2014.12.05

Г.Оюунболд: Эрүүдэн шүүх гэмт хэргийг Тахарын алба шалгана

Хүнээр өөрөөр нь биш хууль сахиулагч ур чадвараа ашиглан нотлохоор тусгасан

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа хүний эрхийн ноцтой зөрчил болох хүнд гэмт хэрэгт тооцогддог  эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн асуудлыг хөндөн, энэ төрлийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо Монголд байгаа эсэхийг эрэн сурвалжиллаа. Энэ талаар Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн Г.Оюунболдтой ярилцлаа.

-Монгол улсад эрүү шүүлтийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэн ороод арав гаруй жил болж байгаагийн хувьд төрийн зүгээс ямар санаачлагатай ажиллаж байна. Ялангуяа хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хүний эрхийн талаар ямар зүйлүүд өөрчлөгдөж байна?

1998 онд монголд хамгийн их гэмт хэрэг гарсан. Тухайн үед хорихын нөхцөл маш хүнд байсан бөгөөд жилдээ 100 гаруй хоригдол сүрьеэ болон бусад өвчин, эсвэл ямар нэгэн байдлаар нас бардаг байсан. Энэ үед цагдан хорих байр цагдаагийн байгууллагын мэдэлд байсан. Орон нутагт ч мөн адил. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас өмнө хүнийг хорих эрх мөрдөн байцаагч өөрт нь байсан. Хорих байр нь цагдаагийн харьяанд байсан учир тэр эрхээрээ хүнийг урт хугацаагаар, үндэслэлгүй хорих зэрэг хүний эрхийн зөрчил олныг гардаг байсан.

Хүнтэй зүй бус харьцах, гутаан доромжлох гээд эрүүдэн шүүхээсээ гадна үйлдэл байдаг. Хүнийг гэмт хэрэг үйлдээгүй байхад нь гэмт хэрэг үйлдсэн гэж мэдээлдэг, эсвэл нэр төрийг нь гутаан доромжилж харьцдаг үйлдлүүд байсан. Үүнийг эрүү шүүлтийн конвенциороо эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзэн хориглодог. Энэ байдал манайд хавтгай, тодорхой хэрэг болгоны ард мэдээлэл хийгээд хүний зурагтай нь цацдаг байсан, цагдаагийн дуулга студийн сурвалжлагч гүйж очоод хүүхдүүдийг зурагтаар гаргаад үйлдсэн хэргээ ярьж гэж олон нийтийн өмнө гаргадаг байсан. Гэтэл тэр хүүхэд шүүхээр ороогүй, хэрэг хийсэн нь тогтоогдоогүй, сэжиглэгдэж байгаа хүүхэд байдаг. Гэтэл маргааш нь тэр хүүхдүүдийг бүгдийг нь сургуулиас нь хөөж байсан тохиолдол бий. Бусад улсад хүний царайг бүрзийлгэж, хаалт тавьж гаргадаг.

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос өгсөн 34 зүйлийн зөвлөмж байдаг. Үүнд эрүүдэн шүүлт гэдэг асуудлыг хууль эрх зүйн хүрээнд тодорхой болгох, сэтгэцийн эрүүл мэндийн төвд хүнийг эрүүдэн шүүдэг асуудал байна уу, үгүй юу, архины албадан эмчилгээнд байна уу, алагчлал байнаа уу, бэлгийн цөөнхийг дотоодын хэмжээнд ялгаварладаг мэдээллийг тодорхой ирүүлэх, ажилд авахаас өмнө ДОХ-той хүнээс шинжилгээ шаардах, насанд хүрээгүй этгээдийн шүүх ажиллагаа стандартад нийцэхгүй, орон нутагт хүүхдийг шийтгэх явдал их гарч байна уу, хөдөлмөрийн мөлжлөг болон бэлгийн мөлжлөг, тэвчишгүй хөдөлмөр, хүүхдийн албадан хөдөлмөр байна уу, хүний наймаатай холбоотой асуудал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, цаазаар авах ялтай холбоотой нууцлалыг ар гэрт өгөх, эрүүдэн шүүж олж авсан мөрдөн байцаалт ямар байна, хорих байрны нөхцөл зэрэгт анхаарах зөвлөмж байдаг.

