Батцогт.Д Амгаланбаатар.Х 2015.01.20 | Сайт: Info.mn

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулна

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулна
Хөдөлмөрийн тухай хууль

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулах уулзалт хэлэлцүүлэг маргааш Төрийн ордонд болно. 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны суурь хэм хэмжээг тогтоож, ажилтан ба ажил олгогч болон тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын хөдөлмөрийн харилцааны зохистой тэнцвэрт байдлыг дэмжих зорилготой Хөдөлмөрийн тухай хуульд 1999 оноос хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон.

Энэ удаа уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дууссантай холбоотойгоор төслөө танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж буй юм. Өглөө 9:00 цагт эхлэх уг хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Батцогт, ОУХБ-ын Монгол Улс болон БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэр нар оролцож хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэх юм.

Мөн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ы дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар тус тусын байгууллагаас баримталж буй чиглэлээ танилцуулна.

Хөдөлмөрийн эрх зүйгээр дэлхйин олон улс оронд ажиллаж байсан туршлагатай, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөх Дэвид Тажман хөгжиж буй орнуудын Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл, олон улсын туршлагын талаар сонирхолтой илтгэл тавихаар уулзалт хэлэлцүүлгийн хөтөлбөрт тусгасан байна.