Гар урлалын интернет маркетинг
Интернет бол олон хүнд бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах хамгийн дөт, хялбар зам
2014.12.05

Гар урлалын интернет маркетинг

Эдүгээ гар урлалын бүтээгдэхүүнийг интернетээр сурталчилж борлуулах нь хамгийн хямд, дөхөмтэй суваг болжээ. Хэдийгээр манайд гар урлалын интернет маркетинг сайн хөгжөөгүй ч удахгүй урлаачид интернетийг өөрийн бизнестээ идэвхтэй ашиглаж эхлэх нь уг зах зээлийн жам юм. Гар урлал эрхэлдэг, сонирхдог хүмүүст зориулж гадны туршлагатай урлаачдын интернет ашиглах сонирхолтой зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Интернет дэлгүүр

Интернет дэлгүүр гэдэг нь энгийн үгээр хэлбэл жижигхэн зураг бүхий олон тооны багахан цонхнуудын цуглуулга юм. Урлаач болгон тус дэлгүүрт өөр өөрийн бяцхан онлайн мухлагтай гэсэн үг. Хэрэглэгч таалагдсан цонх руу орж бүтээлийн зургийг үзнэ, хэмжээ, бүтэц зэргийг шинжсэний дараа хүсвэл “худалдаж авах” гэсэн цонхон дээр дарна, эсвэл зохиогчийн бусад бүтээлийг үзнэ, нэг бол бүр гараад явчихна.

Ийм сайтууд танилцах сайтуудтай ижил зарчмаар бүтдэг. Танилцах сайт руу орсон хүмүүс хамгийн тод, гоё гарсан, нүдэнд туссан зурган дээр дардаг.

Гар урлалын бүтээгдэхүүний зураг ч үүнтэй адил хүний нүдэнд тусахаар байх хэрэгтэй. Хэрэв муу зурагтай, хүнд анзаарагдахааргүй байвал борлох шаанс бага гэсэн үг.

Ямар бүтээлээ цонхонд харагдуулах вэ гэдэг маш чухал. Голдуу тод ээмэг, бөгж, овор багатай цүнх, тоглоом зэрэг нь илүү анзаарагдах магадлалтай. Харин урт ороолт, том дэр, бүтээлэг зэрэг нь амжилт муутай. Түүнчлэн орчноосоо ялгарах, таны бүтээлийг тод харагдуулах фон сонгох хэрэгтэй.

Туршлагатай урлаачид интернетэд тавьсан бүтээлээ байнга шинэчилж байхын зэрэгцээ өөрийгөө худалдан авагчийн оронд тавьж бүтээлийнхээ танилцуулгыг бичих хэрэгтэй гэж зөвлөдөг.

Бүтээгдэхүүний зургаас гадна урлаач өөрийн профайлд тавих зурагтаа анхаарах хэрэгтэй. Зураггүй профайл хүмүүст үргэлж сэжиг төрүүлдэг. Аливаа гар урлалын бүтээгдэхүүн хайж буй худалдан авагч зохиогч нь ямар хүн байдаг бол гэж үргэлж сонирхдог. Зохиогчийн дүр зураг таалагдвал бүтээгдэхүүн борлох нигууртай. Эдүгээ дэлхийн том фирмүүд хүртэл бүтээгдэхүүнээ “хүнчлэх” хэрэгтэй гэдгийг ойлгоод эхэллээ. Тухайлбал “IKEA” фирм катологитоо шинэ хийц, дизайн бодож олсон дизайнеруудынхаа зургийг тавьдаг.

Дэлхийд алдартай www.etsy.com интернет дэлгүүрийн сайт

Тиймээс өөрийнхөө зургийг сонирхолтой авахуулах хэрэгтэй. Хийсэн зүйлээ барьж зогссон ч юмуу эсвэл бүтээл хийх үеийн зураг байвал сонирхолтой. Хэрэв профайл дээр ууртай царайтай зураг байвал бас таагүй. Түүнчлэн та яагаад гар урлал эрхлэх болсон, хийсэн зүйлээсээ ямар таашаал авдаг тухайгаа бичвэл бүр сонирхолтой.

Нэг үгээр таньд ноогдсон тэр жижигхэн цонхыг бүх талаас нь ашиглах хэрэгтэй.

Та өөрийн бүтээлийг дотоодын болон гадаадын сайтуудаас сонгож тавьж болно. Тухайлбал www.etsy.com нэртэй олон улсын сайт бий. Хэрэв та энэ сайтад бүртгүүлвэл PayPal төлбөрийн системийг ашиглах хэрэгтэй болно.

