Нийслэлд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн гаралт буурчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн
2015.01.19

Нийслэлд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн гаралт буурчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Нийслэлийн нийт дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн дүүргүүд Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/30 дугаар захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэр дээр гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан байна.

Багахангай дүүргийн Цагдаагийн тасагт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэргийн шинжтэй 3, захиргааны зөрчлийн шинжтэй 4 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос гэмт хэргийн шинжтэй 1 нэгжээр өсч, захиргааны шинжтэй гомдол мэдээлэл 2 нэгжээр буурсан байна. Архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан  4 хүнийг эрүүлжүүлж, гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 9  хүнийг 81,000 төгрөгөөр  торгож захиргааны арга хэмжээ авсан байна.

Харин Багануур дүүрэг гэмт хэрэг захиргааны зөрчлийн шинжтэй нийт 135 дуудлага хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй  дуудлага мэдээлэл  29 байсныг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад 14 нэгж буюу 32,5 хувиар буурсан. Захиргааны зөрчлийн шинжтэй мэдээлэл 135 бүртгэгдсэн нь 33 нэгжээр буюу 24,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сүүлийн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 2882 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг бүртгэн ажилласан нь өмнөх 14 хоногоос буурсан үзүүлэлттэй байна. Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 13 хүний амь нас хохирсон бөгөөд шалтгаан, нөхцөлийг авч үзвэл: ил харагдах шарх сорвигүй 8, өвчний улмаас 2, шатаж 1, өөрийгөө боймолж 1 хүн нас барчээ.

Харин Сүхбаатар дүүрэгт нийт бүртгэгдсэн 1117 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 8 нэгжээр өссөн. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 331 буюу -3,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дүүргийн Цагдаагийн хэлтэс 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа иргэдэд танилцуулж, 1792 иргэнээс санал авч нэгтгэн  2015 онд хийх ажлын төлөвлөгөөндөө тусгажээ.

Хан-Уул дүүрэгт нийт гомдол, мэдээллийн 1205 дуудлага ирснээс 110 нь гэмт хэргийн шинжтэй, 1095 нь захиргааны зөрчлийн шинжтэй байна.  Захиргааны шинжтэй 1095 зөрчлийг шалгаж нийт 955.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.  Харин гал түймрийн нийт 6 дуудлага ирсэн бол өмнөх 14 хоногтой харьцуулахад  66 хувь буурсан үзүүлэлттэй байна.

 Харин Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 181 дуудлага ирсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулбал буурсан үзүүлэлттэй байна. Мөн хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хөдөлмөрийн хэлтэстэй хамтран 47 уурхайн ам цооногуудын эзэнтэй уулзаж гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцан, сэрэмжлүүлэг тараан ажилласан.

Дүүргийн Засаг даргын захирамжаар 106 иргэний газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон. 7 иргэний газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилсөн, 1 аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийг сэргээсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.