А.Ганболд: Налайх дүүргийг хот болгох саналыг 96.8 хувийн саналаар дэмжлээ
Налайх дүүргийн ИТХ- ын дарга А.Ганболд
2015.01.23

А.Ганболд: Налайх дүүргийг хот болгох саналыг 96.8 хувийн саналаар дэмжлээ

Нийслэл хотын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Багануур, Налайх дүүргийг бие даасан дагуул хот болгох талаар ярьж байсан. Тэгвэл НИТХ-аас шийдвэр гарган Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал авах ажиллагааг энэ сарын 21-ний өдөр эхлүүлсэн. Энэ талаар Налайх дүүргийн ИТХ- ын дарга А.Ганболдоос тодрууллаа.

-Танай дүүргийн иргэдийн хувьд хариуцлагатай өдөр байлаа. Санал асуулгын дүн хэрхэн гарсан бэ. Иргэд хэр идэвхтэй оролцов?

Намуудын өрсөлдөөн биш учир санал асуулгад иргэд их идэвхтэй оролцсон. Манай дүүрэг 18-аас дээш насны 35 мянган иргэнтэй. Үүнээс санал, өгөх нэрсийн жагсаалтад 19 мянган иргэн бичигдсэн. Санал асуулга долоон хороон дээр 08.00-21.00 цагийн хооронд

болсон. Ингээд 96.8 хувьтайгаар хот болгох саналыг иргэд дэмжлээ. Тиймээс Хууль эрх зүйн хүрээнд дүүрэгт хот байгуулах асуудлыг НИТХ хэлэлцсэний дараа УИХ, Засгийн газарт хуулийн төсөл өргөн барьдаг юм. Үүний дараа эцсийн шийдвэр нь гарна. Өмнө нь дүүргийг бие даасан хот болгох талаар ярьж байсан ч шийдэгдээгүй юм. Харин энэ удаад иргэд өөрсдөө дэмжиж байна.

-Налайх дүүрэг бие даасан дагуул хот болсноор ямар өөрчлөлт гарах вэ?

Налайх дүүрэг хот болсноор ард иргэдийн амьдралд маш том өөрчлөлт орно. Мөн өөрсдөө эдийн засгийнхаа асуудлыг шийддэг болно. Өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний болон барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжих юм.

Цаашид 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай болно гэсэн төлөвлөгөө гарсан гэлээ. Харин Багануур дүүргийг хот болгох санал асуулга хоёр өдөр үргэлжиллээ. Өчигдөр буюу энэ сарын 22-ны 14.00 цагийн байдлаар 56.14 хувь буюу 9129 хүн саналаа өгсөн байна. Товчхондоо Багануур дүүргийг хот болгох асуудал ч мөн ийнхүү олонхийн дэмжлэг авлаа.