Өөрийн сайт

Урлаачийн хувийн сайт нь имидж бүрдүүлэх, борлуулах гэсэн хоёр төрөл байдаг. Имиджийн сайт нь цэвэр уран бүтээл, урлаачийн бие хүн рүү чиглэсэн бөгөөд борлуулах нь гол зорилго биш. Нэг үгээр хэлбэл энэ бол урлаачийн онлайн урлан гэсэн үг. Энд түүний хамгийн шилдэг бүтээлүүд, хэвлэлийнхэнд өгсөн ярилцлага, нэвтрүүлэг, урландаа ажиллаж буй зураг, үйлчлүүлэгчдийн инээсэн зураг, уран бүтээлийн сэдвээр бичсэн нийтлэлүүд байна. Ийм сайттай байх нь сайхан ч үүний зэрэгцээ бас мөнгө олох хэрэгцээ урлаач болгонд бий. 

Хувийн интернет дэлгүүр нь тухайн урлаачийн бүтээлийг ангилсан цонхнуудаас бүрддэг. Сийлбэрч хүн байлаа гэж бодоход амьтны сийлбэр, хүний сийлбэр, гэрийн тавилга гэх мэтээр бүтээлээ төрөлжүүлж цэсэд хуваана.

Хувийн интернет сайт байгуулахдаа интернетийн хэрэглэгч зүгээр нэг интернет дэлгүүр биш, зохиогчийн уран бүтээлийн онцлог “үнэртсэн” орчинд зөвхөн “өөрт нь зориулсан” бүтээлийг худалдаж авах сонирхолтой байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. 

http://store.pakerson.it/

Тиймээс “имидж+дэлгүүр” гэсэн зарчмаар хандах хэрэгтэй. Зурагнууд хамгийн том байх хэрэгтэй. Гол хуудсанд шинээр хийсэн шилдэг бүтээлийнхээ зургийг тавибал дээр. Мэдээж урлаачийн хувийн мэдээлэл, таны онцлогийг харуулсан, сайхан гарсан зураг хэрэгтэй. Өөрийн уран бүтээл, урлангийнхаа талаар дэлгэрэнгүй бич.  Нийтлэл болгоныг сонирхолтой зургаар баяжуулах хэрэгтэй.

Сайтаа байгуулахдаа аль болох цөөн цонхтой байхаар бодож хийхгүй бол хэрэглэгч төөрчихнө. Хамгийн тохиромтжтой нь “Худалдана”, “Архив”, “Худалдаж авах арга”, “Холбоо барих” гэсэн хувилбар юм. Энэ дундаас Архивыг дотор нь он жил, төрлөөр нь ангилах хэрэгтэй.

Сайт байгуулахын тулд их мөнгө зарах хэрэггүй. Гадаад дотоодын урлаачдын сайтыг судалж үз. Интернетэд бэлэн загварууд байдаг бөгөөд ойролцоогоор 300 долларын үнэтэй.

"Урлаач хүн зөвхөн өөрийн харж буй зүйлийг бус, бусдад харагдах зүйлсийг дүрслэх хэрэгтэй." Поль Валери

Түүнчлэн өөрийн сайтдаа домэйн нэр буюу хаяг бодож олох хэрэг гарна. Сайтын хаяг хялбархан цээжлэгддэг, хялбархан олддог байх хэрэгтэй. Түүнээс гадна жилд ашиглаж буй серверийн төлбөрт 15-20 доллар, ашиглалтын төлбөрт сард 10-20 доллар төлдөг. Мөн сайтаа нэрлэхдээ Google зэрэг хайлтын системд хялбархан олдохоор нэр зохиох хэрэгтэй. Тухайлбал “Урлаач Доржийн сийлбэр” гэх зэрэг.

Блог

Туршлагатай урлаачид голдуу блогийг ашигладаг. Блог гэдэг нь үнэ төлбөргүй ашиглаж болох бэлэн загвар бүхий хувийн сайт юм. Өөртөө блог нээх урлаач Google компаний www.blogger.com гэх зэрэг серверт бүртгүүлснээр уран бүтээлээ сурталчлах үнэ төлбөргүй онлайн орон зайтай боллоо гэсэн үг. Ер нь энэ мэтийн блогийн серверүүд цөөнгүй бий.

Урлаачид блогтоо өөрийн уран бүтээлийн түүх, урласан зүйлийнхээ талаар тодорхой бичих боломжтой учраас уншигч урлаачийг бүх талаас нь таних боломжтой. Үзэсгэлэн худалдаан дээр санаанд таарах бүтээл олоогүй хүн блогоос олох тохиолдол цөөнгүй.

