Хүний эрхий өдрийг угтан талуудын оролцоотой хэлэлцүүлэг хийлээ
МҮЭ-ийн холбооноос “Хүний эрх-Хөдөлмөрлөх эрх” сэдэвт уулзалтыг санаачлан зохион байгууллаа.
2014.12.09

Хүний эрхий өдрийг угтан талуудын оролцоотой хэлэлцүүлэг хийлээ

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэнуламжлалтай. МҮЭ-ийн холбооноос “Хүний эрх-Хөдөлмөрлөх эрх” сэдэвт уулзалтыг санаачлан Засгийн газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага, гишүүдийн төлөөллийг оролцуулан зохион  байгууллаа. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын тавьсан илтгэлд,“Хүний эрхийн амин чухал нэг зүйл бол хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон эдийн засаг, нийгмийн ашиг сонирхолын асуудал байдаг билээ. Энэ ашиг сонирхол нь ажилтны хувьд эрүүл аюулгүй ажлын байранд ажиллаж, өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хүрэлцэхүйц цалин хөлс авах асуудал юм. Энэ ч утгаар нь МҮЭ-ийн холбооноос санаачлан зохион байгуулж буй тус уулзалт, хэлэлцүүлгээр ардчилсан нийгмийн 25 жилийн хугацаанд хүний хөдлмөрлөх эрх, хөдөлмөрчдийн эвлэлдэн нэгдэх эрх, цалин хөлсний нөхцөл, нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал болон Хөдөлмөрийн хяналт шалталтын асуудлууд хэрхэн өөрчлөгдөж байгааг хэлэлцэх юм” хэмээн цохжээ.

Монгол Улсад 1990 оноос өмнө эдийн засгийн бүх салбарт төрийн өмч ноёрхож байсан тул цалин хөлсний асуудал төрийн зохицуулалтаар шийдвэрлэгдэж байв. 1990 оноос эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжиж, хувийн хэвшлийн салбар бий болсноос хойш цалин хөлсний төвлөрсөн зохицуулалт өөрчлөгдөж, цалин хөлсний хэмжээ, норм үнэлгээг тогтоох зарчимд өөрчлөлт орсон байна.

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг зохицуулах болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох асуудал төрийн тодорхой оролцоотойгоор шийдвэрлэгдэж байгаа ба орон тоо, цалин хөлсний талаарх бусад асуудал үндсэндээ аж ахуйн нэгж, байгууллага дээр шийдвэрлэгдэж байна.Монгол Улсад 2014 оны байдлаар 1 сая 148 мянган хүн ажил эрхэлж байгаагаас 180 мянга орчим нь төрийн албан хаагч байна.

Улсын хэмжээнд нийт 99603 аж ахуйн нэгж байгууллага бүртгүүлснээс 90270 нь буюу 90,6 хувь нь 1-9 ажиллагчтай, 1349 нь буюу 1,8 хувь нь 50-иас дээш ажиллагчтай байна. 2014 оны II улирлын байдлаар Монгол Улсын дундаж цалин 786.7 мянган төгрөгт хүрчээ. Харин 1-9 ажилтантай 90270 аж ахуйн нэгж байгууллагад ажиллагчдын нэрлэсэн дундаж цалин 500.3 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 43 хувиар бага цалин авч байна.

Аж ахуйн нэгжүүд хэт жижиг, санхүүгийн чадавхи сул байгаа нь хувийн хэвшилд цалин хөлсний системийг бүрдүүлэх, боловсронгуй болгох бодлого зайлшгүй хэрэгтэйг харуулж байна.

Дэлхий нийтийн чиг хандлагаас үзвэл цалин хөлс, нийгмийн асуудалтай холбоотой асуудалд Засгийн газрын шууд оролцоо багасгаж, нийгмийн түншүүд буюу ажил олгогчдын болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргах хандлага ихэсч байна.

Монгол Улс ч энэ замаар нийгмийн түншлэлийг улам бэхжүүлж, зөвшилцлийн зарчмаар асуудлуудаа шийдвэрлэх явдлыг улам боловсронгуй болгох шаардлагатай гэж МҮЭХ үзэж буйгаа илэрхийлсэн юм. Уулзалт хэлэлцүүлэгт оролцсон байгууллагууд өөр өөрийн чиглэлээр хийсэн ажил, цаашид хийх ажлынхаа талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн ба хөдөлмөрлөх эрхийн баталгааг сайжруулах чиглэлээр талуудын цаашдын хамтын ажиллагааг тодорхой болгоход энэхүү үйл ажиллагааны зорилго чиглэлээ.