Эдгээрээс бид аль бололцоотойг нь өөрчлөх гээд ажиллаж байгаа. Гэхдээ эдгээр зөвлөмжийг харахаар хууль тогтоомжийн хүрээнд шийдэх нь их байгаа учир хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хуулиудыг өөрчилж байгаа.  Хуулийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлтийг боловсруулаад л явж байгаа.

-Эрүү шүүлттэй холбоотой ямар шинэчлэлийг хийж байгаа вэ. Дэлгэрэнгүй ярьж болох уу?

Одоогийн эрүүгийн хуулинд эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн дагуу оруулах гэж хичээсэн ч бүрэн агуулгаараа ороогүй ч хууль бусаар мэдүүлэг авах, эрүү шүүлт тулгах гэх шинэ үгийг Эрүгийн байцаан шийтгэх хуулийн 251-р зүйлд заасан байдаг. Үүнийг одоогийн Гэмт хэргийн тухай хуулийн шинэчлэлд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэгт, эрүүдэн шүүх гэж бичиж байгаа.

Хэрвээ энэ заалтаар нь батлачихвал Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн агуулгад нийцнэ гэсэн үг.  

 Мөн нийтийн албан тушаалтан, хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан, цэргийн хүн гээд субьектыг нэмж өгч байгаа. Өөрөөр хэлбэл эрүүдэн шүүж хүний амь насыг хохироосон бол, эрүүдэн шүүж олж авсан баримтын нотлох чадвар алдагдаж, хүндрүүлж үзэхээр байгаа. Хэрвээ энэ заалтаар нь батлачихвал Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн агуулгад нийцнэ гэсэн үг.  Өмнөх хуулиар процесст биш, хүнд эрх мэдэл өгчихсөн учир тэр хүн дураар авирлах боломжтой учраас хүнийг эрүүддэг байсан бол одоогийн өөрчлөлтөөр процесс буюу хурал, мэтгэлцээнд нь эрх мэдэл өгнө.

Хоригдох, хоригдох ёсгүй байх ёстой гэж мэтгэлцэнэ гэсэн үг. Одоогийн тогтолцоогоор хүнийг хорих шийдвэр гарч байхад өөрийг нь байлцуулахгүй байгаа бөгөөд мөрдөн байцаагч шүүх дээр гүйж очоод хорих тогтоол гаргуулаад хорьчихдог. Энэ явдлыг дэлхий нийт 200-300 жилийн өмнө шийдчихсэн байхад бид одоо л өөрчлөхөөр ажиллаж байна.

-Тэгвэл одоо хууль сахиулагч нар эрүүдэн шүүхийн гэмт хэрэг хийлээ гэхэд ямар тогтолцоогоор хэргийг нь шалгаж байгаа вэ. Хуулийн өөрчлөлтөөр цагдаа цагдаагаа шалгасаар байгаа явдлыг өөрчлөх үү?

Засгийн газар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны өмнө Монгол дахь хүний эрхийн төлөв байдлын тайланг бичихээр ажиллаж байна. Гэхдээ энэ тайланг шүүмжлэх болно. Учир нь манай улс эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн шалгах УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгачихсан нь ухралт болсон. НҮБ зүгээр суулгүйгээр манай улсын хууль сахиулах байгууллагуудад янз бүрийн хоригууд, сургалтууд, дэмжлэг туслалцаа, бойкотуудыг ирүүлэх байх гэж таамаглаж байна.

-Гэхдээ АТГ, ЦЕГ-т үүрэг нь очсон юм биш үү, тэр ажиллаж чадахгүй байна гэсэн үг үү?

