Дөрөвдүгээр цахилгаан станц 123 мВт-ын өргөтгөлөө даваа гаригт хүлээн авна
Эрчим хүчний сайд Д.Зоригт
2014.12.18

Дөрөвдүгээр цахилгаан станц 123 мВт-ын өргөтгөлөө даваа гаригт хүлээн авна

 Эрчим хүчний сайд Д.Зоригт “ДЦС-3", “ДЦС-4 төрийн өмчит хувьцаат компаниудаар орж, ажил байдалтай нь танилцлаа.

Энэ хоёр станцын аль алинд нь өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж байгаа. Станцын удирдлагууд өөр өөрийнхөө компанийн үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаархи санал хүсэлтээ шинэ сайддаа уламжиллаа.

Тухайлбал, ДЦС-3 ТӨХК нь энэ оны зургадугаар сард 50 мВт турбогенераторын өргөтгөлөө хүлээж авсан. Үүний үр дүнд нэгж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өөрийн өртөг хямдарч 2014 онд нэг тэрбум орчим төгрөгийн ашигтай ажиллах нөхцөл бүрджээ. Өвөлжилтийн бэлтгэлийг 96-100 хувь хангаж, өр авлагыг бүрэн барагдуулан ажиллаж байгаа тухайгаа ДЦС-3 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чимиддорж салбарын сайддаа танилцуулсан.

Харин “ДЦС- IV” ТӨХК нь мөн л 123 мВт-ын турбогенераторыг суурилуулж байгаа. Ирэх даваа гаригт буюу энэ сарын 22-ны өдөр энэ өргөтгөлийн ажлаа хүлээж авах бэлтгэл ажлаа хангаж байгаа гэнэ. Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийн бүтээжийг сайжруулах талаар дотоод нөөц боломжид тулгуурлан хийж байгаа ажлаа “ДЦС- IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар дэлгэрэнгүй танилцуулсан.

Дээрх хоёр компанийн удирдлагууд эрчим хүчний үнэ тарифыг бодит түвшинд, салбарын хэмжээнд дагаж мөрдөж байгаа дүрэм журмыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шинэчилж өөрчлөх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд туслалцаа дэмжлэг үзүүлэх, банк, санхүүгийн байгууллагын урт богино хугацаатай өр авлагыг шийдвэрлэх гэх мэт тодорхой  асуудлуудаар санал хүсэлтээ илэрхийлэв.

Монгол Улс эрчим хүч импортлогч биш экспортлогч орон болох ёстой.

Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ эрчим хүчний салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт. бүтээн байгуулалтын ажлын үргэлжлүүлэхийн зэрэгцээ маркетинг, менежментийг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ. Эрчим хүчний салбарт ил тод байдлыг дээшлүүлэх, компаний засаглалыг сайжруулах талаар хийхээр төлөвлөсөн ажил байгаа гэдгээ хэлэв.

Ялангуяа төрийн өмч давамгайлсан хувьцаат компаниудын хувьцааны тодорхой хэсгийг Хөрөнгийн биржээр дамжуулж худалдан борлуулж, тухайн компанид хөрөнгө оруулахын зэрэгцээ компанийн ажилчдад нь тав хүртэлх хувийг давуу эрхээр хувьчилж ч болох юм гэв. Энэ талаар удахгүй Засгийн газрын түвшинд шийдвэр гаргана гэж тэр хэллээ. Ойрын үед “ДЦС-5", Тавантолгойн ДЦС, Эгийн голын УЦС гээд шинэ шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулснаар Монгол Улс эрчим хүч импортлогч биш экспортлогч орон болох ёстой. Энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд салбарын хамт олны гар нийлсэн хамтын ажиллагаа, идэвхи санаачлага хичээл зүтгэл чухал гэдгийг тэр онцлон тэмдэглэв.