Даваасүрэн.Ц Гантөмөр.Л 2014.12.03 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Татварын ажилтнуудын асуудлыг шалгахаар ажлын хэсэг байгууллаа

Татварын ажилтнуудын асуудлыг шалгахаар ажлын хэсэг байгууллаа
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2014.12.02/ хуралдааны эхэнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн ч Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зүгээс "Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр", "Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр", "Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-үүдийн төслийг Засгийн газрын асуудал шийдвэрлэгдсэний дараа хэлэлцэх нь зүйтэй, хойшлуулах саналтай байгаа тухайгаа хурал даргалагчид хэлэв.

Тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн саналыг хүлээн авч дээрх хэлэлцээрүүдийн зөвшилцөх асуудлыг хойшлуулсан болохыг мэдэгдээд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцсэнээр хуралдаан үргэлжилсэн.

Хэлэлцээрийн төслийн танилцуулгыг Боловсрол, Шинжлэх ухааны яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр танилцуулав.

Энэхүү зээлийн хэлэлцээрийн төсөл нь орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой нэн тэргүүний ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой 16.100.000 зээлжих тусгай эрх (ЗТЭ)-тэй тэнцэх хэмжээний санхүүжилттэй гурав дахь удаагаа үргэлжлэн хэрэгжих төсөл юм байна. Зээлийн хөрөнгийн хүүгийн хураамж нь жилд 1.25% байх бөгөөд зээлийг 20 жилийн хугацаанд барагдуулахаар тусгажээ.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэнээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Үүний дараа “Зөвшөөрлийн тухай” хуулийг дагаж өргөн мэдүүлсэн хуулиуд болон “Чөлөөт бүсийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх болоход Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, дээрх хуулийн төслүүд ач холбогдол бүхий томоохон хуулийн төслүүд тул салбарын сайдууд томилогдсоны дараа байлцуулж, саналыг нь тусган хэлэлцэх шаардлагатай гээд завсарлага авав. 

Дараа нь Байнгын хороо, бусад асуудлын хүрээнд өмнөх хуралдаанаараа “Орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт”-ын болон “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”-ийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонссонтой холбогдуулан сангуудын үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар гишүүдийн гаргасан саналыг тусгасан байнгын хорооны тогтоол гаргахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу байнгын хорооны дүгнэлт, гишүүдийн саналыг тусгасан тогтоолыг баталж, Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Хуралдааны төгсгөлд Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын даргын чиглэл болгосны дагуу Татварын ажилтнуудын үр дүнгийн урамшуулал авсан талаарх асуудлаар ажлын хэсэг гаргаж шалгахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.