С.Бямбацогт: Өнөөдрийн өрийн тооцоонд Хятадын нэг тэрбум ам.долларын зээл ороогүй
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.01.20

С.Бямбацогт: Өнөөдрийн өрийн тооцоонд Хятадын нэг тэрбум ам.долларын зээл ороогүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-МАН бүлгийн гишүүд өрийн хэмжээг одоо байгаагаас нь нэмэгдүүлэхгүйгээр явуулахаар саналаа нэгтгэчихлээ. Өөрөөр хэлбэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар энэ жилдээ улсын өр ДНБ-ний 58.3 хувьд бариад явах нь. Харин цаашдаа хэрхэн зохицуулах вэ?

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургадугаар зүйлд шалгуур үзүүлэлтүүд гэж бий. Түүнийг бол хөндөхгүй. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд улсын өр 2015 онд 60 хувь, 2016 онд 55, 2017 онд 50, 2016 онд 40 хувь гэж орж ирсэн.

Өөрөөр хэлбэл өрийн таазыг нэмэгдүүлэхийг бүлгийн зүгээс дэмжихгүй. Зөвхөн өнөөдөр хүрсэн түвшнийг хүлээн зөвшөөрчихвөл цаашид Засгийн газарт хууль зөрчиж өр нэмэх цонх нь нээгдэнэ.

Тиймээс өнөөдөр хүрсэн түвшнийг нь хүлээн зөвшөөрөөд цаашид үе шаттайгаар бууруулж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 40 хувь руу аваачъя гэж байгаа юм. Ингэхдээ хууль зөрчихгүй байдлаар ажиллах ёстой юм байна. 

Энэ жил эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас зөвхөн 2015 ондоо Төсвийн алдагдлыг 5 хувь байлгахаас аргагүй. Цаашид эдийн засгийн хүндрэлийг давах төлөвлөгөө амжилттай хэрэгжээд явбал ойрын үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг зөрчихгүй бууруулах бодлогыг барих ёстой юм байна. 2018 оныг хүлээхгүйгээр бууруулах ёстой гэж үзэж байна. 

-Өнөөдрийн байдлаар улсын өр яг хэд байгааг тоогоор хэлэх боломж байна уу?

Улсын өр нэрлэсэн үнээрээ 15 их наяд 959 тэрбум, өнөөдрийн үнэ цэнээр 13 их наяд 920 тэрбум төгрөг гэсэн тооцоог холбогдох газрууд гаргасан байна. 

-Өр ДНБ-ний 58.3 хувьтай тэнцэж байгаа нь авах зээлээ оруулаад тооцчихсон юм уу гэдэг асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд хөндөж байсан. Энэ өрөнд БНХАУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээл багтсан уу?

Хятадын нэг тэрбум ам.долларын зээл ороогүй. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас батлагдсан зээлүүд л багтсан. 

-Өмнөх болон одоогийн Засгийн газрын сайд нарын зөрүүтэй мэдээллийг нягталж үзсэн болов уу. Улсын өр ДНБ-ийн 49.3 хувь гэж байснаа гэнэтхэн 58.3 хувьд хүрчихлээ шүү дээ?

МАН Засгийн газарт хамтраад ажил автал хууль зөрчсөн байтугай, маш хүндрэлтэй байдал үүссэн байсан. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар улсын өр 55.2 хувь гэсэн тоо гарсан. УИХ-аас батлагдсанаар гадаадаас авсан зээл тусламжийг оруулан тооцож үзэхэд 58.3 хувь гэсэн тоо гарч байгаа.

Та бүхэн санаж байгаа, УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарыг огцруулах асуудлыг хоёр удаа УИХ-д тавьж, тэр бүрт эрх баригчид авч үлдсэн. Огцруулах асуудлыг тавихад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж, Монгол Улсын өрийг нэмэгдүүлсэн байсан. 

Уг нь Монгол Улс нэг л төсөвтэй байх ёстой. Гэтэл “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт зэргийг төсөвт багтаадаггүй, ямар төсөл, арга хэмжээнд зарцуулж байгаа нь тодорхой бус хаалттай байсан.

Энэ бүх алдааг засахын тулд УИХ дахь МАН-ын бүлэг шахаж шаардсаны хүчинд Монгол Улс нэгдсэн төсөвтэй байх асуудлыг Ардчилсан намын бүлэгтэй зарчмын хувьд тохиролцсон. 

-Төсвийн алдагдал тав хувьд хүрчих юм бол Төсөв нь мөнгөний бодлоготой уялдахгүй болно гэж “Монголбанк”-наас мэдэгдсэн. Алдагдал ийм өндөр байвал ханшийн сулралыг барихад хэцүү гэж байгаа? 

Сангийн бодлого мөнгөний бодлоготой уялдахгүй байна гэдэг зүйл байнга яригдаж байгаа. Тэр ч үүднээс Төсвийн тухай хуульд тодотгол хийгээд түүгээрээ төсвийн орлого, зарлагыг нэг их наяд төгрөгөөр бууруулаад энэ хүндрэл бэрхшээлийг давна гэж үзэхгүй байна. 

Тиймээс  Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж энэ төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах чиглэлүүдээр хямралыг давах томоохон төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болсон. Засгийн газарт ч ийм шаардлага тавьж байгаа. Манай намын бүлэг хямралыг хамтарч давахаар ажиллаж байна.