Б.Алтантуяа: Чоно борооноор гэдэг шиг Мөрдөн байцаах албыг үгүй болгосон
Эмнести Интернэшнл ТББ-ын Монгол дах төлөөлөгч Б.Алтантуяа
2014.12.08

Б.Алтантуяа: Чоно борооноор гэдэг шиг Мөрдөн байцаах албыг үгүй болгосон

  • Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

  • Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа хүний эрхийн ноцтой зөрчил болох хүнд гэмт хэрэгт тооцогддог  эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн асуудлыг хөндөн, энэ төрлийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо Монголд байгаа эсэхийг эрэн сурвалжиллаа. Энэ талаар Эмнести Интернэшнл ТББ-ын Монгол дах төлөөлөгч Б.Алтантуяатай ярилцлаа.

-Эмнести Интернэшнл ТББ олон жилийн турш хүний эрх болон эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн талаар  ажиллаж, олон нийтийг уриалан дуудсан ухуулах үйл ажиллагаа явуулдаг.Монгол улсын хувьд эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн хэрэгжилт ямар байгаа гэж үздэг вэ. Та бүхэн энэ чиглэлээр амжилттай болсон үйл ажиллагаанаас дурдаач гэвэл юуг хэлэх вэ?

Манай байгууллага нэг талаасаа олон улсын байгууллага учраас олон улсын түвшинд эрүүдэн шүүлт ямар байгаа болоод Монголд ямар байгаа ярих нь зүйтэй байх.

Эмнести Интернэшнл анх үзэл санааны хоригдол, улс төрийн

хоригдлыг суллуулах чиглэлээр ажиллаж, эрүү шүүлтийн эсрэг тууштай тэмцье гэсэн уриалга гаргаад, эрүүдэн шүүхийг ноцтой гэмт хэрэг гэж тооцьё гэсэн саналыг дэвшүүлж олон улсын анхаарлыг татсан. Энэ хүрээнд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг батлуулах, конвенцийг бичиг баримтыг боловсруулахад маш хүчтэй оролцож,  Эрүүдэн шүүхийн эсрэг тунхаглал, улмаар конвенци батлагдаж гарсан түүхтэй. Одоо конвенци батлагдаад 30 дах жилтэйгээ золгож байна.

Харин Монголд 1998 оноос эрүүдэн шүүхийн эсрэг чиглэлээр анх дуу хоолойгоо өргөж, 2000 онд томоохон кампанит ажил өрнүүлснээр гарч ирсэн. Тэр үед төрийн ордон руу харсан “Эрүүдэн шүүхийг таслан зогсооё” гэсэн бичигтэй самбарыг байрлуулж тэмцлээ эхэлж байлаа.  Хэд хоногийн дараа бидэнд дарамт шахалт ирж, самбараа буулгахыг шаардаж байсан ч бид аваагүй. Тэр үед прокурор шүүх цагдаа нараас бүгд айдаг байсан ч бид эрүүдэн шүүхийн эсрэг тэмцэх зорилгоосоо ухраагүй.

Манайх тэр үеэс л эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн талаар хууль шүүхийн байгууллагын ажилтнуудад, хорих байгууллага, шүүх прокурорынхонд сургалтыг хийж, Монгол улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж орохыг шаардаж байсан. Тухайн үед хууль сахиулагчид эрүү шүүлтийн талаарх ойлголт хомс түүнийг манжийн үеийн есөн эрүү шүүлтээр төсөөлж, манай улсад байхгүй гэдэг байсан.

Эрүүдэн шүүхийн тодорхойлолт, эрүүдэн шүүх хэлбэрүүдийн талаар дурдахад  “өө наадах чинь  бидэнд өдөр бүр л тохиолддог” гэж хариулж байлаа. Тиймээс эрүү шүүлтийн талаархи зөв ойлголт мэдээллийг өгөх хэрэгцээ шаардлага тулгарсан. Үүнээс хойш жил гаруйн дараа  Монгол улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэн орсон. Үүнд манай байгууллагын явуулсан нөлөөллийн үйл ажиллагаанаас гадна бусад олон улсын байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссын үүрэг их бий.

