Ч.Улаан: УИХ хагас алхам хийлээ
УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Улаан
2015.01.26

Ч.Улаан: УИХ хагас алхам хийлээ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Улаантай 2015 оны төсвийн тодотгол баталсны дараа цаг үе, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын хүрээнд ярилцлаа.

-УИХ-аар 2015 оны төсвийн тодотголыг  баталлаа. Энэ оны төсвийг тэвчиж болох зардлыг танасан, бодит хөрсөн дээрээ буусан үнэн  төсөв гэж онцолж байна. Эдийн засагч хүний хувьд  та 2015 оны  төсөв ямархуу төсөв батлагдлаа гэж харж байна вэ?

Байнгын ажиллагаатай  парламентын байнгын анхаарлын төвд  байдаг асуудал бол төсөв. Төсөв  бол бие даасан шинжлэх ухаан. Тоог нь бодож, бодлогыг  нь ойлгож байж үнэлэлт дүгнэлт өгөх бололцоо гардаг  л даа. Тийм учраас нэлээн, нухацтай, өргөн хүрээтэй дүн шинжилгээ хийж байж үнэлгээ өгөх ёстой. Ямар ч байсан Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотгол, сая батлагдсан төсвийн  тодотгол хоёрын хооронд  бодлогын нэлээн том зөрүү гарлаа. 

Мэдээж хэрэг  Засгийн газар өнөөгийн эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал буюу хямралтай нөхцөл байдалдаа  зохицуулж  тодотгол хийх санал оруулж ирсэн. Энэ байдал нэлээд өөрчлөгдөж байна гэдэг нь эдийн засаг санхүүгийн нөхцөл байдалтай хэр зэрэг уялдаж чадав гэдгийг ул суурьтай судалж, дүгнэлт хийх хэрэгтэй. Шууд дүгнэлт хийхэд амар биш.

Ер нь  орлого дайчлах  тал дээр тодорхой саналууд гарч, дэмжигдлээ. Үүнийг зүйтэй гэж би бодож байгаа юм. Засгийн газраас өргөн барьсан төсөлд зарлагаа боловсронгуй болгох, хямдруулах  тал дээр нэлээд анхаарал тавьж, харин нэмэгдэл орлого дайчлах, нөөц бололцоог илрүүлэх тал дээр сулхан байлаа гэдэг дүгнэлт хийсэн.  Хэлэлцүүлгийн явцад 4-5 төрлөөр орлого нэмэгдүүлэх чиглэлийг  тооцож тусгасан нь зүйтэй. 

Төсөв  бол бие даасан шинжлэх ухаан.

Орлого тооцно гэдэг шууд гарах үр дагавар,  алс ирээдүйд бий болж болзошгүй хандлагуудыг оновчтой зөв  тооцоолох учиртай.  Энэ тал дээр анхаарах асуудал нэлээд байх шиг байна. Хэлэлцүүлгийн явцад гэнэт л  орлого олчихлоо гээд шуугиад эхэлсэн шүү  дээ. Орлого гэдэг нь юу гэсэн үг вэ гэдгээс  л тооцоо үндэслэлээ нарийвчлах хэрэгтэй. Зарлага тал дээр бол Засгийн газраас орж ирсэн нэлээд хэдэн асуудал дэмжигдсэнгүй. 

Ер нь бол хагас алхам хийчихэв үү гэж би бодож байна. Төсөв дээр бол бүх түвшинд,бүх зүйлд нухацтай, эрэмбэ дараалал тогтоож хандах ёстой юм.  Эхний ээлжинд  тэвчиж болох зардлуудаа тэвчих ёстой. Тэгээд бололцоо нөхцөл нь байвал дараагийн  ээлжинд бусад  зардал руугаа орох зэргээр бодлоготой хандах учиртай. Гэтэл ард түмэнд таалагдах тал нь давамгайлаад, зарлага тал дээр хагас алхам хийчихлээ гэж би харж байна.

-Хагас алхам хийлээ гэдгийг тодруулахгүй юу. Засгийн газраас оруулж ирсэн   бүх салбарт таналт хийх  шийдвэр  унаж, бүлэг дээр өөр өөр шийдвэрүүд гарсныг  хэлж байна уу?

