Уул уурхайн салбарын 2013 оны тайланг нэгтгэн гаргалаа
Монгол Улс уул уурхай, олборлох үйлдвэрлэл
2015.01.21

Уул уурхайн салбарын 2013 оны тайланг нэгтгэн гаргалаа

Монгол Улс уул уурхай, олборлох үйлдвэрлэлээс хэр хэмжээний орлого олж хэрхэн зарцуулсныг, энэ салбар дахь ямар компаниуд хуулийг чанд биелүүлж, хэд нь хариуцлагагүй хандсан талаарх тайланг 2006 оноос хойш жил бүр гаргаж байна.

Энэ тайланг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл нэгтгэн гаргадаг юм. Ийм зөвлөл одоогоор дэлхийн 48 оронд ажиллаж, эрдэс баялгийн салбарт ил тод байдлын олон улсын стандарт мөрдүүлж байна.

Монгол Улсын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, төр засаг, компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудаас тус бүр 10, нийт 30 хүн бүрэлдэхүүнд нь ажилладаг. Дээрх Үндэсний зөвлөлөөс өнөөдөр Монгол Улсын ОҮИТБС-ын 2013 оны тайлангийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө.

2013 онд 1672 компани ашигт малтмалын, 14 компани цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 13 компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ эзэмшиж, нийт 1699 компани ОҮИТБС-ын тайлан гаргах үүрэг хүлээснээс 1198 компани нь нийт 1,5 их наяд төгрөг төлснөө тайлагнасан байна.

Энэ нь 2013 оны улсын төсвийн урсгал орлогын 27 хувийг бүрдүүлжээ. Засгийн газар эрдэс баялгийн салбараас олж буй орлогынхоо 31 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 18 хувийг ААНОАТ-аас, 12 хувийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох орлогоос, 11 хувийг НӨАТ-аас тус тус олсон байна.

Дээрх компаниудын 250 нь улсад жилд 40 саяас дээш төгрөгийн татвар төлсөн ба тэдний ердөө 20 нь нийт төлбөрийн 93 хувийг төвлөрүүлсэн байна. Үүний 32 хувийг Эрдэнэт үйлдвэр, 13 хувийг Оюу толгой, 12 хувийг Петрочайна дачин тамсаг, 8 хувийг Монголын алт МАК компани бүрдүүлж, Энержи ресурс, Таван толгой, Эрдэнэс таван толгой, Бороо гоулд, Болд төмөр ерөө гол, Цайрт минерал компаниуд тус бүрдээ дээрх орлогын 2-5 хувийг төвлөрүүлжээ.

Төсөвт төлсөн 1,5 их наяд төгрөгийн 92 хувь нь улсын төсөвт, 5 хувь нь орон нутгийн төсөвт, үлдсэн нь Засгийн газрын байгууллагуудад хандив, дэмжлэг хэлбэрээр очжээ. Орон нутагт төлсөн орлогын 90 хувь нь Өмнөговь, Орхон, Булган аймагт төвлөрсөн бол төрийн байгууллагуудад өгсөн 39,1 тэрбум төгрөгийн хандив дэмжлэгийг сургууль, эмнэлэг барих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд голчлон зарцуулсан байна. 

Тайлан гаргахад мэдээллээ гаргаж өгөхгүй хойрго хандсан төрийн байгууллагууд, компаниудад олон улсын стандартын дагуу үнэлгээ өгдөг. 2013 оны тайланд Монголболгаргео ХХК, Бужгар орд ХХК, Угалзан цамхаг ХХК, Юүшэнгминг ХХК, төрийн байгууллагуудаас Гаалийн ерөнхий газар, БГД, СБД-ийн татварын хэлтэс, СХД-ийн өмч, газрын харилцааны алба, СБД, ЧД-ийн нийгмийн даатгалын хэлтэс тус тус хангалтгүй үнэлгээ авчээ.

Уул уурхайн салбарынхны үйл ажиллагаа жил бүр ил тод болж байна. Гэхдээ цаашид компаниудын хамтын ажиллагааны гэрээнүүдийг ил тод болгох шаардлагатай гэж Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийнхөн дүгнэж байна.

Үндэсний зөвлөл 2014 оны тайлангийн материал хүлээн авч эхэлсэн ба оны эцсээр тайланг нэгтгэн гаргана. 2013 оны нэгтгэл тайланд Англи улсын Харт нойрс групп, Монголын Улаанбаатар аудит корпорацийн хамтарсан консорциум хөндлөнгийн аудит хийж баталгаажуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.