Тогтвортой санхүүжилтийн санамж бичигт гарын үсэг зурлаа
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
2014.12.17

Тогтвортой санхүүжилтийн санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын банкны холбооноос санаачлан  БОНХАЖЯ, Монголбанк, Олон улсын санхүүгийн корпораци болон Нидерландын Хөгжлийн банктай хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2014”-г “Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” сэдвийн  дор өнөөдөр “ Туушин” зочид буудалд зохион байгууллаа.

Уг форумын үеэр  тогтвортой санхүүжилтийн  хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Жавхлан, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч М.Болд, Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат нар  гарын үсэг зурав.

Дээрх санамж бичгийг байгуулснаар байгаль орчинд ээлтэй, хүн ардад өгөөжтэй санхүүжилтийн механизмыг олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр   Монголын банкууд хэрэгжүүлэх ба үүнийг Засгийн газар, БОНХАЖЯ, нийслэл, орон нутгийн төр, захиргааны байгууллагууд  дэмжиж ажиллах болж байгаа юм.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ, “Монгол улсын нийт хөрөнгө оруулалтын 90 гаруй хувийг үндэсний банкууд санхүүжүүлж байгаа тоон үзүүлэлтээс харахад манай улсын эдийн засгийн судас нь болсон банкны салбар нь байгаль орчин, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, зөвхөн ашиг олоход чиглэх бус байгаль орчин, нийгмийн асуудлыг харгалзан үзсэн санхүүгийн шинэ тогтолцоог нийт харицагч та бүхэнд санал болгож байгаа нь Ногоон хөгжлийн бодлогоо баталсан манай улсын хувьд ихээхэн хувь нэмэр гэж үзэж байна” гэлээ.  

Санамж бичгийг үзэглэснээр Ногоон хөгжил, байгаль орчинд ээлтэй ногоон санхүүжилтийг дэмжих хүрээнд дүн шинжилгээ хийх, үнэлэхэд талуудтай хамтрах юм

Д.Оюунхорол сайдын хэлснээр банкны салбарынхан өнгөрсөн оны тавдугаар сараас  Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн анхны Форумыг зохион байгуулж өөрсдийн санаачлагаар нийт арилжааны банкууд, Монгол банк болон БОНХАЖЯ-ны  төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж,  өөрийн орны нөхцөл байдал, гадаад, дотоодын тэргүүн туршлагыг судлах зэргээр бүтэн нэг жил хагас идэвхтэй ажилласны үр дүнд Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг  боловсруулжээ.  

Санамж бичгийг үзэглэснээр БОНХАЖЯ ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж, байгаль хамгаалал, хүний хөгжил, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг ногоон санхүүжилтийг дэмжих системийг бүрдүүлж, холбогдох бодлого, зөвлөмжийг боловсруулан батлуулах үүрэг хүлээж байна.

Мөн Ногоон хөгжил, байгаль орчинд ээлтэй ногоон санхүүжилтийг дэмжих хүрээнд дүн шинжилгээ хийх, үнэлэхэд талуудтай хамтрах юм.

Харин Монголбанк дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын түвшинд манлайлан, ТоС (Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр)-ийн хүрээнд олгосон зээлийн багцын мэдээллийг тогтмол авах, тайлагналын механизмыг бий болгох, шаардлагатай бодлогын баримт бичиг, журам заавар, зөвлөмжийг гаргах юм.  Мөн банкинд  хяналт тавих, байгаль орчин, нийгмийн хариуцлагын нэгжийн бүтэц, орон тоотой холбоотой шалгуурыг бий болгож, мэргэжилтнүүдийг сургах, чадавхижуулах үүрэг хүлээлээ. НЗДТГ-ын хувьд  ногоон эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нийслэлийн хөгжлийн бодлогод нийцсэн зээлийн оновчтой хөшүүргийг нэвтрүүлж, санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгоход хамтарч ажиллах юм.

Товчхоноор тогтвортой санхүүжилт гэдэг нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох зэрэг аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөгүй байх  шаардлага тавих, хэрэв ноцтой хохирол учруулахаар бол санхүүжүүлэхээс татгалзаж ч болох зарчим юм байна.

Олон улсын энэ хандлагыг Монгол Улс хэрэгжүүлж эхэлж буй нь ирээдүйдээ оруулж буй эерэг бодит хөрөнгө оруулалт болохын зэрэгцээ даян дэлхийн байгаль хамгаалах үйлст нэгдэж буй том алхам ажээ.