Г.Баярсайхан: Нэг ч гэсэн хүүхдийн эмнэлэг баримаар байна
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2014.11.27

Г.Баярсайхан: Нэг ч гэсэн хүүхдийн эмнэлэг баримаар байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуульд өөрчлөлт оруулах болсон нь дараах шалтгаантай юм. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийн 3-т “УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Телевизэд тусгай зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүйг нь үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээл байх зохицуулалтыг гэрээнд тусгаж байх”-ыг тус тус заасан.

Гэвч өнөөдөр үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээл нь нийт агуулгын эзлэх хувьдаа хүрэхгүй байгаа гэж үзэж буй юм. Харин зарим гишүүд өөр саналтай байна. Гадны сонгодог хөгжим, зохиол, киног Монголчуудад үзүүлэх ёстой. Гэтэл телевизийн нэвтрүүлгийн агуулгад зохицуулалт, хязгаар тогтоож өгч байгаа нь гадаадын чанартай бүтээлүүдийг үзэх боломж үзэгчдэд хаагдаж байна гэсэн шүүмжлэл өрнүүлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Эх нялхасын төв, нэгдүгээр эмнэлгийн бөөрний тасаг гэхэд ачаалал хоёр дахин их давчихсан байгаа. Бид энэ таван тэрбум төгрөгөөр цөөн ортой ч гэсэн хүүхдийн эмнэлэг баримаар байна шүү. Бид амьсгалын хэдэн апарат худалдаж авмаар байна. Мөн энэ хуулийн өөрчлөлт нь гадны чанартай уран бүтээлүүдийг үзэх боломжийг хааж байгаа. Дэлхийн сонгодог бүтээлүүд болох Шекспер, Моцартын бүтээлүүдийг телевизүүдээр гаргая гэж байгаа бол би дэмжинэ.

Дэлхийн сонгодог бүтээлүүд болох Шекспер, Моцартын бүтээлүүдийг телевизүүдээр гаргая гэж байгаа бол би дэмжинэ.

Тэгэхээр төр байгаа олж ажиллах хэрэгтэй байна. Монголынхоо нэрийг гаргаж дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай уран бүтээлээ сурталчилаад ирсэн хүмүүсийг урамшуулан шагнадаг баймаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан олимпийн тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгодог шиг соёл урлагийн салбарынханд ийм тэтгэмж өгдөг байж болно” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Хэвлэл мэдээллийн салбар зах зээлийнхээ жамаар хөгжих ёстой. Г.Баярсайхан гишүүний саналыг дэмжиж байна. Дэлхийн сонгодог уран бүтээлийг Монгол үзэгчдэд хүргэх ажлыг ийм аргаар хааж боломгүй юм” гэв.