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенциороо эрүүдэн шүүх гэмт хэргийг шалгадаг тусгайлсан хараат бус байгууллага байх ёстой гэдэг. УЕП-ын Мөрдөн байцаах алба энэ чиглэлээр арван жил ажилласан. Өнөөдөр нэгэнт байгууллага байхгүй болсон. Зарчмын хувьд уг нь прокурор мөрдөн байцаах үйл ажиллаганд хяналт тавих үүрэгтэй.

Тэгсэн мөртлөө дэргэдээ хэрэг мөрдөн шалгаж болохгүй байсан. Өнгөрсөн арван жилийн хугацаанд алдаа оноо байсан. Одоо нэгэнт байхгүй болсон учраас шинээр байгуулагдсан Тахарын албанд энэ чиг үүргийг шилжүүлж болох юм гэж харж байгаа.

-Тахарын албаны чиг үүрэг өөр шүү дээ. Болно гэж үү. Хараат бус байж чадах уу?

Тахарын алба шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг учир шинэ гэмт хэргийн хуулинд энэ чиг үүргийг шилжүүлж болно. Шүүх таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэгт эрүүдэн шүүх гэмт хэрэг, нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх, шүүхээс оргон зайлсан гэмт хэргүүд ордог.

Алдаагаа засахгүй бол олон улсын өмнө ичгүүртэй байдалд орно. Нэгэнт прокурор, шүүх дэргэдээ мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж болохгүй учраас Тахарын албанд харьяалахад ямар ч харшлах зүйлгүй. Цагдаа өөрөө мөрдөж болохгүй.

-Прокурын мөрдөнг татан буулгаж байхад засгийн газар хаана байсан юм бэ. Эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн талаар тухайн үед яриагүй гэж үү?

АТГ-аас Их хуралд хууль өргөн бариад, Хууль зүйн байнгын хороонд хэлэлцэгдэн дэмжигдээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж шийдсэн асуудал. Засгийн газрын саналыг аваад зөвшөөрсөн зөвшөөрсөн нь хамаагүй шийдсэн гэсэн үг. Гэтэл хүмүүс Хууль зүйн яам ийм санал гаргаад шийдүүлсэн гэж байгаа ч ерөөсөө тийм зүйл байхгүй. Харин ч тухайн үед засгийн газар дэмжих бололцоогүй гэдгийг Х.Тэмүүжин сайд мэдэгдсэн байдаг. Манай яамныхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр л татан буулгаж буй шийдвэрийг харсан.

Энэ шийдвэрийг УИХ их хурдан шийдээд дээрээс нь АТГ-т УЕП-ын мөрдөн байцаах албаны төсөв, хөрөнгийг өгөөд, дээрэс нь АТГ-ын ажилтнуудыг цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжид хамруулаад амжсан. Одоо мөрдөн байцаах албаны чиг үүргийг нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаанд ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тасгийн тусгай субьектүүдийн гэмт хэргийг шалгадаг хэлтэс нь түр хариуцаж байгаа.

-Энэ жил эрүү шүүлттэй холбоотой хичнээн хэрэг бүртгэгдсэн бэ. Хууль зүйн яаманд мэдээлэл ирсэн байх.

УЕП-ын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтэс 2014 оны эхний хагас жилд 162 хэргийг шалгаж байсан. 2013 онд 187 хэрэг бүртгэгдсэн. Гэхдээ эдгээр тоог бүгдийг нь эрүүдэн шүүх гэмт хэрэг гэж ойлгож болохгүй. Яг эрүү шүүлт гэхээс илүү субьект заасан учир албан тушаалын гэмт хэрэг юм уу, эрүү шүүлтийн гэмт хэрэгтэй дангаараа тэмцэж чаддаггүй байсан.