Блогт худалдан авагчаас гадна ижил сонирхолтой хүмүүстэй танилцах боломжтой. Бүтээлээс тань худалдан авсан хүнтэй цаашдаа байнгын холбоотой байх зарчмаар худалдан авагчдын таньд итгэх итгэл улам бэхжинэ.

"Таньд хамгийн их гомдол мэдүүлдэг үйлчлүүлэгчид бол таны хамгийн сайн судлах ёстой хүмүүс." Билл Гейтс

Блогийн хамгийн давуу тал бол үнэ төлбөргүй. Энэ бол үнэ төлбөргүй реклам, түрээсгүй лангуу, түүнчлэн маш олон хүнд хүрэх боломжтой.

Блогт мөн л сайн зургууд тавих хэрэгтэй. Орчин үед үнийн хувьд боломжтой, хүчин чадал сайтай гэрэл зургийн аппаратууд бий болсон. Хэрэв яаж аятайхан зураг авах аргаа олохгүй байвал зураг авдаг хэн нэгнээс зөвлөгөө авчихад хангалттай. Түүнчлэн авсан зургандаа энгийн программаар засвар хийчихдэг байх хэрэгтэй.

Ингээд блог нээчихлээ гэж бодъё. Харин яаж ажиллуулах вэ?

  1. Том, сайхан гарсан зураг. Бүтээлийн танилцуулга, үнэ зэрэг бүх үзүүлэлтүүд. Өөрийнхөө зургийг зохиогчийн хэсэгт тавихаа мартав аа
  2. Эх текст. Тухайлбал энэ бүтээл яаж бүтсэн түүх, материалыг олох гэж хичнээн зүдэрсэн зэрэг. Нэг үгээр хэлбэл уншигчдад таалагдаж болох түүх, баримтууд. Ингэх нь зохиогчийг олон талаас нь уншигчдад нээж өгөхийн зэрэгцээ худалдан авах магадлалыг ихэсгэнэ.
  3. Өөрийн амьдралын тухай бич. Блог нээгээд удаагүй урлаачид ингэх нь хэрэггүй гэж боддог болов ч практикаас харахад хүмүүс тухайн бүтээлийг хийсэн хүний хувийн амьдрал ямар байгаа бол үргэлж сонирхдог. Мэдээж бүх амьдралаа хүүрнэ гэсэн үг биш. Хөгжилтэй, дурсамжтай зүйлсээ бичиж болно.
  4. Ижил сонирхолтой хүмүүс цугладаг олон нийтийн сүлжээн дэх групп, форумуудад элсэж тэнд хэн юу бичиж байгааг судал. Энэ нь таньд өрсөлдөгчдөө, хэрэглэгчдээ судлах боломжийг олгоно.
  5. Хүмүүсийн үлдээсэн комментэд эелдэгхэн хариу бич. Гэхдээ хэтэрхий онгирч болохгүй.
  6. Хэрэв та блогоо тогтмол, идэвхтэй ажиллуулж чадвар google- ээс олдох магадлал ихэснэ.

FACEBOOK маркетинг

Алхам 1. Facebook хуудасны толгойн хэсгийг сонирхолтой, нүдэнд тусахаар хий

Таны хуудас руу орсон хүн хамгийн түрүүнд дээд хэсгийн зургийг хардаг. Чухам зураг нь сонирхолтой байхаас хамаарч хэрэглэгч лайк дарах эсэх нь шийдэгддэг. Сонирхолтой хуудас хийхэд зориулсан shortstack нэртэй тусгай сервер ч бий.  Уг серверын тусламжтай та онлайн дэлгүүр байгуулж, тоолуур тавих зэрэг олон зүйлийг хийж болно.

Алхам 2. Таны бичсэн постууд бүтээлийг тань сурталчилахаас гадна таны үнэт зүйлсийг тусгасан байх хэрэгтэй

Nike компаний фэйсбүүк хуудас нь спортын давуу тал, идэвхтэй амьдралын хэв маягт уриалсан байдалтай байна. Nike-ийнхан хуудсаа спортын тэмцээн уралдааны мэдээлэл, олон сонирхолтой зураг, дүрс бичлэг тавих замаар байнга баяжуулдаг. Хэтэрхий олон ишлэл, мэргэн үг бичих хэрэггүй. Facebook-ийн хэрэглэгчид “юм үзсэн толгойнууд” байдаг учир иймэрхүү зүйлд хууртахгүй.

