С.Ганбаатар: Бид Ерөнхий сайдаас энэ мөнгийг гуйгаагүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.01.21

С.Ганбаатар: Бид Ерөнхий сайдаас энэ мөнгийг гуйгаагүй

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хүндэрч байгаа энэ үед хавтгайрсан халамжаас татгалзахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдсэн. Хасна, танана, бууруулна гэдгийг томилогдсон цагаасаа хойш хэлж байгаа тэрбээр “Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэлх хугацаанд олгоно.

Түүнээс цааш олгохгүй. Энэ шалгуураар одонгийн мөнгө авах эхчүүдийн талыг нь хасч 19.5 тэрбум төгрөг хэмнэх боломжтой” гэсэн. Эл асуудал нийгмийг нэлээдгүй бухимдуулсан юм. Одонтой эхчүүд ч эсэргүүцэж, Ерөнхий сайдын гар утас болон албан ёсны фэйсбүүк хуудас руу нь олон мянган мессеж илгээсэн байдаг. “Алдарт эх”-ийн I одонтой 12 хүүхэд төрүүлж өсгөсөн Архангай аймгийн иргэн Ж.Долгорсүрэн хэлэхдээ “Монгол Улсын хүн ам зүйн бодлогыг дэмжиж, олон хүүхэд төрүүлж, өсгөснийхөө төлөө төрөөс хүртэж байгаа хишиг хэмээн одонгийн мөнгийг бодож авдаг. Гэтэл жилд ганцхан удаа олгодог 100, 200 мянган төгрөгийг хасна гэж ярьж байдаг.

Хэрэв хасах шийдвэр гаргавал Ч.Сайханбилэг сайд эхчүүдээс одонгоо хурааж авах хэрэгтэй. Эдийн засаг хүнд байгаа үед хямралаас гарах янз бүрийн гарц хайж байгаа нь зөв. Гэхдээ эхийн одонгийн мөнгийг хасч болохгүйг хатуу хэлмээр байна” гэв. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Алдарт эх”-ийн I, II одонгоор шагнаж, мөнгөн урамшуулал олгож эхлээд гурван жил гаруйн хугацааг үджээ. 4-6 хүүхэдтэй бол II зэргийн, зургаагаас дээш бол I зэргийн одон олгодог.

Энэ онд нийт 211 мянган одонтой эхэд 29.9 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор хуульд тусгасан байдаг. Гэвч Ерөнхий сайд дээрх мөнгөнөөс танана гэж мэдэгдсэн нь эхчүүдийн эгдүүцлийг төрүүлээд байгаа юм. Тиймдээ ч УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдтэй өчигдөр уулзаж, санал бодлоо солилцлоо. Орон нутгаас ирсэн болон нийслэлд амьдарч буй 100 гаруй одонтой эхчүүд цугласан байв. 

Ингээд УИХ-ын гишүүн С.Ганбаатараас цөөн асуултад хариулт авсан юм. 

-Эхийн алдар одонгийн мөнгийг хасахгүй, төсөвт суулгахаар боллоо гэж байсан. Гэтэл таныг энэ асуудлаар улс төр хийгээд байна хэмээн шүүмжлэх хүн байна. Үүнд та тайлбар өгнө үү?

Эхийн алдар одонгийн мөнгөнөөс болж Монгол Улсын эдийн засаг хямраагүй. Тиймээс Бие даагчдын зөвлөлөөс хүүхэд, одонтой эхчүүд болон нийгмийн халамжийн мөнгийг хасах юм бол Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн барина гэдгийг Ерөнхий сайдад мэдэгдсэн.

Үүнээс хойш МАН, АН-ын бүлэг бидний байр суурийг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийж байгаа. Гэхдээ энэ асуудлыг УИХ-аар батлаагүй байгаа. Тиймээс бодит байдлыг УИХ-д хүргэхээр одонтой эхчүүдтэй уулзалт хийж байна. Гэтэл намайг хүмүүсийн өмнөөс ярьж, популизм хийж байна хэмээн элдэв нэр хоч зүүлгээд байх юм. 

-Энд цугларсан эхчүүдийн ихэнх нь тэтгэврийн зээлтэй гэж байна. Тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг олон ээж хэллээ. Үүнийг шийдэх боломж нь хэр байгаа бол? 

Уул уурхайгаас авах ёстой мөнгөө авч, улс төрийн албан тушаалтныг цөөрүүлж чадахгүй байж бид эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг хасахаар ярьж байна. Бид Ерөнхий сайдаас энэ мөнгийг гуйгаагүй. Уул уурхайн баялгаа ашиглаад игэдийнхээ амьдралыг сайн сайхан байлгаж, баталгаатай нийгэмд амьдруулмаар байгаа юм. Хэрэв бид уул уурхайгаа зөв ашиглаж чадвал тэтгэвэр, тэтгэмж нэмэх бол асуудал биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр нэмэх боломжийг эрх баригчид л гаргах ёстой. Харин тэд гаргаж чадахгүй байна. 

-Тэтгэврийн зээлийн хүү ахмадуудад нэлээд дарамт болдог гэж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авах ёстой вэ? 

“Банкны шударга хүү” хөдөлгөөнийг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн өрнүүлсэн. Ирэх өдрүүдээс миний зөвлөхөөр ажиллаж буй н.Зоригтбаатар, Монголын ахмадын холбоотой хамтраад “Банкны шударга хүү” хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх гэж байна.

Бид банкны зээлийн хүү буутал тэмцэнэ. Үүний дараа багш, эмч, хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийн цалингийн зээлийн хүүг буулгана. Уулзалтад орон нутгаас ирсэн одонтой эхчүүд олон байсан юм. Тэдний сэтгэгдлийг сонслоо.