Тухайн үед цагдаагийн алба хаагч, хорих байгууллагын ажилтнуудын зүй бус харьцаа, зодох, занчих явдал, хүнлэг бус нөхцөлд хорих нь түгээмэл байсан. Иргэд ч үүнд их дургүй байсан учраас Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж орохыг шаардсан шаардлага олон нийтийн дэмжлэгийг авсан. Эмнести Интернэшнл болон ХЭҮК төрийн албан хаагчдад тодорхой сургалтыг явуулж эхэлсэн ч тодорхой бэрхшээлтэй тулгардаг байсан.

Ганц худагт сургалт хийчихээд дараа жил нь очихоор ажилтнуудын далан хувь нь өөрчлөгдчихдөг их тогтворгүй учраас үр дүн гарахад хэцүү. Конвенцийн дагуу байгуулагдсан УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба сургалтыг хйиж байсан ч хүн хүч сул, мөрдөн шалгах гол ажил нь их байсан учир сургалт сурталчилгааны ажил Эмнести Интернэшнл, ХЭҮК хоёрын нуруун дээр л үүрэгдээд үлдсэн. Тиймээс тогтолцоо хэрэгтэй нь харагдаж байгаа. Даанч засгийн газар хоёр нүүр гаргаад нэг талаараа конвенцийг хэрэгжүүлнэ гэчихээд нөгөө талдаа хэрэгжүүлэхгүй байгаад байгаа нь шүүмжлэлтэй.

-Эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо Монголд байна уу. Та энэ талаар юуг хэлэх вэ?

Анх прокурорууд эрүү шүүлт байхгүй гэж ярьдаг байснаа одоо больсон. Энэ бол дэвшилттэй зүйл. Гэхдээ эрүү шүүлт одоо хүртэл арилаагүйн гол хар гай нь Монгол улсын хуулинд конвенцийн агуулга нарийн томьёологдож ороогүй учраас, хуульчид дотоодын хуулиа хараад зарим хэргийг эрүү шүүлт биш гээд өөр зүйл ангиар шийтгэх, хэргийг хэрэгсэхгүй болгож ял завшуулдагт байгаа юм.

Өмнөх хуулийн төслийн хэлэлцүүлэг саналыг дандаа хууль сахиулах  байгууллагуудаас өөрсдөөс нь авдаг байсан учир өөрийнхөө гэмт хэргийг эрүүдэн шүүх гэж  тодорхойлохыг тэд хүсээгүй юм. Тиймээс агуулгыг маш их бүрхэгдүүлж зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гээд хоёрхон субьект дээр өгчихсөн. Үүнээс болоод эрүү шүүлт үйлдсэн, хамтран оролцсон гэх хүмүүс хариуцлагын гадна ял завшин үлдэж байгаа юм.

Нэгэнт ял завших цоорхой байгаа нь эрүүдэн шүүх гэмт хэрэг амь бөхтэй орших нөхцлийг бүрдүүлсэн гэсэн үг.

Тийм учраас Монгол улс конвенцид нэгдэж орсон ч эрүүдэн шүүх гэмт хэрэг амь бөхтэй оршиж байгаагийн нэг гол учир нь энд байна.

Нэг удаа Хүний эрхийн комиссар Дашдорж гуай хуулинд эрүү шүүлтийн талаар конвенцид нийцсэн заалт оруулах гэж Хүний эрхийн үндэсний комисс 16 жил ажиллаа гэж илтгэлдээ дурдсаныг санаж байна. Гэтэл одоо  бараг 20 жил болчихлоо. Энэ бол энэ гэмт хэргийг хадгалж, нийгэмд байлгасаар байгаагийн нэг илрэл. Монгол улсын засгийн газар хоёр нүүр гаргаж байна.  

