Улаан.Ч 2015.01.21 | Сонин: Өдрийн сонин

Ч.Улаан: Ардын нам давахгүй гэсэн даваагаараа давдаг л юм байна

Ч.Улаан: Ардын нам давахгүй гэсэн даваагаараа давдаг л юм байна
УИX-ын гишүүн Ч.Улаан

УИX-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа. Өрийн тааз ДНБ-ий 58.3 хувьд хүрлээ. Та юу хэлэх вэ?

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа нь зүйтэй алхам. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол уг нь их өвөрмөц хууль байгаа юм. Бодлого, зарчим, шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон зорилтот агуулгатай. Бүх заалт нь шууд хэрэгжээд эхлэх биш, тодорхой хугацааны дараа үе шаттайгаар үр дүнгээ өгөх холыг харсан хууль.

Шилжилтийнхээ үед явж байгаа учраас энэ хуулийн үзүүлэлтүүд ямар байх вэ гэдэг дээр онож тогтож чадахгүй хоёр жил маргалдлаа бид. Чухам өнгөрсөн хугацаанд Ардын нам өрийн таазыг нэмэхгүй, Тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг байдлаар хандсаар ирсэн.

Уг нь бол Засгийн газраас энэ асуудлыг дөрвөн ч удаа өргөн барьсан юм шүү. Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүнд учраас зайлшгүй шилжилтийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байна гэж үзсэн хэрэг. Харамсалтай нь Ардын намынхан эсэргүүцсээр УИХ- аар дэмжлэг авч байгаагүй.

-Өнөөдөр тэд засагт хамтарсныхаа дараа дэмжлээ?

Тэглээ. Их том бүлэг болж, шийдлийн Засгийн газар байгуулсны гол зорилго биелэв бололтой. Хамгийн гол нь өрийн таазыг нэмэх нь амьдралд зайлшгүй бий болсон шаардлага гэдгийг Ардын намынхан хүлээн зөвшөөрч байгаа нь нэг алхам.

-Ер нь Ардын намынхан засагт орохын тулд өрийн таазыг барьцаалсан байжээ...

Санал нэг байна. Өр нэмэхгүй шүү гэж өмнөх Засгийн газрыг нэг ч алхам хийлгээгүй. Зохиомлоор эдийн засгийг боомилж, борцолчихоод засагт хамтрангуутаа өрийн хязгаарыг нэмэхийг дэмжлээ. Тэгэхээр хэнд ч ойлгомжтой байна шүү дээ. Ардын нам давахгүй гэсэн даваагаараа давдаг л юм байна. Уг нь эртхэн энэ давааг давчихсан бол өнөөдрийнх шиг хямрал болохгүй ч байж болох байсан.

Зээлийг өр болгох уу, үгүй юу гэдэг нь өөр хэрэг.
-Ардын нам өрийн хязгаарыг нэмэхгүй гэж хэтэрхий их ярьчихсандаа бантаад 60 хувь гэдэг тоог 58 болгуулчихав уу. 60 гэж оруулж ирснийг бид бид буурууллаа, Нэмж өр тавихыг нь хязгаарлалаа гэдэг тайлбар хийх юм болов уу. Гэвч 58, 60 хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм бэ?

Зарчмын ялгаа байхгүй шүү дээ. Ерөнхий агуулгаараа өрийн таазыг нэмэгдүүллээ гэдэг нь гол. Тоо нь өөр харагдах боловч агуулга нь нэг. 58 байна уу 60 байна уу ямар ч ялгаагүй. Нэмж өр тавихыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдэг байсан хүмүүс өнөөдөр өрийн таазыг нэмье гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Их ч барьсан өмхий, бага барьсан ч өмхий. Ардын намынханд ичээд байх хэрэг юу байна.

-Өрийн таазыг 58 хувьд хүргэснээр одоо юу өөрчлөгдөх вэ. Одоо байгаа манай өр гэхэд 55 хувьд хүрчихээд байна гэдэг тооцоо бий. Тэгэхээр нэмж зээл авч болох юм уу?

Засгийн газар зээл авна л гэсэн үг. Зээлийг өр болгох уу, үгүй юу гэдэг нь өөр хэрэг. Зээлийг ашиглаж чадахгүй бол өр болдог. Ер нь зээлээс бизнесмэнүүд айдаггүй. Зээл төлөх чадавхи бий болгож чадах уу, үгүй юу гэдэг нь асуудал байдаг. 2015 онд Засгийн газар зээл авна. Гэхдээ дотоодын зах зээлээс авна.

Яагаад гэвэл өнөөдөр баталсан тоон үзүүлэлтийг харахаар дотоодын зах зээлд гаргах, бондын хэмжээгээр өрийн таазыг өсгөчихлөө. Харин хөрөнгө оруулалт татах, гадаадын зах зээл дээр үнэт цаас борлуулах, үгүй ядахад олон улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл авах орон зай байхгүй гэсэн үг.

