Ц.Даваасүрэн: Манай 34 хувийг шилжүүлээд Оюутолгойг бүрэн эзэмших санаархал бий
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.12.17

Ц.Даваасүрэн: Манай 34 хувийг шилжүүлээд Оюутолгойг бүрэн эзэмших санаархал бий

УИХ-ын бие даагчдын бүлгийн гишүүд өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн байр суурийг сонслоо.

-“Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг төр зарах тухай ярих боллоо. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Туркойз хилл ресурс” компанийг “Рио Тинто” зарах гэж байна. Манай эзэмшиж байгаа 34 хувийг “Туркойз хил ресурс” рүү шилжүүлээд Оюутолгойг бүрэн эзэмшдэг компани болгох санаархал бий. Ингэхийн тулд “Та нар 34 хувиа зарчих, татвар аваад сууж байх нь илүү амар, ойлгомжтой” гэж тархи угааж байна.

Монголын Засгийн газар хувь эзэмшихээ больчихоор “Туркойз хилл ресурс” компани үнэтэй зарагдана. Ердийн ойлголтоор ийм л болох гээд байна. Биднээр ийм зүйл хийлгэх гээд “Рио Тинто”-гийн төлөөлөл ирчихсэн байна. Одоо 34 хувийг худалдаж авах сонирхол идэвхжинэ. “Туркойз хилл ресурс”-ийг зарах хэлцэл 2015 оны дөрөвдүгээр сард дуусах юм билээ.

-34 хувиа зарвал Оюутолгойг хяналтаасаа алдах юм биш үү гэсэн болгоомжлол бий?

-Яг үнэн. Гаднын нөлөөлөл орж ирж байна. Бид өөрийн баялгаа зээлчихээд 34 хувийн өрөнд орчихсон байгаа. Энэ бол адгийн муу хувилбар. Ер нь бид баялгаар гаргана, та нар хөрөнгө гаргаж үйлдвэрээ барь, тэгээд компаниа 50:50 хувиар эзэмшинэ гэх байсан. Гэтэл баялаг нь дундынх болсон. Үйлдвэр барьсан мөнгөнийх нь 34 хувийг бид төлөх ёстой. Ийм муу гэрээ байх ёсгүй.

-Төсвийг таная гэж ярьж байгаа. Та үүнийг дэмжих үү?

 -Тэгж ярьж байгаа. Ам, ажлынхаа нэгдлийг хангах хэрэгтэй байна. Цөөнх зургаан сайдын суудал аваад дуугүй болчихдог байж болохгүй. Одоо хэмнэлтийн горимд шилжээд танаж болох бүх зардлаа танах хэрэгтэй. Ирэх оны гуравдугаар сарын үед санхүүжилт хийхэд их хүнд болно.

Түүнээс урьдчилан сэргийлсэн төсвийн тодотгол хийх шаардлагатай. Гэхдээ хэмнэнэ гээд зарим чухал зардлаа таначихаж болохгүй. 2000-аад оны үед бид нийт төсвийг 10 хувиар “тайрч хаясан”. Гэтэл эмнэлэг ариутгалын бодисоо авч чадахаа болиод хүйн халдвар гарч, 10 нярай эндсэн гашуун туршлага бий.