Орлогын эх үүсвэр биш, зарлагын сав болсон Налайх хот
Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд
2015.01.20

Орлогын эх үүсвэр биш, зарлагын сав болсон Налайх хот

Налайх гэдэг айл сүүлийн 100 жилийн туршид Улаанбаатар хотод нүүрсээ өгч, татвараа төлж, Улаанбаатараар асуудлаа шийдүүлсээр ирсэн. Энэ хугацаанд 30 сая тонн нүүрсийг нийслэл хотдоо нийлүүлсэн байна. Налайхын уурхай нь дэлхийн хамгийн хүнд нөхцөлтэй уурхайнуудын нэгд тооцогддог. Тиймээс ч нийт 318 хүний амийг авч одсон энэ уурхайг хаахаас өөр аргагүй болсон юм.

Нэгэн үе Налайхын уурхай өнөөгийн Оюутолгой шиг чухал ач холбогдолтой уурхай байв. Тиймдээ ч 1914 онд Богд хаан: “Налайх бол Өргөө хотын даллагын уут юм” гэж хэлж байсан гэдэг. Гэвч одоогийн байдлаар Налайх нь даллагын уут биш, зарлагын сав болчихоод байна. Одонтой гуйлгачингууд ихтэй орчин үеийн хуучин царайтай тосгон гэхэд хилсдэхгүй. 100 жил нүүрс нийлүүлсэн мөртөө хүн амын 46% ядуу, Улаанбаатараас гурван тэрбумын татаас авдаг. 

Хот гэдэг нэг ёсны мөнгө цуглуулах уут байдаг.  Мөнгө хэдий чинээ их эргэлдэнэ төдий чинээ хэмжээ нь өсдөг. Өөрөөр хэлбэл хот үйлдвэржилтэд тулгуурлан хөгжих ёстой гэсэн үг.  Тиймээс ирээдүйд Налайх үйлдвэржсэн хот болох ёстой.  Бидэнд барууны хэв маяг бүхий хот хэрэгтэй.  Налайхчууд өөрсдийн төлөө хөдөлмөрлөж хотоо тордох цаг болсон. 

Налайхын газрыг тэндхийн иргэдэд өмчлүүлэх, уурхайг орчин үеийн техник, технологиор тоноглох, хотын газрын менежментийг шинэчлэхэд Налайхын үндсэн дүрэм нь бидний нэг ёсны Үндсэн хууль болох ёстой. 

Дагуул хот “гүзээнд наалдсан дэлүү” шиг амьдардаггүй. Тусдаа айл болж харилцан ашигтай амьдарна гэсэн үг. Наад захын жишээ гэхэд Налайхад лицензтэй талбай ашигладаг, татвараа нийслэлд өгдөг 35 компани байна. Дагуул хот болсноор эдгээр компани зөвхөн Налайхын удирдлагатай асуудлаа шийдэж ажиллах болно гэсэн үг. Лиценз өгөх эсэх нь Налайхын асуудал болно.

Өнөөгийн байдлаар бол Налайхын эзэн Налайхын удирдлага ч юм шиг, эсвэл нийслэлийн удирдлага ч юм шиг байдаг. Сургуулийн дээвэр засахад хүртэл дарга нь Улаанбаатар явах хэрэгтэй болдог инээдтэй жишээ багагүй.

Налайхыг хэд хэдэн чиглэлээр хөгжүүлж болно.  Аялал жуулчлал, өрхийн үйлдвэрлэл, эрдэс баялаг, барилгын материал үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр Налайх татвараа бүрдүүлэх боломжтой. 1000 үйлдвэр, аж ахуйн газар Налайхын нутаг дэвсгэрт ажиллаж байна. Дээрээс нь мэдээж нүүрсний олборлолт. Гэхдээ бид хүн алдаг, феодолизмын маягийн аюултай нөхцөлд ажиллахаас татгалзах, эсвэл орчин үеийн технологи бүхий гүний олборлолт хийх цаг болсон.

Түүнээс гадна Налайхын барилгуудын ихэнх нь хуучирсан. Харин дагуул хот болоод төсвөө өөрөө шийддэг болчихвол компаниудтайгаа ярьж байгаад байшин барилгаа засна.