Конвенцид нэгдэж орчихоод эрүүдэн шүүх гэмт хэрэгтэй тэмцэх

тусгай бүтэц буюу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулчихаад, түүнийгээ одоогийн АТГ-ыг дэмжиж байгаа шигээ дэмжлэг үзүүлээгүй.

Мөрдөн байцаах алба байсхийгээд л санхүүгийн, хүний нөөцийн учир дутагдалтай, техникийн асуудалтай явж ирсэн. Аргагүйн эрхэнд энэ албанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ХЭҮК, Эмнести Интернэшнл, Соросын сангаас нэлээд техникийн туслалцаа үзүүлсэн ч харамсалтай нь чоно борооноор гэдэг шиг энэ албыг үгүй болгочихлоо. Ингэснээр маш их хөрөнгө, ур чадварыг үр дүнгүйдүүлж зүгээр л устгачихаж байгаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр энэ нь эргээд олон хүмүүсийг ял завшуулах боломжийг бүрдүүлсэн. Ард иргэдийн шударга ёсонд итгэх итгэлийг хөсөрдүүлсэн. Үүгээрээ Монгол улс олон улсын өмнө хүлээсэн амлалтаасаа ухарсан.

-Хүний эрхийн чиглэлээр ажилладаг эскпертүүд  маань мөрдөн байцаах албыг буцаан байгуулах ёстой, хараат бус тогтолцоог бүрдүүлэх ёстой  хэмээн санал нэгтэй хэлж байгаа. Төрийн зүгээс мөрдөн байцаах албаны зарим үйл ажиллагааг АТГ, ЦЕГ шилжүүлсэн. Гэхдээ одоогоор энэ чиг үүргийг Тахарын албанд шилжүүлэхээр ярьж байгаа юм билээ.

УЕП-ын Мөрдөн байцаах албыг татан буулгасан өнгөрсөн найман сарын хугацаанд манай байгууллагад иргэд эрүү шүүлттэй гомдлыг ихээр ирүүлэх болсон. Хамгийн гол нь хүмүүс төр энэ хэргийг хараат бусаар шалгаад, үнэн мөнийг нь олно гэдэгт итгэхгүй байгаа учраас л ЦЕГ-т биш, ХЭҮК эсвэл манайд хандаж байна. Төр иргэдээ айдастай байлгах нь төрийн гутамшиг.

Эрүүдэн шүүхтэй тэмцэх, эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн байцаах хараат бус байгууллага зайлшгүй хэрэгтэй. Өнөөдөр эрх баригчид өөрсдийнхөө гаргасан алдаатай шийдвэрийг нуун дарагдуулах гэж юуг ч ч гоё ярьж байна.

Юуг ч алга болгоогүй энэ гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авдаг Цагдаагийн байгууллага, АТГ байгаа, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр байсныг хүчингүй болголоо гэх мэтээр ярьцгааж байна. Энэ үүргийг Тахарын албанд өгөхөөр ярина гэдэг бол 2014 оны 1 сарын 24-нөөс өнөөг хүртэл  хүмүүст эрхээ эдлэх боломжийг өгөөгүй байна гэсэн үг.

-Яагаад мөрдөн байцаах албыг татан буулгасан юм бол. Ямар үндэслэлтэй юм бол. Энэ үед хүний эрхийн байгууллагууд юу хийж байсан юм бэ?

2014 оны нэг сард хуулийн нэмэлт өөрчлөлт өргөн баригдаад Цагаан сарын үеэр өмнөхөн чимээгүй батлачихсан. Юу болоод өнгөрснийг хэн ч анзаараагүй.  Хүний эрхийн байгууллагууд хожим энэ тухай олж мэдээд асуулга явуулж эхлэхэд холбогдох албан тушаалтан, байгууллагууд нь ч ийм юм болсон гэж бараг мэдээгүй байсан. . Бүгд л гайхаад эхэлсэн.

