A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 1

Filename: controllers/content.php

Line Number: 127

Ж.Энхбаяр: Хамтарсан Засгийн газар байгуулахдаа сүнсээ худалдсан, харин өнөөдөр ардчилалынхаа үнэт зүйлийг уландаа гишгэж байна
Ж.Энхбаяр: Хамтарсан Засгийн газар байгуулахдаа сүнсээ худалдсан, харин өнөөдөр ардчилалынхаа үнэт зүйлийг уландаа гишгэж байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2012.09.11

Ж.Энхбаяр: Хамтарсан Засгийн газар байгуулахдаа сүнсээ худалдсан, харин өнөөдөр ардчилалынхаа үнэт зүйлийг уландаа гишгэж байна

-Ардын нам өнөөдөр сөрөг хүчин бус, хүч чадлаа алдсан, сөхөрсөн, цөхөрсөн улс төрийн нам болж хувирч байгаа юм шиг олон хүнд харагдаж байна. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Харагдах нэг өөр. Бодит байдлыг харьцуулаад үзэх юм бол өөр дүр зураг харагдана. Ардын нам ухарсан. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ухарна гэдэг маань өөрөө урлаг. Бид ухарч, хүчээ нэгтгэж, дахин довтлох боломжоо харж байна. Дахин бодлогоо боловсруулж, шинэчлэгдэх, өөрчлөгдөх боломж бололцоогоо судлаж байна. Удахгүй Ардын нам давшина. Монголын ард түмний гуравны нэг нь энэ намд саналаа өгсөн. Энэ олон хүний итгэлийг нь авч, тэднийг төлөөлж байгаа нам хүчтэй сөрөг хүчин байна.

-Гэхдээ өнөөдөр бүлэг ч байгуулах эрхгүй, Ардын намынхан байсан байгаагүй АН-ынхан бүхий л асуудлыг зохицуулж, шийдвэрээ гаргаж чадаж байна шүү дээ?

- Энэ асуултад хариулахын өмнө чамаас хэдэн зүйл асууя. Чи хариул даа. АН-ынхан хэт хүч хэрэглэж байгаа нь тийм сайхан зүйл  юм уу? Бидний хорин жилийн мөрөөдөл юу байсан юм бэ? Ардчиллын үнэт зүйл юу юм бэ? Ардчилсан нийгэмд олонхи нь цөөнхөө сонсож, асуудлыг хамтын оюун ухаанаар шийдэх ёстой. Энэ бол парламент ёсны мөн чанар. Гэтэл өнөөдөр энэ бүхэн алга болж байна. Одоо хуучнаас ямар ч ялгаа алга. АН ганцхан өөрсдөө л шийдвэр гаргаж, хүч түрж асуудлыг шийдэж байна. Монголын ард түмний гуравны нэгийн саналыг авсан сөрөг хүчнийхээ үгийг ч сонсохгүй үл тоож, уландаа гишгэж байна. Би бол ганцхан зүйлд л харамсаж байгаа. АН-ынхан ардчиллынхаа үнэт зүйлээс өөрсдөө ухарч байгаад л харамсаж байна. АН-ынхан Ардын намын өвөрт орж хамтарсан Засгийн газар байгуулахдаа сүнсээ худалдсан. Харин өнөөдөр ардчиллынхаа үнэт зүйлийг уландаа гишгэж байна. АН-ын үнэт зүйл бүгд алдагдаж, эрх мэдлийн төлөөх хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл л болж хувирсан. Өнөөдөр АН-ынхан “Ардын намаар яах юм бэ”гэж ярьж байна. Тэд Ардын намын цаана ард түмэн байгаа гэдгийг огтхон ч тоохгүй байна. Монголын ард түмний гуравны нэг нь саналаа өгсөн, тэднийг төрд төлөөлөхөөр гарч ирсэн намыг үл тоож байна. Монголд нэг намын дарангуйлал тогтлоо. Нэг намын дарангуйлал их танил үг байгаа биз.

