Монголд эрүүдэн шүүлт яагаад "гаарав"
Эрүү шүүлт гэдэг нь мэдээлэл олж авах буюу гэм бурууг нь хүлээлгэх, эсхүл шийтгэх, айлгах, албадах зорилгоор хэн нэгнийг санаатайгаар хүчтэй өвтгөх буюу шаналгах үйлдэл.
2014.12.03

Монголд эрүүдэн шүүлт яагаад "гаарав"

Амлалтын үнэ цэнэ биелэхэд оршино. Гэтэл биелээгүй амлалт ямар байх вэ. Хүн төрөлхтний гутамшгийн дээд, балмад, алдаа, айдас бол хүний эрхийн зөрчил.  

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5-р зүйлд “Хэнд ч эрүү шүүлт тулгах буюу хэрцгий, хүний ёсноос гадуур эсхүл нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэхийг хориглоно” гэжээ. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэдэг.

Гэтэл ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар ангийн төлөөлөгч, ахмад М нь тус нагийн баривчлах ял эдлүүлэх байранд ял эдэлж байсан /хөдөлмөр эрхлүүлэх ёсгүй/ ялтан Б-г албадан хөдөлмөрлүүлж, улмаар тайлбар тавилаа хэмжээн тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглан хүнлэг бус хэрцгий харьцаж, зодож шийтгэсэн. Прокурор болон шүүхийн байгууллагаас М-ийн үйлдлийг хувийн сэдэлтээр, бусдын бие махбодод хөнгөн гэмт санаатайгаар учруулсан гэмт хэрэгт буруутгаж, эрүүгийн хариуцлагад татах хугацаа /6сар/ өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /Эх сурвалж: МУ-ын ХЭҮК-ын “Хүний эрхийн төлөв байдлын 13 дах илтгэл”, 75 ху/

Дэлхий нийтээрээ эрүүдэн шүүх гэмт хэрэгтэй тэмцдэг.

Цахилгаанаар цохиулах, зодох, хүчиндэх, доромжлох, түлэх, нойрыг нь хасах, усанд үйх, эвгүй байрлалд олон цаг байлгах, хэргээ хүлээж гэж орилж хашгирах, хэрэг тохно шүү гэж сүрдүүлэх, сэтгэл зүйн дарамтад оруулах нь бүгд хүний эрхийн зөрчил бөгөөд эрүүдэн шүүх гэмт хэрэг юм.

Эрүү шүүлт гэдэг нь мэдээлэл олж авах буюу гэм бурууг нь хүлээлгэх, эсхүл шийтгэх, айлгах, албадах зорилгоор хэн нэгнийг санаатайгаар хүчтэй өвтгөх буюу шаналгах үйлдэл. Түүнийг үйлдэгч нь төрийн албан хаагч буюу эсхүл дор хаяж төрийн байгууллагаас ямар нэг хэлбэрээр албан ёсны зөвшөөрөл авсан этгээд байдаг. Гэтэл манай хуулинд зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч үйлддэг гээд буруу ойлгуулчихсан.

Хуулиараа эрүүдэн шүүх гэмт хэргийг конвенцид нийцүүлж тодорхойлоогүй учраас хүмүүс зөвхөн хорих ангид болон шоронд гардаг хэмээн ойлгоход хүргэсэн. Гэтэл үүгээрээ цэргийн анги болон аливаа албадлага хэрэглэж байгаа газрууд буюу ахмадын асрамж, сэтгэцийн эрүүл мэндийн төв, архины албадан эмчилгээ зэрэг газруудад гарч буй зүй бус харьцаа, эрүүдэн шүүлтийг илрүүлэх, хариуцлага тооцох механизмыг үгүй хийчихсэн.

Хүн бүр эрүүдэн шүүхээс ангид байх эрхтэй. Хэрвээ эрүүдэн шүүлт байсаар байвал нийгмийн хүчирхийллийг бий болгож, хууль сахиулагчдад итгэх иргэдийн итгэлийг хөсөрдүүлдэг.

