байна. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, алдсан итгэлийг бий болгох чиглэлээр овоо дорвитой ажил хийнэ гэж байна лээ. Энэ нь Монгол Улсыг хөгжүүлэх, илүү өрсөлдөх чадвартай болгох байх.

Шинээр сонгогдсон Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, алдсан итгэлийг бий болгох чиглэлээр овоо дорвитой ажил хийнэ гэж байна лээ.
-Ойрын өдрүүдэд шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал, аль намтай хамтрах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Энэ Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил юу вэ?

Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, олон нийтийн зүгээс Засгийн газарт итгэх итгэл буурсныг сэргээх бодит ажил хийх хэрэгтэй. Эдийн засгийн хямралыг арилгах, өсөлтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлт, шинэчлэл хийхээс өөр аргагүй. Ерөнхий сайд маань улстөрчдийнхөө, улс төрийн намуудынхаа зөвшилцөл, ойлголцол, дэмжлэгийг л авч чадвал хямралаас гарна.

Өмнөх Ерөнхий сайд улс төрийн соёлыг төлөвшүүлж чадахгүй байсаар эдийн засгаа хүндрүүлж хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан. Манай улсын эдийн засаг нүүрс, зэсийн экспортоос шууд хамааралтай байна. Яаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд нийлүүлэх вэ гэдэг л бидний том асуудал.

Бид хойд урд хоёр хөршөөсөө хамааралтайгаар хөгжинө. Газар зүйн байрлал маань гадаад худалдаагаа хөгжүүлэхэд бидэнд таатай нөхцөл боломжийг заяасан. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр тодорхой асуудлуудыг шийдсэн. Хамтын ажиллагааны хүрээнд яригдсан ажил хэргүүдийг нэн тэргүүнд бүтээлчээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн төрийн албыг мэдлэгтэй, боловсролтой, чадварлаг, ёс зүйтэй, эрх ашгаа эрэмбэлж чаддаг, хариуцлагатай хүмүүсээр бүрдүүлж, найз нөхдийн, төрөл садны алба болгосныг цаг алдалгүй засч залруулах ёстой.