Ганхуяг.Д Батсуурь.Ж Ганбаатар.С Зоригт.Д 2014.11.28 | Сайт: Vip76.mn

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн /2014-11-27/ хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон түүнд холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн /2014-11-27/  хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон түүнд холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүд дээрх хуулийн төсөл санаачлагч болон ажлын хэсгийнхэнд хандаж тавьсан асуултдаа, дээрх хуулийн төслийн үзэл баримтлал нь шат шатны боловсролын нэгдсэн бодлого, тогтолцоо, стандартад нийцэж байгаа эсэх, хүүхэд харах үйлчилгээний хувьсах зардал, санхүүжилт ямар байх, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох, үйлчилгээнд нь хяналт тавих, эцэг, эхийн зөвлөлтэй байх эсэх, хүүхдийг хөгжүүлэх, тэдэнд мэдлэг, боловсрол олгох асуудал төсөлд хэрхэн тусгагдсан зэрэгт анхаарал хандуулж хариулт авав.

Д.Зоригт: Төсвөөс гадна эцэг эх ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ?  

Хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна. Анх удаа төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр зохион байгуулах гэж байгаа их чухал хууль гэж үзэж байна. Олон жил төр бүхнийг хийнэ, татвар төлөгчийн мөнгөөр санхүүжүүлнэ гэж ирсэн. Баабар “биологийн бүх процессийг төлбөртэй болгож төрөөс санхүүжүүлдэг болж байна” гэсэн байна лээ.

Энэ хууль батлагдвал улсын төсвөөс 54,4 тэрбум төгрөгийн зардал гарахаар тооцоо байна. Үүднээс гадна сургуулийн өмнөх боловсролд зориулж улсын төсөвт   хөрөнгө тусгасаар ирсэн. Үүн дээр нэмэгдэж дээрх хөрөнгө гарах юм байна. Төсвөөс гадна эцэг эх ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ?  Хувьсах зардал, хоолны мөнгийг улс бүрэн гаргаж байгаа. Цаашид үүнийг хэрхэх вэ?

Хууль санаачлагч: 2014 онд цэцэрлэгийн хүүхдийн зардалд 221,5 тэрбум төгрөг царцуулсан. Ирэх онд 246,8 тэрбум зарцуулахаар төлөвлөсөн байна. Төсөлд туссанаар улсын төсвөөс хүүхэд бүрт 116 мянган төгрөг, харин эцэг эхээс дунджаар 60-80 мянган төгрөг гаргахаар урьдчилж төсөөлж байгаа. 

Д.Ганхуяг: Өнөөгийн байгаа төрийн өмчийн цэцэрлэгийн барилга байшинг яах вэ? 

Энэ хуулийг дэмжих шаардлагатай. Гэхдээ өнөөгийн нөхцөлд хэд хэдэн шийдэх ёстой асуудал байгаа юм. Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн үл хөдлөх хөрөнгийн, засвар, бусад зардал улсын болон орон нутгийн төсөвт ачаалалтай явж байгаа. Үйл ажиллагааны хувьд төрийн, хувийн өмчийн, хүүхэд харах үйлчилгээний гэсэн ангилалтай байх нь. Өрсөлдөөн үүснэ. Гэхдээ өнөөгийн байгаа төрийн өмчийн цэцэрлэгийн барилга байшинг яах вэ? 

Ж.Батсуурь: Хэдхэн хормын дараа цэгцлэх асуудал үүсэх үү?

Миний бодож байсан шиг хууль орж ирсэнгүй. Төр нэгэнт сургуулийн өмнөх боловсролыг цэцэрлэг гэж нэрлээд, стандартыг мөрдөөд явж байгаа. Энэ стандартынхаа үйлчилгээг хангаж чадахгүй болохоор стандартыг бууруулсан хүүхэд харах үйлчилгээний төв гээд багш заавал мэргэжлийн байх албагүй, заал хөлсөлсөн гэх зэргээр дүр эсгэсэн зүйл болох нь. Тэгээд дараа нь “цэцэрлэгээр боловсорсон” гэх нь. Цаашид мэдээж бүх хүүхэд стандарт шаардлага хангасан цэцэрлэгээр хангагдаж таарна. Эдийн засаг үргэлж ийм байхгүй.Тэгэхээр зах зээлээс хүүхэд харах төвөө шахан зайлуулах уу? 

С.Ганбаатар: Энэ үнэхээр цаг үеэ олсон хууль

2013 оны 01 сарын 7-нд өргөн барьсан бидний гишүүдийн санаачилсан хуулийг Ерөнхийлөгч дэмжээд оруулж ирж байгаад талархаж байна. 80-100 мянган хүүхэд өндөрт стандарттай цэцэрлэгт явж чадахгүй байгаагаас ямар ч стандартгүй гэр хороололд “цоожлуулж” явна. Цэцэрлэгийн стандарт бий. Энэ стандартаараа гэр хорооллын хүүхдүүд битгий цэцэрлэгт яваа гэж байгаа юм. Удахгүй эдийн засаг сайхан болно, хоёрын хооронд юм оруулж ирлээ гэж зарим хүмүүс хэлж байна. Гэхдээ 100 мянган хүүхдэд та нар өсөхгүй байж бай 5 жилийн дараа цэцэрлэг барьж өгье гэж чадахгүй. Энэ үнэхээр цаг үеэ олсон хууль.

Улсын Их Хурлын гишүүдийн олонх энэ хуулийн төсөл болонтүүнд холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.