Цагдаагийн албан хаагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээр, цагдаа хүн дайрчихаар, найзыгаа цохичихоор энэ алба шалгадаг байсан, хэргийн харьяалал гэхгүйгээр албан тушаал зааж шалгадаг байсан учир ахуйн хүрээний хэрэг ордог байсан. Үүнийг засах ёстой. Эрүү шүүлт гэхэд хэцүү.

Манай улс конвенцид нэгдсэн. Тиймээс одоо Эрүүдэн шүүхийн нэмэлт протоколийг соёрхон баталж, үндэсний буюу хэдэн хэдэн байгуулагад энэ чиг үүргийг хувааж өгөх замаар эрүүдэн шүүхтэй тэмцэхээр ярьж байгаа.

Үүний дагуу ХЭҮК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын албыг дэмжих байдлаар конвенцийг зорилгод нийцүүлнэ.

-Эрүүдэн шүүхээс үүдсэн хохирол барагдуулалтыг төр хариуцна гэдэг. Хохирлыг хэрхэн барагдуулсан бол?

Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдаад хилс хэргээр ял шийтгэгдсэн хүмүүсийн судлагааг Хууль зүйн хүрээлэн гурван жилээр нь хийсэн байдаг. Үүнд 2006-2009 онд дээд тал нь сэтгэл санааны хохиролд 100 сая төгрөг нэхэмжлээд шүүхээр шийдвэрлэхдээ дээд талдаа 20 саяыг өгч, хамгийн бага нь 300 мянгыг өгсөн байна.

Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх хуулийн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл иргэний хуулинд сэтгэл санааны хохирлыг хуульд заасан тохиолдолд нөхөн төлнө гээд заасан ч тэр хууль нь байхгүй учраас шүүгч жишгээрээ шийддэг.  

2008-2014 онд нийтдээ энэ төрлийн хохиролд 7,7 тэрбум төгрөгийг иргэдэд олгосон. 

Таван жилийн өмнө “Иргэнд учирсан хохирлыг нөхөн төлөх сан” Сангийн яаманд байсан учраас хохирлыг нэхэмжлэхэээр шүүх хуралд Сангийн яамны ажилтан ордог байсан. Тиймээс манай яаман дээр хэдэн хүнийг хууль бусаар цагдан хорьсон бэ, хэдий хэмжээний хохирлыг улсаас гаргасныг мэддэггүй байлаа. Харин 2009 оноос хойш Хууль зүйн яаманд шилжсэнээс хойш 2008-2014 онд нийтдээ энэ төрлийн хохиролд 7,7 тэрбум төгрөгийг иргэдэд олгосон. Энэ гомдол хилс хэрэг, улс төрийн хэрэг, эрүү шүүлт гээд бүгд ороод гэсэн үг.  

Үүнээс эрүүгийн байцаах шийтгэх ажиллагааны явцад прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хохиролд 137 иргэнд хуулиар 1,5 тэрбум төгрөгийг нөхөн төлсөн гэсэн үг. Одоогийн байдлаар хамгийн сүүлд гэхэд 7 сарын 1-ний хэргээр гар хөлөндөө буудуулсан хоёр залуу тус бүрдээ 60-70 сая төгрөг авахаар Иргэний шүүхийн шийдвэр гарсан.

Төр нэг талаасаа Үндсэн хуулийн 19-р зүйлийн нэгд заасны дагуу “эрх ашиг нь хохирсон, иргэнийхээ хөндөгдсөн эрхийг сэргээх эдлүүлэх үүргийг хариуцаж” байгаа учраас нөхөн төлбөр өгөх ёстой.

-Тэгвэл буруутай үйл ажиллагаа явуулсан төрийн албан хаагчтайгаа ямар нэгэн хариуцлага тооцдог уу?

