Дэлгэрбат.Д 2015.01.22 | Сонин: Өнөөдөр сонин

“Сургуулийн өмнөх боловсрол” төслийн 14 дэх цэцэрлэгийг нээлээ

“Сургуулийн өмнөх боловсрол” төслийн 14 дэх цэцэрлэгийг нээлээ
Зургийг mongolnews.mn сайтаас

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо цэцэрлэгийн насны 300 орчим хүүхэдтэй ч саяхныг хүртэл улсын цэцэрлэггүй байжээ. Тус хороонд 250-300 мянган төгрөгийн төлбөртэй хувийн том, жижиг дөрвөн цэцэрлэг байдаг юм байна.

Иргэд сар бүр ийм төлбөр төлж хүүхдээ хувийн цэцэрлэгт явуулахад хүндрэлтэй байдаг тул зарим эцэг эх танил талаараа яриулж хүүхдээ гэрээсээ хол, өөр хорооны цэцэрлэгт оруулсан бол бусад нь гэртээ хардаг аж.

Дэлхийн банк, БСШУЯ хамтран цэцэрлэгийн тоог хүн амын өсөлттэй уялдуулах, хүн ам ихтэй болон алслагдсан хороо, сумын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд тус хорооны нутаг дэвсгэр дэх гараашуудыг буулган, газар дээр нь 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж, бүрэн тохижуулан өчигдөр улсад хүлээлгэн өглөө. 2-5 насны 120 хүүхэд хүлээн авсан 198 дугаар цэцэрлэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оржээ.

19 дүгээр хорооны иргэн Д.Хулан “Манай хороонд улсын цэцэрлэг байхгүй учир хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт явуулах гэхээр залуу гэр бүлийн санхүүд хүнд тусдаг. Тиймээс нэг нь гэртээ үлдэж хүүхдээ харах хэрэгтэй болдог. 198 дугаар цэцэрлэг ашиглалтад орохоос өмнө нөхөр бид хоёр ээлжилж гэртээ үлдэн, хүүхдээ хардаг байсан. Одоо хамтдаа ажлаа хийх боломж бүрдлээ.

Манай хороонд улсын цэцэрлэг нээсэн нь эцэг эхчүүд, хүүхэд багачуудад ач тусаа өгч, нүдээ олсон хэрэг боллоо”. Иргэн Г.Цогбаатар “Энэ цэцэрлэг ашиглалтад орсноор эцэг, эхчүүдийн нар гарч байна. Мөн цэцэрлэгт ажлын байр бий болж, манай хорооны ажилгүй нэлээн олон хүн ажилд орсон. Би ажилгүй, гэртээ байдаг байсан. Одоо шинэ цэцэрлэгтээ манаач хийж байна” гэв. “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн зохицуулагч Б.Мөнхзул “Манай төсөл Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сангийн 10 сая долларын буцалтгүй тусламжаар 2012 оны гуравдугаар сараас эхлэн энэ оны зургадугаар сарыг дуустал хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд нийслэлийн найман дүүрэгт 17 цэцэрлэг барьж, тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, сургалтын материал, дотор гаднах тоглоомоор бүрэн тохижуулаад улсад хүлээлгэн өгч байгаа. 198 дугаар цэцэрлэг энэ төслийн хүрээнд улсад хүлээлгэн өгсөн 14 дэх цэцэрлэг болж байна. Цэцэрлэг барихад 621 сая төгрөг, гадна, доторх тоглоом, тавилга, цахилгаан хэрэгсэл зэрэгт 80 сая төгрөг зарцуулсан.

Төвийн шугамаас хол, холбох боломжгүй зэргээс хамааран бусад цэцэрлэгийн өртөг 600-700 сая төгрөг болж байгаа. Үлдсэн гурван цэцэрлэгийг энэ сарын сүүлчээр ашиглалтад оруулна. Мөн малчин өрхийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилгоор 14 аймгийн алслагдсан 100 сумыг тавилга, тоног төхөөрөмж, тоглоом, хичээлийн хэрэгсэлтэй 100 гэр цэцэрлэгтэй болгосон” гэлээ.