Д.Болдбаатар: Бүтээлд хамгийн чухал нь үнэ цэнэ
Уран сийлбэрчин, интерьер дизайнер Д.Болдбаатар
2014.12.04

Д.Болдбаатар: Бүтээлд хамгийн чухал нь үнэ цэнэ

Уран сийлбэрчин, интерьер дизайнер Д.Болдбаатартай ярилцлаа.

-Та өөрийгөө уншигчдад  товч танилцуулахгүй юу ?

Би 1990  онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн сийлбэрийн ангийг төссөн. Гэхдээ төгсөхөөс өмнө “Монгол дизайн” төвд дизайнераар орсон. Тухайн үедээ монголд анх удаа интерьер дизайны төрөлжсөн төв нээгдэх үед анхдагчдын нэг болсон.

Тэр цагаас хойш интерьер дизайнерын салбарт тасралтгүй хорь гаруй жил ажиллаж байна. Түүнийхээ хажуугаар үндсэн мэргэжил болох сийлбэрээр уран бүтээл туурвиж байна.

-Таныг сургууль төгсөх үед дөнгөж ардчилал гарч байсан үе. Тухайн үед та сийлбэрийн бүтээлээ борлуулж байсан тохиолдол бий юу ?

Байлгүй яахав. Тэр үед гадаад валютаар гүйлгээ хийдэг, ихэвчлэн гадаадын хүмүүст үйлчилдэг, дэлгүүрүүдэд модоор цөөн тооны морь сийлээд лангуун дээр тавьчихад хэд хоногийн дараа нилээд хэд нь зарагдчихдаг байлаа. Дэлгүүрийн худалдагч нар хүртэл миний хийсэн морийг авах их дуртай. Би нэг морийг 120-150 ам.доллараар зардаг. Халаасанд бол ам.доллар л байна шүү дээ.

Гэхдээ 1995 оны үед гар урлаачдын хувьд хүнд үе ирсэн.  Санхүүгийн эх үүсвэргүй болж, худалдан авагчийн тоо ч цөөрсөн. Учир нь бараг бүх хүн зах зээл, наймаа гээд явчихдаг байлаа. Зарим нэг нь бүтээл хийдэг ч зарагдахад цаг хугацааны хувьд нилээд удаашралтай байсан юм.

-Өнөө үед гар урлалын бүтээгдэхүүний үнэлэмж доогуур байгаа нь хийц, загварын хувьд гологдоод байх шиг. Үүнийгээ дагаад борлуулалтандаа нөлөөлөх зүйл байна. Та ямар бодолтой байдаг вэ ?

Хэв загварын хувьд уламжлалаа хадгалсан бүтээлч санаа үнэ цэнэд хүрдэг. Жишээ нь монгол гэрийг хийхдээ сүүлийн үед найм, арван ханатай бүтээж байна. Гэтэл тэр нь ямар үнэ цэнэтэй, ур чадварын хувьд юуг шингээсэн байх зэрэг нь бүрхэг байдаг. Яг үнэндээ мэргэжлийн ур чадвартай хүн гар урлалын салбарт цөөхөн байна.

Ер нь ихэнх гар урлаачид сонирхогч, олон жил хийсэн туршлагатай хүмүүс байдаг. Тиймээс тэдний хувьд хийж байгаа бүтээл нь том байвал үнэд хүрдэг гэсэн бизнес санаа, бодолтой болчихсон.

Гэтэл хийж байгаа зүйл нь урлаг, тэр дундаа мэргэжлийн байхыг шаардаж байгаа юм. Зах дээр гэр зарж байгаа хүн бол мэргэжлийн биш, хэн нэгнээс сурчихсан түүнийгээ бизнес болгочихсон л хүн байдаг. Гэтэл ингэснээр тухай бүтээлийн үнэ цэнийг алдагдуулж байгаа юм.

Хэв загварын хувьд уламжлалаа хадгалсан бүтээлч санаа үнэ цэнэд хүрдэг.
-Манай гар урлаачдын хувьд ихэвчлэн гэрийн нөхцөлд бүтээлээ хийдэг. Зах зээлийн хувьд ч жижигхэн. Ийм хүмүүс хэрхэн хөгжих боломжтой гэж харж байна вэ ?

Түүнд тодорхой хэмжээний бодлого байх нь зөв. Түүнээс биш өнөөдөр мөнгөгүй болчихлоо, нэг морь хийгээд зарчихна гэж бодвол тухайн бүтээл үнэ цэнээ алдаж байгаа юм. Юун түрүүнд урлагийн бүтээл чанартай, үнэ цэнийг харуулж байх ёстой.

Түүнчлэн хариуцлагатай байх ёстой. Тэгэхийн тулд эдгээр хүмүүс маань баг болоод хамтрах хэрэгтэй. Нэг нь загвар дизайн, эскизээ боловсруулдаг, нөгөө нь хэрэглэгчид рүү хэрхэн хүргэх талаар борлуулалтаа хариуцдаг байвал гар урлаачид хөгжих боломжтой. Түүнчлэн гар урлаачдын хувьд өөртөө болж байна гэх бодолдоо хүлэгдчихсэн байгаа нь хөгжихөд нь саад болдог.

Мэдээж интерьер дизайны чиглэлээр олон жил ажилласан хүн арай өөр сэтгэх байх гэж миний хувьд бодож байна. Хэрвээ танд гар урлалаар сийлбэр хий гэвэл ямар хийц загвартай бүтээл хийх вэ ?

Уран бүтээлээс нь

Маш өвөрмөц л хийх байх. Жишээ нь миний хувьд морины сийлбэр хийвэл зүгээр нэг өнгө будаг, хэлбэр хэмжээг нь тааруулах биш, тухайн амьтны араншинг харуулах тал дээр түлхүү бүтээлчээр ажиллах байх. Хэрвээ энгийн нэг өнгө, будгийг нь тааруулж хийвэл тэр бүтээл бэлэг дурсгалын хэмжээнд л үнэлэгдэнэ.

Харин түүндээ үнэхээр бүтээлчээр хандаад тухайн амьтны дотоод араншин сэтгэхүйг тусгавал үнэлэмж нь өндөр. Миний хувьд ихээхэн судалгаа явуулбал хийж болмоор санагдаж байна. Ямар ч байсан өвөрмөц олон санаанууд миний дотор эргэлдэж байдаг.

Манай гар урлаачдын бүтээлийн чанар хэр байна  вэ ?

Ихэнх гар урлаачдын хувьд бүтээл нь амьдралаа залгуулах орлогын эх үүсвэр болчихсон байдаг. Тиймээс хамгийн их борлогддог зүйлийг хийдэг. Өнөөдөр хөөрөг гэхэд өнөө үед гарын дүйтэй хүн болгон чулуугаар хөөрөг хийж байна. Борооны дараах мөөг шиг. Тандалт хийгээд үзэхээр ихэнх гар урлаачид хөөрөг түлхүү урладаг.

Яг хэлбэр дүрс, мөн чанарыг нь судлаад харвал их гарын хөөрөг эсвэл эмэгтэй хүний барьдаг сүүжин үү гэх ялгаа байдаггүй. Тиймээс үүнд мэргэжлийн байх л чухал. Гэхдээ эдгээр хүмүүсийг буруутгаж байгаа юм биш. Харин хийж байгаа зүйл нь тулга тойрсон байгаа болохоор чухал зүйлийн үнэ цэнийг нь бууруулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.