-Гэхдээ АН төрийн эрхийг авснаар амьдрал их л сайхан болчих юм шиг төсөөлж байгаа хүмүүс ч цөөнгүй бий шүү дээ?

-Ардын нам санхүү, эдийн засаг, нийгэмийн хөгжил, цалин тэтгэвэр, халамж үйлчилгээг маш өндөр түвшинд гаргаж ирсэн. Одоо үүнийг АН хадгалж чадах уу үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулна. Нэг их удаан хүлээх ч шаардлага байхгүй. Хэдхэн сарын дараа хагас жилийн тайлан үзүүлэлтүүд гараад тэдний хэр ажиллаж байгааг ард түмэнд дүгнээд өгчихнө.

-Та өөрөө улс төрч хүн. Тэд хэр сайн ажиллах бол?

-Чадахгүй. Би мөрий, бооцоо тавьсан ч чадна. АН гарснаар валютын ханш өснө. Сургалтын төлбөр өснө. Нийгмийн халамжийн бодлого, гадны хөрөнгө оруулалт зогсоно. Валютын нөөц багасна. Гадаад худалдааны тэнцэл алдагадана. Эдийн засаг дахь хөрөнгө оруулалт зогсож, олон мянган хүн ажилгүй болно. Нийгмийн баялгийн хувиарлалт улам шударга бус болно.

-Та яагаад ийм итгэлтэй хэлж байгаа юм бэ?

-Эд нар сая бодлогоо тодорхойлчихлоо ш дээ. “Битгий амьдрал ядуугаараа түрий барь. Бид мөнгөтэй хүмүүсийг дэмжинэ” гэдгээ зарлачихлаа. Мөнгөтэй хүмүүстээ албан тушаалаа хувиарлачихлаа. Нөгөө олигархи гэгддэг сайд дарга нар л албан тушаал авч байгааг харж байгаа биз дээ. Төрийн цомхон бүтэц алга болж, улам л данхайж байна. Энэ дагуу сайд дарга нарын зардал өсөж, ард түмний амьдрал доройтно.

-Гэхдээ үүний хариуцлагыг ч гэсэн танай нам хүлээх ёстой биз дээ?

-Бид өөрсдийнхөө хариуцлагыг хүлээгээд, ачаагаа үүрээд, статистик дүгнэлтээ гаргаад хүлээлгээд өгчихсөн. Цааш нь яаж авч явах нь АН-ын асуудал. 2012 оны 6 сарын байдлаар Монгол улсын нийгэм эдийн засгийн бүхий л үзүүлэлт гарчихсан. Одоо зургаахан сарын дараа дараагийн үзүүлэлт гарна. Тэндээс улс төр эдийн засаг хоёр ямар их харилцан хамааралтай болох нь тод харагдана.

-Саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд МАН үндсэндээ ялагдсан. Гэхдээ энэ намыг сонгуульд удирдаж орсон дарга нар, жишээлбэл та хариуцлага хүлээсэнгүй. УИХ-ын гишүүн болчихсон л сууж байна шүү дээ?

-Хариуцлага. Хэцүү л дээ. Яаж ойлгохоос л шалтгаална. Бид улс төрийн хариуцлага хүлээсэн. Намын удирдлага, Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Дараагийн удирдлага гарч ирээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Түрүүний удирдлага энэ намд асар том өөрчлөлт, шинэчлэлт хийж чадсан. Намын нэр сольсон, үзэл баримтлалыг өөрчилсөн.

-Гэхдээ та нарын хийсэн энэ шинэчлэл Ардын намыг цөөнхи болоход, хүнд байдалд ороход нөлөөлсөн гэдгийг та өнөөдөр ч хүлээн зөвшөөрөхгүй гэж үү?

