Заавал байх шаардлагатай яам бол Эдийн засгийн яам
Монгол Улсын Төрийн сайд асан Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Академич Т.Намжимын санал
2014.12.01

Заавал байх шаардлагатай яам бол Эдийн засгийн яам

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Эдийн засгийн хөгжлийн яамыг дахин байгуулах хэрэгтэй" гэж мэдэгдсэн явдлыг дэмжиж санаа бодлоо нэмэрлэж байнам.

Төр засгийн дээд байгууллага улс орныхоо хөгжлийн бодлого, зорилтыг гагцхүү төлөвлөгөөгөөр тогтоож хэрэгжүүлэхээс өөр арга зам байхгүй, тийм зүй тогтолтой юм. Түүний тулд Монгол улсын төр засаг эдийн засгийн хөгжлийн удирдлага, төлөвлөлтийн тогтолцоотой байх ёстой. Тэгж байж улс орныхоо хөгжлийн өнөөгийн түвшинг дорвитойхон ахиулах бодит үр дүнд хүргэх боломжтой болно.          

Улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн хөтөлбөр болон дунд хугацааны төлөвлөгөөг ерөнхий тунхаглалын чанартай бичлэгийн хэлбэрээр бус, жинхэнэ ёсоор нь хийж байх тогтолцоог бүрдүүлэе гэвэл, шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйн дагуу хүн ам, ажиллах хүчний өсөлт бүтцийн төсөөлөл, улс орны нөөц баялгийн үнэлгээ, нийгмийн материаллаг болон оюун санааны хэрэгцээ, шинжлэх ухаан-техникийн дэвшлийн прогноз, гадаад харилцааны нөхцөл байдал зэрэг бүхий л суурь хүчин зүйлсийг нарийвчлан судлаж тогтоосны үндсэн дээр, улс орны бодит эдийн засгийн нийт салбарын бүтээн байгуулалтын цогц арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүжилтийн цар хэмжээ, эх үүсвэрийг бүрдүүлэх арга хэлбэр, макро-эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийн үзүүлэлтийн тооцоог хамарсан байх ёстой болно.

Тийм үндэслэл, агуулга, бүтэцтэй хөтөлбөр, төлөвлөгөө, төслүүдийг хэрэгжүүлсэнээр улс орны эдийн засгийн хөгжлийн түвшинг ахиулах бодит амжилт бүтээл, үр дүн гардаг байна. Манайд 20 дугаар зууны сүүлийн хагаст тухайн үеийн нөхцөл байдалд бүтэж бүрэлдсэн эдийн засгийн бүтээн байгуулалт ч тийм төлөвлөгөө, төслүүдийг хэрэгжүүлсэнээр биелэлээ олсон юм. 

Олон улсын хэмжээнд ч тийм зүй тогтолтой байдаг аж. Тухайлбал, Япон улсын дэлхийд тэргүүлдэг өнөөгийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн гол нөлөөтэй нэг хүчин зүйл бол байнгын оновчтой төлөвлөгөөтэй явж ирсэн явдал гэж бодлоготон хүмүүс, эрдэмтэн мэргэд нь томъёолдог юм билээ.

Эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө Засгийн газарт эдийн засгийн удирдлагын бүтэцтэй байх явдал зайлшгүй шаардлагатай байгаа болно.          

Өнөөгийн УИХ, Засгийн газар 2012 онд үйл ажиллагаагаа эхлэхдээ 1990 оноос хойших зохисгүй байдалд дүгнэлт хийж, төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх, уг үйл хэргийг хариуцан гүйцэтгэх Засгийн газрын бүтэцийн нэгж болох Эдийн засгийн хөгжлийн яам байгууллаа гэж ихэд олзуурхаж байлаа. Тус яам хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны тухай хуулийн төсөл боловсруулж мэрэгжлийн хүмүүсээс санал авч байсан.

Гэтэл нөгөөх хуулиа ч хэлэлцэж батласан юмгүй, улс орны хэтийн хөгжлийн төсөөлөл, хөтөлбөр болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах үйл хэрэгээ эхлэж амжаагүй байтлаа, Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгах шийдвэр гаргасан явдал нь манай төр засгийн эрх баригчдын ухаарал, мэдлэг үнэнхүү дутмаг байгааг харуулсан үйлдэл болсон юм.

Тэгэхээр шинээр томилогдсон Ерөнхий сайд энэхүү буруу шийдлийг засан залруулж, Эдийн засгийн яамыг дахин байгуулах саналыг УИХ-д оруулах шаардлагатай байна. Эдийн засгийн яам бол Монгол улсын бодит эдийн засгийн буюу үйлдвэрлэл, дэд бүтцийн нийт салбаруудын хөгжлийн асуудлыг уялдуулан зохицуулах үүрэгтэй байх тул Ерөнхий сайд асан Д.Содномын нэгэнтээ санал болгож байснаар Эдийн засгийн яамыг Шадар сайд тэргүүлж байх нь зүйтэй юм.

Эдийн засгийн яамыг дахин байгуулж ажиллуулахдаа анхаарах хамгийн гол асуудал бол тус яамны сайдаас эхлээд газар, хэлтэст зохих мэрэгжлийн өндөр мэдлэгтэй, мэргэшсэн туршлагатай, улс орныхоо амьдралыг сайтар мэддэг, шинжлэх ухааны онол, арга зүйн дагуу судлагаа тооцоо хийдэг авьяслаг чадварлаг бөгөөд бодит логик сэтгэлэгээтэй хүмүүсээр бүрдүүлэх явдал юм.

Монгол улсын эдийн засгийг шинжлэх ухааны үндсэн дээр хөгжүүлэхийн тулд заавал эдийн засгийн тулгуур судлагааны хүрээлэнтэй байх ёстой. Манай төрийн түшээд цөмөөрөө эдийн засгийг хөгжүүлэх тухай ярьдаг атал, Монгол улсын хэмжээнд эдийн засгийн судлагааны байгууллагагүй байна гэдэг бол хамгийн гайхалтай бөгөөд учир утгагүй явдал мөн гэдгийг ухаардаг хүмүүс тун цөөхөн байдаг бололтой юм.

Эдийн засгийн хөгжлийн яам Эдийн засгийн хүрээлэн байгуулах асуудлыг боловсруулаад 2012 оны 10 дугаар сард Засгийн газарт оруулсан хэдий ч, Ерөнхий сайд Н.Алтанхуяг шийдэхгүй дарсаар байгаад, эцэст нь Яамыг нь татан буулгасан, өөрөө ч огцорсон хэрэг болов. 

Монгол Улсын Төрийн сайд асан Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Академич Т.Намжим