-Ямар шалтгаанаас болж татан буулгасан юм бол. Энэ талаар хүний эрхийн байгууллагууд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржид хандаж албан бичиг хүргүүлсэн гэж сонссон. Ямар хариу ирсэн бэ?

1992 оны УИХ-ын хурлаар хөндөгдөж байсан асуудлаар 20 жилийн дараа Мөрдөн байцаах албыг татан буулгаж байгаа нь инээдтэй. Гэтэл 2002 онд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг гаргасан байдаг.

Мөрдөн байцаах албаны тодорхой хэрэг авилгалын асуудлыг АТГ-т тодорхой цөөн хувийг шилжүүлж байгаа юм шиг хэрнээ баавгай агнах гэж яваа хэрнээ тарваганы буурь сахиж үлдэхтэй   адил хэрэг болсон. Улсын их хурлын гишүүд хүний эрхийн мэдлэггүй, , эрүүдэн шүүх гэмт хэрэг, гэж юу болох талаар, албан тушаалтны гэмт хэргийн ялгаа, ... гарын үсэг зурсан, соёрхон баталсан конвенцийнхоо талаар мэддэггүй юм шиг санагдсан.

-УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба үнэхээр хараат бусаар эрүүдэн шүүх гэмт хэргийг шалгаж чадаж байсан уу?

Мөрдөн байцаах албыг зуун хувь сайн ажиллаж байсан гэж цээжээрээ хамгаалахгүй. Гэхдээ л хараат бус тогтолцоог бүрдүүлэх эхлэл байсан. Тэдний  энэ гэмт хэргийн гаралтыг бууруулахад, түүнээс урьдчилан сэргийлэхэд оруулсан хувь нэмэрийг бас үгүйсгэх ёсгүй. Ер нь бол эрүү шүүлт байна гэдэг бол  хууль сахиулах байгууллага зохих түвшинд мэргэжлийн бус байгааг харуулдаг.

Нэмж хэлэхэд эрүүдэн шүүх гэмт хэрэг гарч байгаа нь удирдлагын хэмжээнд зөв удирдаагүй, зөв арга хэмжээ аваагүй гэсэн үг.

Хариуцлага тооцоод эхлэнгүүт энэ гэмт хэрэг ил цагаан бүртгэгдэж, бие махбодь руу халдахаа болиод, нууц далд хэлбэрт үү шилжиж байна.Сэтгэл зүйн хувьд дарамтлах хэлбэр цэцэглэж байна. Эрүүдэн шүүхээс ангид байх эрх бол хүний туйлийн эрх. Дайн байлдаантай , онц байдал зарласан  байсан ч хамаагүй хүний туйлын энэ эрхийг зөрчиж болохгүй.

-Танай байгууллагад эрүү шүүлттэй холбоотой ямар гомдлууд ирдэг вэ?

Зүй бус харьцсан, хэрэг хүлээлгэсэн, зүй бус аргаар хүлээлгэсэн гэх мэт эрүү шүүлтийн олон хэлбэрүүдтэй холбоотой гомдол ирдэг. Иргэд яагаад энэ талаараа төрийн зохих ёсны байгууллагад нь хандахгүй байгаа вэ гэхээр шударга үнэнээр мөрдөн шалгана, шүүнэ гэдэгт итгэхгүй байгаа учраас тэр.

 Уул нь сүүлийн жилүүдэд манай байгууллагад гаргадаг гомдлууд буураад УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд гомдол гаргах нь нэмэгдэж байсан юм. Даанч улс төрчдийн ахархан бодлоос болоод ололт амжилтаа үгүйсгэн буцаад буцаад ухарчихлаа.

Эрх баригчид хоёр нүүр гаргаж байгааг харуулах өөр нэг зүйл бол Манай улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж орохдоо 22-р заалтыг тунхаглаагүй учир иргэд ньолон улсад тухайлан НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг хороонд хандаж, өргөдөл хандах боломжгүй байдаг. Тиймээс үндэсний механизмаараа явахаас аргагүй болдог. Гэтэл тэр нь одоо хараат гэхээр хүмүүсийн хувьд шударга ёс шаардаад ч нэмэргүй байдалд байна. 