Найк компаний фэйсбүүк хуудас

Алхам 3. Тогтмол бай

Хуудсандаа ямар цэс хийхээ сайтар бод. Бичих зүйлээ системтэй, тодорхой дүрмийн дагуу бич. Тухайлбал мягмар гараг болгон бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, харин баасан гарагт сонирхолтой гэсэн постууд бичиж байх. Хамгийн гол нь завсардуулж болохгүй. Тэгвэл уншигчдаа алдана.

Алхам 4. Груптээ өдөрт нэгээс илүү материал нэмж хэрэггүй

Хэрэв та өдөрт хэрэгтэй хэрэггүй 8 пост бичвэл хэнд ч сонирхолгүй. Хэтэрхий олон посттой аккуантыг блоклох магадлал их. Тэгээд ч дараагийн пост эхний постоо далдалдаг.

Алхам 5. Сурталчилах, зугаацуулах постуудын баланс

Зөвхөн сурталчилгаа тавибал хүмүүсийг амархан залхаана. Сонирхолтой түүх бичиж, ашигтай мэдлэгийг хуваалц. Ерөнхийдөө реклам 20%, сонирхолтой пост 80% гэсэн дүрмийг барь. Цаг заваа сурталчилгааны бус постод зориулж буй компанид хүмүүс нааштай ханддаг.

Алхам 6. Группын амьдралд идэвхтэй оролц

Шинэ үйлчлүүлэгчдийг татаж, хуучныгаа авч үлдэхийн тулд хуудсаа хэзээ ч хайхрахгүй хаяж болохгүй. Энэ талын амжилттай жишээ нь Ben & Jerry’s компаний Facebook хуудас. Тэд үйлчлүүлэгчдийн хийсэн бүтээлийг байрлуулж долоо хоног тутам шилдэг бүтээл, гэрэл зураг шалгаруулдаг. Зарим нэг нь үнэхээр сод бүтээл хийх тохиолдол ч бий.

Бусад зөвлөгөө

Бүтээлч бизнес явуулдаг хүмүүс үйлчлүүлэгчиддээ байнгын анхаарал тавьдаг. Худалдан авагчаа алдахгүй, улам их болгохын тулд тэдэнтэй байнгын харилцаатай байх хэрэгтэй. Санал бодлыг нь сонс. Ингэж байж та дараагийн бүтээлүүдээ яаж хийхээ шийднэ.

Яг үнэндээ бие даан бизнес хийж буй урлаач хүн цаг завынхаа дөнгөж 10 хувийг уран бүтээлдээ, үлдсэнийг нь бүтээлээ сурталчлахад зориулдаг. Ялангуяа үйлчлүүлэгчидтэйгээ харилцаатай байхад ихэнх хугацаа орно. Зөвхөн өөртөө анхаарал тавихаа болих хэрэгтэй. Эргэн тойронд сонирхолтой хүмүүс, тэднээс гарах сонирхолтой санаа олон бий.

"Та биш, харин хүмүүс таныг амжилтанд хүргэдэг. Тиймээс бусдад анхаарал тавьж ажилла." Джек Траут

Америкийн маркетингийн мэргэжилтнүүд нэгэн сонирхолтой зүй тогтлыг олж харжээ. Аливаа бүтээгдэхүүн зах зээлд дараах замаар нэвтэрдэг. Эхлээд шинэ бүтээгдэхүүнийг шинэ зүйлд дуртай, аливааг туршиж үзэх сонирхолтой хүмүүс авдаг. Тэд бусдад байхгүй зүйлээр гайхуулах дуртай.

Дараа нь тэдний танилууд авч эхэлдэг. Тэр авчихсан байхад би яагаад авч болохгүй гэж. Энэ төрлийн хүмүүс худалдан авагчдын дотор хамгийн их. 

Хамгийн сүүлд аливаад болгоомжтой ханддаг, хашир хүмүүс худалдаж авдаг. Тэд эргэн тойрны бүх хүмүүс Айпон утастай болсон цагт л Нокиа утаснаасаа татгалзана.

Гар урлаачдын хувьд шинийг эрэлхийлэгчдийг алдахгүй байх нь чухал. Тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлвэл танилууд нь тэдний үгийг дагадаг. Тэгээд ч гар урлалын бүтээгдэхүүн нь үргэлж өөр өөр, шинэ байдаг.  Шинийг эрэлхийлэгчид голдуу том хотуудад амьдардаг. Тийм жамтай.