“Монголын сайхан бичигтэн”-үүд тодорлоо
Монголын сайхан бичигтэн 2014 улсын уралдаанд Баян-Өлгий, хэнтий аймгаас бусад бүх аймаг, нийслэлийн дүүргүүдээс нийт 800 оролцогч бүтээлээ сойжээ.
2015.01.13

“Монголын сайхан бичигтэн”-үүд тодорлоо

Үндэсний монгол бичгээр гаргадаг долоо хоног тутмын “Хүмүүн бичиг” сониноос 18 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Монголын сайхан бичигтэн- 2014” улсын уралдааны шилдгүүд тодорлоо. Үндэсний хэл соёлоо хадгалах хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа монголын сайхан бичигтнүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд гардуулан өглөө.

“Монцамэ” агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос жил бүр монголын сайхан бичигтнийг тодруулдаг уламжлалтай. Анх 1997 онд тус сониноос монгол үндэснийхээ бичиг үсгээр цэвэр сайхан бичдэг сурагч, багш нар болон насанд хүрэгчдийн дунд улсын уралдааныг зарлаж байсан нь өдгөө уламжлал болон тогтжээ.

Монгол үндэсний өв соёл бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх ирээдүй хойчид өвлүүлэх зорилготой энэ уралдааны цар хүрээ жилийн жилд өсөн нэмэгдэж оролцогчдын ур чадвар ч нэмэгдэж байгааг хэлж байна. Монголын сайхан бичигтэн улсын уралдааныг зохион байгуулж эхэлсэн цагаас эхлэн шилдэг оролцогчдын шагналыг үе үеийн Ерөнхий сайд нар гардуулдаг уламжлал тогтсон.

Энэ удаад ч 2014 оны Монголын сайхан бичигтнүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд гардуулах байсан ч төсвийн хэлэлцүүлэгтэй байсан учраас хараахан ирж амжсангүй. Түүнийг төлөөлөн УИХ-ын гишүүн С.Баярцогт шагнал гардуулах ёслолд оролцон Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилсан юм. Мөн тэрээр ирэх жилээс энэхүү наадмыг өөрийн зүгээс иэвээн тэтгэн нэг сая төгрөг хандивлахаар болсноо дуулгасан юм.

Монголын сайхан бичигтэн 2014 улсын уралдаанд Баян-Өлгий, хэнтий аймгаас бусад бүх аймаг, нийслэлийн дүүргүүдээс нийт 800 оролцогч бүтээлээ сойжээ.

Өнөөдөр Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд эдгээр оролцогчдын 999 бүтээлээр үзэсгэлэн гарган олны хүртээл болголоо.

Ийнхүү үндэснийхээ бичиг соёлоор өөрийгээ чимэж яваа эрдэмтэн багш нар сурагчид Монголын сайхан бичигтнээр тодорч байна. Монголчуудыг бусдаас ялгаруулдаг энэ үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэн ирээдүй хойчид өвлүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргасан. Энэ ч үүднээс монголын сайхан бичигтнүүдийг жил бүр тодруулсааар ирсэн юм.

Уралдааны шагналын сан энэ жилээс нэмэгдсэн бөгөөд “Мэргэжлийн багш”, “Уран бичлэг” болон “Бичвэрийн бус бүтээлийн ангилал”-д тэргүүн байр эзэлсэн тус бүр нэг оролцогчийг уралдааны ивээн тэтгэгч байгууллага хилийн чанадад аялах эрхээр урамшууллаа. Мөн сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлсэн 12 дугаар ангийн дөрвөн сурагчийг МУИС,  МУБИС-д тус тус урилгаар элсүүлж, дөрвөн жил суралцах хугацааных нь сургалтын зардлыг сургалтын “Төрийн сан”-гаас бүрэн хариуцахаар болсон юм.

Уралдааны ерөнхий ивээн тэтгэчээр “Жем интернейшнл” ХХК тав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд шагналын санг байнга өсгөсөөр ирснийг зохион байгуулагчид онцоллоо. Түүнчлэн энэ жилийн уралдааныг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Лувсанвандан сан”, ахлах дипломатч Г.Луузан нар өөрсдийн санаачилгаар ивээн тэтгэж нэрэмжит шагналаа оролцогчдод гардуулсан юм.