-Би Ардын нам хүнд байдалд орсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа муу юм хоёр талтай. Би бол энэ нөхцөл байдлыг сайн талаас нь харж байгаа. Бидэнд өөрөө өөрсдийгөө олж харах, алдаа дутагдлаа засаж залруулах боломж олгож байгаа. Бидэнд бас алдаа бий шүү дээ. Хэтэрсэн, хэтийдсэн асуудлууд ч бий. Амьдралаас тасарсан, үүлэн дээгүүр хөвсөн, албан тушаал дагасан эдийн засгийн бүлэглэлүүдтэй хутгалдсан гээд ний нуугүй хэлэхэд олон алдаа бий. Энэ алдааг ард түмэн олж хараад бидэнд дүнгээ тавьчихлаа. Одоо нам өөрөө өөртөө дүгнэлт хийж, засаж залруулах ёстой.  Тийм ч учраас маш хурдтай хурлаа хийж, шийдвэрээ гаргалаа. Удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Дараагийн удирдлагыг тавьсан. Өнөөдрийг нөхцөл байдал, сонгуулийн дүн манай намд маш хэрэгтэй зүйлийг хийх боломж авчирч байна гэж харж байгаа. Удахгүй Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр үед үр дүнг нь тооцно, дахиад хариуцлагын тухай асуудал яригдана.

өндлөнгөөс харахад АН-ынхан Ардын намд ямар нэг сэхээ авах боломж өгөхгүй байна. Яг л унасан хүнийг дахин дахин өшиглөдөг шиг л харагдаад байгаа юм. Ардын нам АН-ын энэ цохилтыг сөрөх биш харин ч улам бүр хүчээ алдаж байх шиг санагдаж байна л даа?

-Ардын намд асар олон үнэт зүйл бий. Үүнийг нэг нь энэ нам ялагдсан үедээ нягтарч чаддаг нам.Бид бутардаг бус нэгддэг нам. Яагаад гэвэл энэ нам өөрөө түүхэн хариуцлагаа ухамсарладаг нам. Монголын түүхээс энэ намыг хэн ч салгаж чадахгүй. Энэ намын бодлого дотор Монгол төрийн хар хайрцагны бодлого бий. Үүнийг хүмүүс их дутуу үнэлээд байгаа юм. Маш олон хүн энэ намыг байхгүй болгох гэж мөрөөдөж байгаа. Гэвч энэ ямар ч боломжгүй. Энэ нам ард түмний зүрх сэтгэлд байгаа гэдгийг өнгөрсөн хорин жил харуулсан шүү дээ. Ардын нам олонхи байх үедээ дандаа цөөнхийг сонсож, Монголд парламентийн засаглалыг бэхжүүлэх, ардчиллыг нутагшуулах гэж хичээж ирсэн. Гэтэл ардчиллын нэрийг барьсан улс төрийн хүчин маань өөрөө ардчиллынхаа үнэт зүйлийг үл тоож байгаа. Тиймээс бид Олон улсын парламентийн холбоонд хандахаас өөр аргагүй байдалд хүрээд байна.

-Олон улсын парламентийн холбоо та нарыг сонсох болов уу?

-Сонсолгүй яахав. МАН бол Ази дахь хамгийн анхны улс төрийн хүчин шүү дээ. Ази тивд Монголчууд анхны Ардын намаа байгуулж, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, нийгэм эдийн засгийн цоо шинэ тавцанд гаргаж ирсэн нам. Монгол монголоороо үлдэхийн төлөө энэ нам өнгөрсөн 90 гаруй жил тэмцэж ирсэн юм. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд гадныханг дуурайж, тэдний ааш аягийг дагаж, хөрөнгө мөнгө, эрх мэдэлд хэтэрхий улаарч байна.

-Сонгуульд Ардын нам цөөнхи болсон. Үүний дараа олон гишүүд “Бид нэг л юмыг алдаж, нэрээ солих ёсгүй байсан юм байна” гэж халаглаж байхтай таарсан?