Өнөөдөр олон хууль эрх зүйн шинэчлэл хийгдэж байна. Энэ бүхнийг хуулийн төслийг эхнээс нь эцэс болтол  хүний эрхийн чиглэлээрх иргэний нийгмийн байгууллагууд маш анхааралтай ажиглаж байна. Гоё гоё зүйл ярьсан хуулийн төслийн танилцуулгатай  гоё гоё хууль, УИХ-аар хэлэлцэгдээд гарахдаа саяны ярьсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт шиг шал өөр юм болчихсон, хүнийг хамгаалах бирш, эрхийг нь хэт хязгаарлсан  гууль болсон хууль гарах аюултай учир, хууль эцэслэн батлагдаад цагаан дээр хараар бичигдсэн цагт эрх баригчдын тэр гоё үгэнд нь итгэе гэж бодож байна.

Хар л даа эрх баригчид эрүүдэн шүүхтэй гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах үүргийг тэр Тахарын албанд өгөхөөр, эсхүл өөр нэг хуулинд баталгаажуулахаар  ярьж сууж байх хооронд ял завшиж буй олон хүмүүс байгааг анхаараарай.

-Эрүүдэн шүүх гэмт хэрэг зөвхөн мөрдөн байцаах, хэрэг бүртгэх явцад илэрдэггүй. Олон хамтрагч, субьекттэй гэж конвенцид заасан байсан.

Хамрах хүрээ өргөн. Цэргийн хуаран, сэтгэцийн эрүүл мэндийн төв, архины албадан эмчилгээ гээд хүнд албадалага хэрэглэж байгаа бүх л газарт  эрүү шүүлтэнд өртөх эрсдэл өндөр байдаг. Гэтэл манай хуулин дээр зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч үйлддэг гээд буруу ойлгуулчихсан. 

-Манай улстай хүний эрх, эрүүдэн шүүхийн гэмт хэрэг гаралтаараа төстэй улс ямар улс байдаг бол?

Мэдээж яг адилхан улс орнууд гэж хаа ч байхгүй. Хүний эрхийн нөхцөл, авч байгаа хариу арга хэмжээгээрээ ч адил байх боломжгүй. Тухаййлбал манай улс өөрсдийгөө ардчилсан улс гэсэн хэрнээ  Хятад шиг  адилхан үйлдэл гаргасан байдаг. Тухайлбал Шиньжан Уйгарт болсон бослогыг Хятадын засгийн газар дарсан арга барил, Монгол улсад болсон  7 сарын 1-ний үйл явдлыг  дарсан арга барил хоёр яг адилхан байдаг.

Тиймээс бид ардчилсан нийгмийнхээ үнэт зүйлсийн талаар дахин сайн бодох хэрэгтэй. Хүний эрхийн сургалтыг төрийн зүгээс анхаарч төрийн албан хаагчаас эхлээд энгийн иргэдэд хүртэл сайн ойлгуулмаар байна.

Тухайлбал хэдэн жилийн өмнө манай байгууллага цагдаагийн удирдлагуудаас нэг судалгаа авсан юм. Тэр судалгаан дээр ихэнх дарга нар  хууль сахиулах байгууллагад гарч байгаа эрүү шүүлттэй холбоотой гэмт хэрэг нь тухайн албан хаагчийн зан араншинтай холбоотой асуудал гэж үздэг гэсэн юм. 

Энэ бол цагдаагийн удирдлагууд эрүүдэн шүүх гэмт хэргийн талаар буруу ойлголттой байгаагийн илрэл юм. Тиймээс хууль сахиулах байгууллагын сургалтын хөтөлбөрт эрүүдэн шүүхийн асуудлаархи сургалтыг заавал  оруулах, түүнийг тогтмол явуулдаг тогтолцоо бий болгох ёстой. 

-Ярилцсанд баярлалаа.