Нэг асуудал бий. Яг хуулиараа эрүү шүүлт биш байдаг. Гэхдээ илт хууль бусаар хорьчихсон нь шүүхээр тогтоогддог. Тиймээс энэ жил Хууль зүйн сайдын тушаалаар “Төрийн санд учруулсан хохирлыг буруутай албан хаагчаас нөхөн төлүүлэх тухай журам”-ыг гаргаж, буруутай үйл ажиллагаа явуулсан төрийн албан хаагчаас төлбөр мөнгийг өөрөөр нь гаргуулах тухай журмыг боловсруулахаар ажиллаж байна. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэн хаана алдаа гаргасан гэдгийг шалгаж, буруутай албан хаагчаас нөхөн төлүүлнэ. Гэхдээ энэ бол түр журам. Хуульчлах хэрэгтэй.

-Одоо манайхан хүнийг шалгахдаа заавал эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьдог. Энэ ажиллагаа нь иргэдийн эрхийг зөрчих тохиолдол болох жишээтэй. Харин гадны улсад энэ тогтолцоо өөр байдгийг хуульчид хэлдэг?

Энэ тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлагатай. Монгол Улс сүүлийн 70 жилийн турш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мөрдөн шүүдэг, байцаалтаар хэргийг нотолдог арга барилаар явж ирсэн. Хүн өөрөө хэргээ хүлээсэн л бол хэргийг шийдэж болох хамгийн том нотлох баримт гэж үздэг. Тиймээс манайхан хүнээр өөрөөр нь хэргийг нь хүлээлгэх гэж эрүүдэн шүүж, нэр төрийг нь гуГаан доромжилж харьцдаг. Эсвэл цагдан хорьчихоод, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг.

Эсвэл яллагдагчаар өөрөөр нь гэрч хохирогчийг дуудуулж байцаах зэргээр нотлох баримт бүрдүүлдэг.Хэргийг хоёр талаас тэгш гарааны боломж олгож, шүүхийн өмнө аливаа асуудлыг мэтгэлцэх зарчмаар шийднэ гэдэг боловч одоо хүртэл хэрэгждэггүй. Үнэндээ иргэн хэн өөрийг ямар үндэслэлээр хэрэгт холбогдуулан шалгаад байгааг болон халдашгүй эрхээ хамгаалуулж мэддэггүй. Үндсэн хуульд хүн өөрийнхөө эсрэг,  миний хамаатан садан миний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

Түүнчлэн, хүн шударга шүүхээр хэргээ хурдан шуурхай шийдвэрлүүлэх, ямар хэрэгт сэжиглэгдэж байгаагаа мэдэх, өмгөөлөх эрхээр хангагдах эрхтэй. Үндсэн хуульд байдаг эдгээр эрхийг эрүүгийн процессын хуульд бүрэн тусгаж өгөөгүйгээс Монгол Улсад эрүүгийн хавтаст хэрэг гэх мөрдөн байцаагчийн дангаар бүрдүүлсэн баримтаар хүнийг ялладаг болчихсон.

Гэтэл “эрүүгийн хавтаст хэрэг” гэгчээс дэлхий дахин салаад удаж байна. Гарааны тэгш боломж олгож, өмгөөлөгч нь ч адилхан нотлох бар,имт цуглуулж, прокурор нь яллах хүсэлтээ гаргаад шүүх дээр мэтгэлцээд гэм буруутай эсэхийг шийддэг жишгийг бид олон улсаас харж байна. Үүнийг л бий болгохоор хуулийн төслүүдийг боловсруулж байна.

-Хэрэг шалгагдах явцад амиа алдах тохиолдол манай улсын жишигт элбэг байна. Тухайлбал, Д.Амарсайхан агсны хэргийг нэрлэж болох байх. Таны хэлснээр Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй гэдгийг хүний эрхийн байгууллагаас тогтоосон. Ийм тохиолдлыг дахин давтахгүй байх зарчмууд дээрх хуульд тусгагдав уу?