-Ярьж болно. Гэхдээ миний байр суурь өөр. Нэрээ сольсноор Ардын нам асар том ирээдүйтэй алхам хийсэн. Дотооддоо төдийгүй гадаадад Монгол Монголоороо байна гэдгийг батлаж өгсөн. Энэ маш гүнзгий утга агуулгатай том алхам хийж чадсан. Нэг удаагийн ялагдал үүний хажууд жижигхэн зүйл. Монгол улсын ирээдүйд хэрэгтэй том бодлогыг бид хийж чадсан. Монголд үндэснийхээ хэв шинжийг хадгалсан, үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн бодлого хэрэгтэй болохоос бус ямар нэг изм хэрэггүй. Бид цөөхүүлээ.

-Сонгуулийн дүн гарсны дараа МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслээс “Бид хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн байна” гэдэг мессежийг МАН-д хаяглаж олон удаа илгээсэн. Үүнийг танай нам яагаад авч хэлэлцээгүй юм бэ? “Шударга ёс” эвсэлтэй нэгдээд Засгийн газраа байгуулах боломж та нарт байсан шүү дээ?

-Яг үнэнээ хэлэхэд мэдэхгүй байна. Улс төрийн жижиг сажиг богино хэмжээний тоглолтон дээр алдсан байж болно. Богино хугацааны ашиг хонжооноос илүүтэйгээр урт хугацааны дараа гарах үр өгөөжийг тооцох хэрэгтэй байх л даа.

-МАН  Н.Энхбаяр гэдэг хүнээс болгоомжилж,  “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллаж, засаг байгуулах боломжоо алдсан байх гэж бодож байна?

-Ийм улс байгаа. Гэхдээ одоо хэн нэг Доржоо, Батаагийн тухай ярьмааргүй байна. Доржоо, Батаагийн эрх ашгаас илүү улс орны эрх ашгийг өндөрт тавих ёстой. Дэндүү хувь хүнд тааруулсан бодлого, хүнд тааруулсан улс төрийн шийдвэр хийж болохгүй л дээ.

-АН-ынхан орон нутгийн сонгуулийн батлагдаагүй хуулиа баталчихсан юм шиг ярьцгааж байна. Хуулийн төслийг хууль мэт барьж аваад л явцгааж байна.

-Хийг, хийг. Нэгэнт Монголд ардчилал, парламент ёс гэж байхгүй болчихсон юм чинь яая гэхэв.

-Гэхдээ та нар зүгээр л хараад суугаад байх хэрэг үү?

-Эрх барьж байсан нам сөрөг хүчин болоход бүтцийн болоод үзэл баримтлалын асар том өөрчлөлт хийгдэнэ. Бид нам дотроо тохиргоогоо хийж байна. Эрэг боолтоо чангалж, бензин тосоо дүүргэж байна.

-1990 оноос хойш Ардын нам ялагдаж ч байсан, тэнцүү хэмжээний суудал ч авч байсан. гэхдээ тэд улс төрийн зальжин, хоржин тоглолтыг байнга удирдаж ирсэн. Эвсэл нэгдлийг тараах, Засгийн газрыг унагаах гэх мэт. Намын удирдлагууд хэзээ ч ийм унтаа байдалд байгаагүй шүү дээ?

-Тэр тоглолтуудыг хийж байсан хүмүүс өнөөдөр манай намын удирдлагад сууж байгаа. Улс төрийн нөхцөл байдал дандаа өнөөдрийнх шиг байхгүй гэдэгт би найдаж байгаа. Засгийн газар байгуулагдаад сар болоогүй байна найзаа. Цаг хугацаа харуулна. Засгийн газар ажлаа хийг, юу чадах чадахгүйгээ ард түмэнд харуулаг. Эдний гаргаж байгаа үг үсэг бүр дээр бид дүн шинжилгээ хийж байна. Зөвийг нь дэмжиж, бурууг нь няцаана. Харамсалтай нь АН-ынхан маань өөрсдөө ардчиллыг хэтэрхий уландаа гишгэж байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.