Төр захиргааны байгууллагууд шинэчилсэн цагийн хуваариар ажиллана
Улаанбаатар хот
2015.01.22

Төр захиргааны байгууллагууд шинэчилсэн цагийн хуваариар ажиллана

Замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор төр захиргааны байгууллагууд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхийг Засгийн газраас нийслэлийн удирдлагуудад олгосон билээ.

Энэ дагуу нийслэлийн удирдлагууд судалгаа явуулж цагийн хуваариудыг зөрүүлж энэ сарын 26-наас мөрдөж эхлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг 08.00- 08.30, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагууд 08.00, их, дээд сургуулийн хичээл 07.40- 08.00 цагт эхэлж байгаа юм.

Харин өөрчлөлт оруулсан журмаар төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагуудын ажил 09.00, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагууд 08.30, цэцэрлэг 08.00 цагаас орохоор болсон байна.

Харин их, дээд сургуулийн хичээлийг 09.00-11.00 цагт оруулах шийдвэрийг удирдлагууд нь хэлэлцсэнээр эцэслэн тогтоох ажээ. Өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаснаар ирэх даваа гаригаас мөрдөж эхлэх юм байна.