Ц.Оюунгэрэл: Олон улсын конвенцийн дагуу тэтгэврийн насанд ойртсон хүнийг ажлаас халах ёсгүй
УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл
2014.12.03

Ц.Оюунгэрэл: Олон улсын конвенцийн дагуу тэтгэврийн насанд ойртсон хүнийг ажлаас халах ёсгүй

УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлтэй ахмадын асуудлаар ярилцлаа.

- Төрийн түшээ хүний хувьд та Монгол улс ахмадынхаа талаар ямар бодлого барьж ажиллах ёстой гэж бодож байна вэ?

Юуны өмнө хөдөлмөр хийж буй ахмадуудынхаа эрхийг сайн хамгаалах хэрэгтэй. Төрийн байгууллагууд халаа сэлгээ хийхээрээ түрүүлээд ахмад хүмүүсийг халах гээд байдаг. Гэтэл ахмадын талаархи олон улсын конвенци, ахмадыг хамгаалах ёс зүйн дагуу тэтгэврийн насанд ойртсон хүмүүсийг аль болох халахгүй байх бодлого барих ёстой.  Миний хувьд соёл, спорт, аялал жуулчлалын салбар дээр яг энэ бодлогыг хоёр жилийн турш баримталж ирсэн. Нийт салбарын төрийн байгууллагууд болон яамныхаа хүрээнд тэтгэврийн насанд 5 хүртэлх жилээр ойртсон хүнийг ажлаас халахгүй байхыг үүрэг болгодог.

Түүнчлэн тэтгэвэрт нэгэнт гарсан ахмадуудад цуглах газар заавал хэрэгтэй. Ахмад хүн гэр гэртээ хоригдох нь нийгмээс таслагдах хамгийн эхний алхам болдог. Тиймээс байгууллага болгон ахмадуудынхаа цуглах газрыг гаргаж өгөх шаардлагатай.

Манай яамны хувьд “Ахмадын өрөө” гэдгийг тусад нь гаргасан. Миний хариуцдаг гурван салбарын ахмадууд эндээ цугладаг, уулздаг.

Гуравдугаарт ахмадын тээж яваа өв санг хэрхэн залуу хойч үед өвлүүлэх вэ гэдэг маш том асуудал. Тиймээс бид БШУ-ы яамнаас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд манай салбарын ахмадууд мэдлэг, туршлагаа залуустаа өвлүүлэх ажилд оролцож байна. Уг ажил маш үр дүнтэй явж байгааг хэлэх хэрэгтэй.

Ахмадын хөдөлмөр эрхлэлт

Мөн Завхан аймагт шавь сургалтын зарчмаар ахмадууд шатар зааж 10 000 шатарчинтай болсон. Ахмадын хүч ийм л их байна.

Энэ мэт ахмадын хүчийг дайчлах, тэднийг зохион байгуулалтад оруулах хөтөлбөр дутагдалтай байна.

ССАЖЯ-ны хувьд соёлын өвийг өндөр хэмжээнд тээж яваа ахмадуудад зориулж тэдний нэрийн шавь сургалтыг дэмжих бодлого баримталж байна. 2013 онд л гэхэд туульч, цуурч зэрэг маш ховордсон авьяастнуудын авьяасыг өвлүүлэхийн тулд шавь сургалтыг нь санхүүжүүлж өгсөн. Ийм замаар ардын уламжлалыг өвлүүлэх сувгуудыг байнга гаргаж байх хэрэгтэй.

Яамны санхүүжилтээр “Соёлын өвийн төв” гэсэн барилга баригдаж байгаа. Тэнд соёлын биет бус өвийг өвлүүлэх шавь сургалтын танхимуудыг байгуулна. Одоогоор Богд хааны ордон музейн хашаанд “Туульчдын өргөө” нэртэй шавь сургалттай даруухан төвийг байгуулчихаад байна.

- Зарим судлаачид ахмадуудад зүгээр нэг бэлэн мөнгө өгчихөөд хөгжүүлэх чиглэлд мөнгө зарцуулахгүй байна гэж шүүмжилдэг. Та энэ талаар юу бодож байна вэ?

Ахмад хүнд халамж, асаргаа байх шаардлагатай.  Ахмадын хөгжлийг спортоор, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах байдлаар хангах боломжтой. Сүүлийн үед ахмадын спортыг хөгжүүлэх ажил нэлээд хийгдэж байна. Ахмадын бүжгийн, явган аялалын, спортын клубууд ажиллаж байна.