Дэлхийн улс орнууд дэлхийн хоёрдугаар дайны гашуун сургамжийн дараа 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, гучин жилийн өмнө Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг батласан. Харин манай улс 2000 онд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж олон улсын өмнө болон НҮБ-ын өмнө, ард иргэдийнхээ өмнө конвенцийг хэрэгжүүлнэ гэсэн амлалтыг өгсөн.

“Тухайн үед манай улсад цагдаа нарын зүй бус харьцаа, зодох, занчих, хүнлэг бус нөхцөлд хорих нь түгээмэл байсан бөгөөд прокурорууд манай улсад эрүү шүүлт байхгүй гэж ярьдаг байжээ. Гэхдээ эрүү шүүлт арилаагүй гол хар гай нь монгол улсын хуулинд конвенцийн агуулга нарийн томьёологдож ороогүй учраас, хуульчид дотоодын хуулиа хараад зарим хэргийг эрүү шүүлт биш гээд өөр зүйл ангиар шийтгэдэг ажээ” хэмээн

“Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа

 хэлсэн юм.

Үүнээс болоод маш олон эрүү шүүлтийг үйлдсэн хамтран оролцсон гэх хүмүүс хариуцлагын гадна ял завшаад үлддэг. Нэгэнт ял завших цоорхой байгаа нь эрүүдэн шүүх гэмт хэрэг амь бөхтэй орших нөхцлийг бүрдүүлсэн гэсэн үг.

Төр иргэдээ айдастай байлгах нь төрийн гутамшиг. Монгол улсын Засгийн газар хоёр нүүрийг гаргадаг. Эрүүдэн шүүх гэмт хэргийг илчлэхийн тулд иргэн хүнээс маш их эр зориг шаарддаг. Иргэдийн дунд шүүх прокурор, цагдаа гэхээр айж, эмээн нэг үг хэлчихвэл хорхойтой араанд зууна гэдэг шиг занах болов уу гэж түгшдэг. Эрхээ эдлэхгүй явсаар байгаад өнгөрсөн хойно нь гомдол гаргадаг. Тиймээс Эрүүдэн шүүхтэй тэмцэх, эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн байцаах хараат бус байгууллага зайлшгүй хэрэгтэй гэдгийг олон улсын хүний эрхийн байгууллагууд болон Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд, хүний эрхийн хуульчид хэлж байсан юм.

Өнөөдрийн байдлаар эрүүдэн шүүх гэмт хэргийн гомдол, өргөдлийг ЦЕГ хүлээж авч байгаа бөгөөд үүнийг хүний эрхийн байгууллагууд шүүмжилдэг. Учир нь цагдаа цагдаагаа шалгах нь үнэнд нийцдэггүй ажээ. Тэгээд ч нэг сургуульд, тохой нийлүүлэн сууж байсан, нэг өрөөнд суудаг цагдаагийнхаа хэргийг шалгана гэдэг маш хэцүү байх нь ойлгомжтой. Тиймээс эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тусдаа байгууллага байх нь зүйтэй.

2000 онд конвенцид нэгдсэний дараа Улсын ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулсан нь Эрүүдэн шүүх гэмт хэрэгтэй тэмцэх тэмцлийг нэмэгдүүлжээ. Бас ч үгүй тэр алба хөрөнгө санхүү, удирдлагын хувьд хараат бус байх нөхцлийг бүрдүүлж байж.

Тус албаны даргаар ажиллаж байсан Б.Галдаа гуай ярихдаа: “Бид эрүүдэн шүүлттэй тэмцэх чиглэлээр хүний

Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах албаны дарга асан, дэд профессор, судлаач Б.Галдаа

