Ардын намын сайдуудад ардууд ам сайтай байна
Монгол ардын нам
2014.12.10

Ардын намын сайдуудад ардууд ам сайтай байна

Оны отгон ихэвчлэн үйл явдлаар дүүрэн байдаг. Энэ жилийн тухайд шинэ оныг шинэ Засгийн газартай угтах гэж байна. Шийдлийн гэнэ үү, эв нэгдлийн гэнэ үү, юу ч гэж нэрлэсэн энэ Засгийн газар бол Чимэдийн Сайханбилэгийн Засгийн газар.

Улс төрийн дөрвөн нам Засгийн газрыг бүрдүүлнэ. Хамгийн эхлээд МАН зангараг зааж, зургаан сайдаа тодруулсан. Төр засгаасаа ямагт сайн, сайхныг хүлээж суудаг ардууд ч ам сайтай хүлээн авав. Сэтгэл нь догдолсон хүмүүс бие биедээ утас цохиж, сайдад нэр дэвшигчдийн талаар санал сэтгэгдлээ хуваалцаж байна.

Олон сая хүнтэй, том улсад Засгийн газар солигдохыг ихэнх нь тоодоггүй. Байдаг л зүйл. Харин Монголд бол тийм биш. Сайдад нэр дэвших түвшний хүмүүс дандаа олны танил байдаг.

Байгаль орчинногоон хөгжил, аялал жуулчлалын сайд  Д.Оюунхорол

Тойрог солилгүйгээр Завхан аймгаас дөрвөн удаа УИХ-д нэр дэвшиж гурван удаа сонгогдон ажиллаж байгаа түмэн олныхоо итгэл, хүндэтгэлийг дааж яваа улс төрч. Парламентад хамгийн олон жил сууж туршлагажсан эмэгтэйчүүдийн тэргүүн эгнээнд бичигдэнэ. МАН-ынхаа үзэл баримтлалыг тууштай хамгаалдаг. Улс төрийн уналт, босолтыг туулж ирсэн эмэгтэй.

УИХ-д байнгын хорооны даргаар сайн ажиллаж байсан гэдгийг бид мэднэ. Олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмжийг нэмэх, тэднийг төрөөс тусгайлан харж үзэх, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах гэхчилэн цаанаа л хүний төлөө сэтгэл шингэсэн санаачлага гаргаж, хууль батлуулах гэж хөөцөлдөж ирсэн их дайчин чанарыг шингээсэн, эрх ашгаа зөв эрэмбэлж чаддаг улс төрч.

 

Улс орныхоо эрх ашгийн төлөө хэлэх гэсэн үгээ хэний ч өмнө зоригтой хэлчихдэг, төрийнхөө өмнө өргөсөн тангарагтаа үнэнч гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын албыг хашиж байна.

Түүнийг МАН-аас Байгал орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшүүлсэнд ард иргэд талархан нүдээ олсон томилгоо болжээ гэж дүгнэж байна. Д.Оюунхорол гишүүнд бодлогоо хэрэгжүүлэх боломж олгох ёстой. Энэ томилгоогоор МАН улс төрд мэргэшсэн, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдээ дэмждэг, ямар ч томилгоонд эмэгтэйчүүдээ мартдаггүйг харууллаа.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат

Жирийн нягтлан бодогчоос санхүү хэлтсийн дарга, аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, Сангийн сайд болж байгаа хүн бол Сэлэнгийн гэх тодотголтой Эрдэнэбат.

Хурдан өсч байгаа залуу улс төрч. Тэрээр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймгаа багагүй хөгжүүлсэн, ажлын туршлага ихтэй ч түүнийг Шийдлийн Засгийн газрын шийдэмгий сайд байж чадах эсэхийг ирэх 1.6 жил харуулах учиртай.

Ардын намд улсын сан хөмрөгийг атгах боловсон хүчин олон боловч энэ салбараа сэргээнэ гэж итгэн Ж.Эрдэнэбатыг сонгосон нь түүний Монголын эдийн засгийн тулгуур багана, ноён нуруу болох Сэлэнгэ аймгийнхаа хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг нь, санхүү, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улсын төсвийг залуурдаж чадахуйц боловсон хүчин гэж үзсэнтэй холбоотой.

Мөн үүгээрээ ардын намынхан орон нутгийнхандаа ихээхэн итгэл өвөрлүүлж байгаагийн нэгэн илрэл гэж үзэж болох юм.