Д.Төмөртогоо: Төрийн жолоог ард түмэн атгана гэдэг бол хоосон үг
Академич Д.Төмөртогоо
2015.01.13

Д.Төмөртогоо: Төрийн жолоог ард түмэн атгана гэдэг бол хоосон үг

Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоотой ярилцлаа.

- Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг дагаад монголчуудын зарим нэгэн унаган шинж төрх, цаашлаад монгол хүн өөрчлөгдөж буй дүр зураг ажиглагдаж байна. Тэгэхээр биднээс чухам юу нь өөрчлөгдөөд байна вэ?

Нэгдүгээрт энэ нь урбанизаци буюу хотжилттой холбоотой. Хотжилт сайн муу хоёр талтай. Хот болгон өөрийн гэсэн соёлтой байдаг.  Түүгээр барахгүй нэгэн хотын дотор элит байж бусдаасаа ялгардаг соёлтой хэсэг байдаг. Тухайлбал Москвад Тверийн гудамж, Нью-Йорк 42 дугаар өргөн чөлөө гэх мэт.

1950-60 аад оны үед Улаанбаатарт хөдөөний хүн орж ирэхэд алхаа гишгээнээсээ эхлээд ялгардаг байсан. Монгол хотын соёл буюу Хүрээ соёл гэж байсан.

Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын соёл гээд үлгэр жишээ болгоод ярьчих зүйл алга. Энэ сайн зүйл биш.

Хоёрдугаарт бид өнөөгийн эдийн засгийн нөхцөлд нүүдлийн уламжлалт соёлын элементүүдийг хэвээр нь авч үлдэхэд улам  хэцүү болж байна.  Хөдөө амьдрах хүмүүстээ хотод байдагтай ади ламьдралын таатай орчин бий болгож чадаагүй. Тиймээс хөдөөнөөс хот руу тэмүүлсэн үйл явцын нөлөөгөөр монгол ардын ухааныг эзэмшсэн хүн цөөрч байна. Тэр байтугай гэрээ барьж чадах хүн ч ховордсон. 

- Америкчууд “American dream” нэртэй тэмүүлэл, үнэт зүйлсийн тогтолцоотой.  Харин монголчуудад маань үнэт зүйлсийн ямар тогтолцоо байна вэ? Бид энэ зуунд хэн байх ёстой юм бэ?

Монгол хүнийг бусдаас ялгаатай харагдуулдаг зүйл нь юу юм гэдэг дээрээ тулгуурлаж хэн байхаа тодорхойлно. Энэ нь бидний identity байх ёстой. Түүнийгээ хадгалан хөгжүүлж, үеэс үе дамжуулах хэрэгтэй.  Монгол хүн монголоор нь авч үлдэхэд гэр бүлийн хүмүүжлээс эхлээд бүх шатны сургууль, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд мэдлэгийн бүх сувгийг ашиглах ёстой.  Өөрөөр хэлбэл монгол хүний үнэт зүйлсийг түгээх тогтолцоо байх хэрэгтэй. Ийм зүйл байхгүй болохоор гадны соёлын нөлөөнд амархан автдаг.  Хэрэв бид бусдаас ялгарах зүйлгүй болчихвол үндэстэн мөхсөнөөс өөрцгүй.  Энэ бол аль ч улс орон үндэсний хэмжээний  бодлого болгон авч үздэг зүйл.   

Даяаршлын нөхцөлд юугаа авч үлдэх үү, гаднаас юуг нь авч, юуг нь хаях уу гэдгээ сайтар бодмоор. Одоогоор монголчууд яг ийм тийм зүйлээ авч үлдэх ёстой гэсэн чиглэл алга.

Японы сумод монгол хүн манлайлж байна гэж бид онгирдог. Гэхдээ монгол хүн барилдаж байгаа ч япон сумо япон сумогоороо л үлдэнэ. Харин ч нэг үндэсний хэмжээнд үздэг байсан бол хэд хэдэн улсад сумог үздэг боллоо.

Энэ жишгээр бид соёлынхоо зарим өвийг хав дараад байлгүй нээлттэй болгомоор байна.  Ер нь бид харамлах дуртай. 

Н.Энхбаяр ерөнхийлөгчийн үед “Монгол тэмүүлэл” нэртэй аятайхан үзэл санаа гарч ирсэн. Дэмжлэг, сурталчилгаа байхгүй учраас удалгүй унтарчихсан. Хүмүүс тэмүүлэлтэй байхаасаа илүү улс төрийн тэмцэл хийх дуртай. Гэтэл төрийг удирддаг хүмүүс чинь тусдаа байдаг болохоос бүх хүмүүс тэр ажилд хутгалдана гэсэн үг биш. Ер нь төрийн жолоог ард түмэн атгана гэдэг бол хоосон үгнээс цаашгүй. Нийгэмд олныг манлайлаад явах лидер алга. 

- Монголчууд хуулийг амьдралдаа хэрэглээ болгож сураагүйгээс байнга зөрчдөг. Гэвч хүн төрөлхтөн хууль эрх зүйт нийгмийг хөгжүүлж байна. Монголчуудын хуулийг үл тоодог байдал унаган зан чанартай нь холбоотой юу, эсвэл цаг хугацааны явцад засрах асуудал уу?

Монгол хүн оюуны чадамжийн хувьд дээгүүрт ордог ч багаар ажиллаж сураагүй. Сургахад ч хэцүү.  Нэгэн Израйль эрдэмтэн надад “Монгол хүнийг багаар ажиллуулж сургах гэж шахсаны хэрэггүй. Харин хувиа бодсон сэтгэлгээнд нь тулгуурласан менежмент хэрэгтэй” гэж хэлсэн.  Энэ санаа буруу биш, гэхдээ үхрийн эвэр шиг амьдар гэсэн үг биш. Тэртэй тэргүй хамтарч ажиллахаас зайлшгүй. Монголчуудын хувиа боддог чанар нь гадныхны ойлгодоггүй, байнга шүүмжлэлд өртдөг зүйл.

Монгол хүний хэтэрхий гэр бүлсэг байдлыг зөвтгөж бодоход хэцүү. Япон хүний хувьд ар гэрт нь асуудал гарсан ч өглөө болгон ажилдаа очиж компанийхаа төлөө зүтгэдэг.

- Монгол хүний оюун мэдлэгийн дархлааг хэрхэн бий болгох вэ?

Мэдээж гадны соёлын элементүүдийг шууд хаах нь бүдүүлэг. Харин тухайн мэдээллийг хүлээн авч буй хувь хүн өөрөө хэрэгтэй, үгүйг шүүж таньдаг тийм л чадвартай баймаар байна. Хөгжингүй олон оронд соёлын хатуу бодлого барьдаг. Тухайлбал Япон, Сингапур улсыг энэ талаас нь харвал тийм ардчилсан орон гэж хэлэхгүй. Энэ бол Азийн хөгжсөн орнуудын нийтлэг зарчим. Гэсэн хэдий ч эдгээр орныг хүний эрх зөрчлөө гэж шүүмжилдэггүй.

Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг. Өмнө нь сонины тэргүүн нүүрэндээ амжилт, ололтоо бичдэг байсан бол одоо аллага хядлага бичдэг болж.  1950-иад оны үе намайг хүүхэд байхад хотод аллага гарж гэж дуулдвал хот тэр чигээрээ цочирддог байлаа. Гэтэл өнөөдөр орцных нь үүдэнд хүн алчихсан байвал дээгүүр нь алхаад гарах хэмжээнд оччихлоо. Бүр дөжирчихсөн.