Уг нь олон улсын байгууллагаас авч байгаа‘урт хугацаатай, хүү багатай зээлийг авч ашиглах хэрэгтэй. Өнөөдөр Дэлхийн банкны таван төслийг хэрэгжүүлэх нь зөв гээд гээд УИХ-аас шийдвэр гарчихсан байгаа. Азийн хөгжлийн банкны гурван зээл, Австри улсаас дөрвөн төслийн зээл авахаар баталсан байсан. Гэтэл сая баталж байгаа өрийн тооцоогоор бол эдгээр зээлүүдийг авах энэ орон зай эргэлзээтэй болчихлоо.

-Өрийн таазыг 58 хувьд хүргэлээ гээд эдийн засагт нэмэр байх болов уу?

Огцом үр дүн хүлээх ч хэрэггүй дээ. Одоо байгаа амьдралыг тасалдуулчихалгүй өдөр хоногийг залгуулах хэмжээний өөрчлөлт орлоо доо. Энэ утгаар Засгийн газар эдийн засгийг сайжруулах хагас алхам хийлээ. Уг нь эдийн засагтаа дорвитой өсөлт бий болгох өөрчлөлт хийе гэвэл өрийн таазаа хөрөнгө оруулалттайгаа уялдуулан тооцох байсан юм.

-70, 80 хувьд хүргэх байсан гэж үү?
Одоо байгаа амьдралыг тасалдуулчихалгүй өдөр хоногийг залгуулах хэмжээний өөрчлөлт орлоо доо.

Засгийн газраас анх орж ирсэн санал нь 70 хувь байсан шүү дээ. Үүний цаана нэлээд тооцоо үндэслэл байсан юм.

-Төсвийн тодотголыг баталчихлаа. Анх орж ирсэн зүйлүүд нь нэлээд өөрчлөгдөв бололтой. Ер нь энэ тодотголын гол учир утга нь юунд байв?

-Нэг зүйлийг гайхаад байна. Энэ УИХ-ын дийлэнх олонхи нь хамтарч Засгийн газар байгуулсан. Тэгсэн хэрнээ Засгийн газрынхаа оруулж ирсэн бодлогыг үндсээр нь өөрчилж, танигдахын аргагүй болголоо. Ерөнхий сайд УИХ- ын индэр дээрээс өнөөдрийн Монголын эдийн засгийн талаар үнэлэлт, дүгнэлт хийгээд “гашуун ч гэсэн ийм арга хэмжээ авъя" гэдгээ зарлаад төсвийн тодотгол хийх саналаа оруулж ирсэн.

Гэтэл УИХ үүнийг нь үндсээр нь өөрчиллөө. Энэ нь эдийн засгийн хямралыг мэдэрч чадаагүй, гарах арга замаа олж чадахгүй байгаагийн илрэл байх. Нөгөө талаар УИХ, Засгийн газрын бодлого зөрчилдөж байна. УИХ Засгийн газартаа итгэж байна уу гэдэг байдал эндээс үүсч байна. Үүнийг ч УИХ-ын зарим гишүүд чуулган дээр хэлсэн.

-Гэхдээ ард түмний гар дээр очих мөнгөнөөс танах тодотголын санааг таныг сайд байхдаа боловсруулсан гэх юм билээ?

Юу гэж дээ. Би 2015 оны төсвийн төслийг боловсруулсан нь үнэн. Өнгөрсөн аравдугаар сарын 1-нд төслөө өргөн барьсан. Гэвч УИХ хэлэлцээгүй. Харин аравдугаар сарын 16-ны өдөр би Сангийн сайдын албаа өгсөн. Тэр үед 2015 оны төсвийг хэлэлцэж эхлээгүй байсан. Дараа нь 2015 оны төсвийг Сангийн сайдгүйгээр хэлэлцэж баталсан. УИХ цэвэр өөрийнхөө тодорхойлсон бодлогоор төсвөө баталсан шүү дээ. Сангийн шинэ сайд нь 2015оныхоотөсөвт тодотгол хийж байна.

Ер н ь өөрсдөө будилуулчихаад буруутныг нь гаднаас хайдаг зуршил манай УИХ-д тогтчихож дээ. Сая УИХ-ын чуулган дээр Ж.Батзандан гишүүн “Өмнөх хоёр жилд эдийн засгийг унагаж элгээр нь хэвтүүллээ. Тэр хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Өрийн хязгаарыг нэмээд өглөө. Та нар сайн ажиллаарай” гэж хэлж байна.

Тэгвэл Ардын намын санаачилгаар АН-ын аялдан дагалдсанаар эдийн засгийг уруудах нөхцөлийг УИХ өөрөө бүрдүүлсэн юм шүү. Эдийн засгийн өсч дэвжих боломжийг хааж боочихоод өөрсдөө засаг авангуутаа өрийн хязгаарыг нэмж байгаа хүмүүстэйгээ хариуцлага тооцохгүй юм уу гэж хэлмээр байна. Эдийн засгийг зохиомлоор агшааж, хязгаарлагдмал нөхцөл үүсгэсэн гол эзэд нь Ардын нам.