-Хамгийн гол зарчим энэ юм л даа. Хүнээр оролдохгүйгээр хэргийг нь нотлох ёстой. Үндсэн хуулиар тунхагласан халдашгүй эрхийг Эрүүгийн процессын хуулиар зөрчдөг байсан. Энэ хуульд процесст биш албан тушаалтанд эрх мэдэл олгочихсон байсан хэрэг. Тэгэхээр хууль сахиулагчид дураар авирлаж, хүнийг айлгаж дарамталж хэрэг хүлээлгэдэг, эсвэл ял завшуулдаг систем бий болоод удаж байна. Бид ийм системийг байх ёстой л гэж үздэг болохоос биш яагаад өөр байх тухай бодоогүй. Хоёр хөршөө даваад харвал хамгийн болхи эрүүгийн процессын систем манайх байна.

Олон улсын конвенциос үзвэл хүнийг гагцхүү шүүхийн өмнө авчрахын тулд цагдан хорьдог. Түүнээс наана боломжит бүх нөхцөлтэй хязгаарлалтын аргыг хэрэглэ гэж зөвлөдөг. Барьцаа, батлан даалт, гэрийн хорио гэх мэт. Үүнийг зөрчвөл цагдан хорьж болдог. Түүнээс өөр үндэслэлээр урт хугацаагаар хүнийг хорьж болохгүй гэсэн зөвлөмжийг Монгол Улсад удаа дараа өгсөн.

Тиймээс бид шинэ системийг бий болгохын тулд нэгдүгээрт гэмт хэрэг, зөрчлийг шалгах ажиллагаа, хүнийг нууцаар мөшгөхтэй холбоотойгоор Хууль сахиулах үйл ажиллагааны хуулийг, Хоёрдугаарт, яллагдагчид холбогдох яллах болон шүүх ажиллагааг хуульчмйн оролцоотойгоор хэлэлцэж, мэтгэлцэн шийдвэрлэдэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төсөл, Гуравдугаарт, хүний эрхийг хязгаарлахаар шүүгч, шүүхээс арга хэмжээ тохиолдолд хүний үндсэн эрхийг нь зөрчихгүйгээр хязгаарлалт хийх талаар Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хуулийн төслийг боловсруулсан.

Үүнд заавал цагдаж хорихгүйгээр электрон гав зүүх, техникийн ажлын хяналт тавих, сар тутамд анхааруулах гэсэн бүх процессыг хуульчилж байгаа юм.

-Хэргийн хохирлыг зөв тогтоох, мөрдөн байцаалтын шударга зарчимд шинэчлэл бий юу?

Хууль сахиулах үйл ажиллагааны хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр нотлох ажиллагаа явуулахдаа ямар үндэслэлээр явуулах вэ, хохирогчид учирсан хохирлыг хэрхэн тогтоох зэргийг бүгдийг нарийвчлан зааж байгаа. Нотлох баримттай холбоотой бүлгийг шинээр бичсэн.

Тэгэхээр хохирогчийн зөвхөн материаллаг хохирлоос гадна эрүүл мэндийн хохирол, хор уршгийг бодитой тогтоох нэгдсэн систем бий болж чадна гэж үзэж байна. Урьд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан, одоо хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж байгаа Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн төсөл ч энэ зарчмыг тусгасан. Цаашид Монгол Улсад сэтгэлзүйн хохирлыг үнэлэх аргачлал бий болох байх гэсэн хүлээлт бий.

-Хуулийн төслүүдээ боловсруулчихлаа. Хууль төртөл хэр хугацаа зарцуулах бол?

-хуулийн төслүүд боловсруулах ажилд үндсэндээ хоёр жил зарцуулж хуульчид, шүүгч, прокурор, өмгөөллөгч төдийгүй эрдэмтэн судлаачдыг боломжтой бүхий л хэлбэрээр оролцуулан ажиллаж байна.

Энэ 11 сард дээр дурдсан хуулийн төслүүд боловсруулагдаж дуусаад бусад байгууллагуудаас албан ёсны санал авах төвшинд шилжиж байна. Холбогдох байгууллагуудаас санал авсны дараа УИХ-д өргөн барина гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.