эрхийн байгууллагууд болон хуулийн байгуулллагуудтай хамтарч тодорхой ажлыг явуулсан нь олны таашаалыг хүлээсэн. Эрүүдэн шүүхтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргийг шалгах ажил амар биш. Ил, далд эсэргүүцэлтэй тулгарна. Хуулийг хэрэглэх, түүнийг тайлбарлах хүрээний үзэл бодол, тухайн хүмүүсийн дотоод итгэл үнэмшилтэй холбоотой хүчин зүйл нөлөөлнө. Гэхдээ л тухайн үедээ эрүүдэн шүүхтэй тэмцэх үүрэгтэй хараат бус, бие даасан бүтцийг байгуулсан хэмээн олзуурхан ярьж байсан албаа татан буулгачихлаа. Анх байгуулсан хүнийхээ хувьд бус арван жил тасралтгүй зүтгэж, хар цагаан хоёрыг хамтдаа үнэлж, дүгнэж явсан хүний хувьд үүнийг хэлэх эрх надад бий. Улсын ерөнхий прокурорын дэргэд мөрдөн байцаах алба байгуулсан нь Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүрэгтэй зөрчилдөж байна гэж үзсэн бол дэндүү гэнэн үндэслэл. Прокурорын байгууллагын тухай хуульд заанаар прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй. Энэ эрхээ мөрдөн байцаах албаар гүйцэтгүүлж байна гэж эндүүрсэн хэрэг үү. Тэгж яривал прокурор мөрдөн шалгах эрхээ мөрдөн байцаагчид даалгавар бичих замаар шалгуулах эрх нь бий. Яг энэ асуудлаар 2003 онд байх Үндсэн хуулийн цэц гомдлын дагуу шалгаад үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргачихсан шүү дээ. Яаруу шийдсэний цаана нуугдмал учир шалтгаан байгаа байх, түүнийг хайх хэрэгтэй” гэжээ. /http://vip76.mn/content/28354/

Яаруу шийдсэний цаана нуугдмал учир шалтгаан байгаа байх, түүнийг хайх хэрэгтэй

Монгол улсын их хурал 2014 оны 1-р сард Прокурорын байгууллагын тухай хуулийн 10,45 дугаар зүйлийг хүчингүй болгож, 22-р тогтоолоор УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаар албыг татан буулгаж тус албаны орон тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийг Авилгатай тэмцэх газарт шилжүүлэх шийдвэр гаргажээ. Мөрдөн байцаах албаны харьяалах хэргийг АТГ, ЦЕГ-т шилжүүлсэнээр хараат бус, бие даасан мөрдөх алба байхгүй болсон. Мөн иргэд тодорхой хэргийг хаана хэнд, хандаж шалгуулах нь бүрхэг болжээ. Тиймээс Хүний эрхийн ТББ-ын форумын гишүүд  гурван удаа хуралдаж, “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенци”-ийн зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэж, Эрүүдэн шүүх хэрэгт мөрдөн шалгалт явуулах бие даасан, хараат бус албыг дахин байгуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгчээ.

Түүнээс гадна эрүүдэн шүүхээс ангид байхын тулд төрийн албанд ямар ч муу хүн очсон сайн болгож ажиллуулах хяналтын механизм хэрэгтэй. Хууль сахиулагчид руу чиглэсэн хүний эрхийн хандлагыг төлөвшүүлэх сургалтыг тогтмол хийх ёстой ажээ.  

Цагдаагийн байгууллагын муу менежмент хүний эрхийг заримдаа зөрчихөд хүргэдэг. Тиймээс албан хаагчдынхаа стрессийн

менежментэд ямар арга хэмжээ авах вэ, стрессийг хэрхэн тайлах вэ зэргээр сэтгэл зүйн нөхөн сэргээх үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай ажээ. Хүнд ноцтой хэрэг дээр ажилласан цагдааг дараагийн хэрэгт шилжүүлэхэд анхаарах ёстой. Ер нь эрүү шүүлт байна гэдэг нь цагдаагийн байгууллага зохих түвшинд мэргэшээгүйг харуулдаг ажээ.

Өнөөдөр хууль эрх зүйн олон шинэчлэл хийгдэж байна. УИХ дээр Эрүүдэн шүүхтэй тэмцэх нэмэлт протоколийг соёрхон батлах тухай асуудал яригдаж байна. Хэрвээ батлачихвал манай улс нэг алхам урагшилж, эрүүдэн шүүхтэй тэмцэх үндэсний механизмыг байгуулж чадна.

Тиймээс хаа, хаанаа хүний эрхийг хангах, хамгаалахад соргог ажиллаж, анхаармаар байна. Тэгж байж бид айх айдасгүй, тайван сайхан нийгэмд амьдрах бус уу.