Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх албан даалгавар гаргана
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалт, ярилцлагыг нээж хэлэв.
2015.01.21

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх албан даалгавар гаргана

“Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт уулзалт ярилцлагыг БОНХАЖЯ-наас өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалт ярилцлагад МХЕГ, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, “Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо”ТББ, “Монголын ойчдын нэгдсэн холбоо” ТББ болон иргэдийн төлөөлөл оролцжээ.

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалт, ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ, “Хууль бус мод бэлтгэлийн асуудлыг ярианы сэдэв төдийхөн болгоод байх уу, эсвэл гарц шийдлийг нь олж шийдэх үү. Төрийн болон ТББ-ууд, иргэдийн оролцоотой хийж буй уулзалтын зорилго нь шийдэх гарцыг хамтдаа хайх юм. Хууль бус мод бэлтгэлийн асуудал зөвхөн Улаанбаатарт ч байгаа юм биш. Би БОНХАЖ-ын сайдын ажлаа авсны дараахан мод ихтэй аймгууд болох  Завхан, Архангайд ажиллаад ирсэн. Тэдгээр аймагт бас л асуудлууд хуримтлагдсан байна. 

Батлагдсан хуулийг хүн бүр хэрэгжүүлэхийн төлөө явдаг бол өөр хэрэг. Гэвч ард иргэдийн амьжиргааны төвшин, ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлгийн сонирхол зэрэг олон шалтгааны улмаас энэ асуудал газар авч, даамжирсан байна. 

Тиймээс асуудлыг тал талаас нь нухацтай хэлэлцэж, хуримтлагдсан энэ сөрөг асуудлыг үнэхээр шийдэхийн төлөө явья гэсэн чин эрмэлзэлтэй байгаагаа энэ салбарын сайдын хувьд  хэлье”  гэсэн юм. 

БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч уг асуудлаар мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим асуудлаар танилцууллаа. Тэрбээр хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд иргэд, ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх, иргэдийнхээ модны хэрэгцээг хангахын төлөө нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, сумын сургууль, эмнэлэг зэрэг төрийн байгууллагуудыг мод хэрэглэдэггүй болгох  буюу халаалтын системд холбох зэрэг ажлыг хийх шаардлагатайг онцоллоо. Мөн ойн нөхөрлөл, иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан байгууллагуудыг чадавхжуулахад анхаарахаа ч мэдэгдлээ. 

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх Ерөнхийлөгчийн 48 дугаар зарлиг өнгөрсөн онд гарсан. Уг зарлигийг хэрэгжүүлэхээр  МХЕГ-ын хэмжээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтад ой бүхий 14 аймаг, Нийслэлийн ногоон бүс, 134 сумын нутаг дэвсгэрт ойн үйлдвэрлэлийн болон арчилгаа, цэвэрлэгээний эрхтэй ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж,  нийслэлийн есөн мод, модон материалын зах, иргэд хамрагджээ.

Хэдийгээр Ерөнхийлөгчөөсөө эхлээд хууль бус мод бэлтгэлтэй сүүлийн хэдэн жил тэмцэж байгаа ч бүрэн таслан зогсоож чадахгүй байгаа. Үүнийг  олон хүчин зүйлтэй холбоотой гэж уулзалт, ярилцлагад оролцогчид хэлж байна. Хяналт шалгалт муу хийгддэг,  байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа орон нутаг дахь төрийн байгууллагуудын оролцоо хангалтгүй гэх мэт олон зүйлийг тайлбарлаж байв.  

ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Х.Буянтүмэнгийн мэдээлснээр сүүлийн гурван жилд цагдаагийн байгууллагад хууль бус мод бэлтгэлтэй холбоотой 684 гэмт хэрэг шалгагджээ. Үүнээс  нийслэлд 90, орон нутагт 594 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн дотор “Ойн тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэг 71,3 хувийг эзэлдэг  байна.

Уг уулзалт ярилцлагын төгсгөлд оролцогчдоос БОНХАЖ-ын сайдын албан даалгаврын төсөлд санал авлаа.  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалтын эхэнд хууль бус мод бэлтгэлийн асуудлыг шийдэхийн төлөө чин эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Тийм учраас  аймаг,  нийслэл, сум дүүргийн Засаг дарга, аймгийн Байгаль орчны газрууд, бусад төрийн байгууллагууд,  байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад хандсан албан даалгавар гаргахаар шийдвэрлэжээ.