Тийм. УИХ дээр  хураагдсан саналуудыг аваад үзэхэд орлого  нэмэгдүүлэх ангилалд таван санал дэмжигдсэн бол зарлага  нэмэгдүүлэх тал дээр 17-18 санал нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын оруулж ирсэн зарлагыг багасгах санал хасагдах биш нэмэгдсэн. Зарлага хорогдуулах гурван санал дэмжигдлээ.

Үүнээс  харахад 16 зүйл ангиар зардлыг нэмэгдүүлж байгаа юм. Зардал нэмэгдүүлэх үндэслэл хэр бодитой вэ гэдэг дээр нэг бүрчлэн дүгнэлт хийх хэрэгтэй. Миний хувьд  тэвчиж болох зардлуудыг нэмчихлээ гэж харж байгаа.

Харин  зардал бууруулах чиглэлд гарсан  УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах зардал, Мал хамгаалах сан, Байгаль хамгаалах сангийн зардлыг хасах саналууд  ямар нэг асуудалгүйгээр дэмжигдлээ. УИХ дээр нэмэгдэж гарсан санал нь ердөө л энэ.

-Зарим халамжийг  танах нь  эдийн засагт  нөлөө үзүүлж чадах уу. Хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн урамшууллыг  танах саналыг шүүмжлэх хүн олон байсан. Тодорхой бүлэгт чиглэсэн халамж  тэвчиж болох зардал мөн үү?

Үүнийг оновчтой болгох  ёстой. Нийгмийн хэт хавтгайрс ан халамжийн зардлыг хянаад, зайлшгүй  шаардлагатай  хэсэгт төвлөрүүлж, дэмжлэг үзүүлдэг өөрчлөлт хийх ёстой байсан гэж  бодож байна.  Хавтгайруулаад л бүгдэд нь адил тэгш халамж өгч байгаа нь гажуудсан бодлого.

-Орлогын эх үүсвэрүүдийг тооцохдоо хэр зэрэг үндэслэлтэй хандсан гэж  та үзэж байна. Жишээ нь, цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэрийг нефтийн онцгой албан татварыг нэмэх замаар олно гэж тооцсон?

Эдийн засаг, төсөвтэй холбоотой ямар ч асуудал эерэг, сөрөг үр дагаврыг заавал дагуулдаг. Хамгийн гол нь эерэг нь сөргөөсөө давамгай байвал үр өгөөжөө өгдөг. Тиймээс ул суурьтай тооцох хэрэгтэй байх. Ер нь онцгой анхаардаг  хэдхэн асуудал бий. Суурь үнэд нөлөөлөх бүтээгдэхүүний татварыг нэмэх асуудалд их болгоомжтой ханддаг.

Ингэхээс ч аргагүй. Яагаад гэхээр бүх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх хүчин  зүйл болж, хэд хэдэн үе шаттай үнийн  өсөлтийн давалгааг бий болгох  сөрөг үр дагавартай.

Энэ  үр дагаврыг гаргахгүй байх тал дээр хэр нухацтай ажилласан  бол доо гэж би хувьдаа эргэлзэж байна.  16-17 чиглэлээр зардлаа нэмэх сонирхолдоо автаад  орлогоо илүү дайчлах боломжгүй гэж  үзээд татвар нэмэх  замаар асуудлаа  шийдэж байгаа нь сөрөг үр дагаврыг дагуулж болзошгүй. Тэр тусмаа  бензин, дизелийн түлш манайд суурь үнийг бүрдүүлж буй гол хүчин зүйл.

-Нийслэлийн татвар, Хөрөнгийн татвар, Малын хөлийн татвар гээд  дөрвөн төрлийн татвар нэмэх асуудал явж байгаа.  Хэдийгээр үүнийг төсөвт хамаарахгүй гэж байгаа ч татвар  нэмэх нь зөв бодлого байж чадах уу?
Энэ эрхийг нь орон нутагт нь өгье гэдэг санал орж ирсэн юм.

Төсвийн тодотголтой хамт Засгийн газрын өргөн барьсан татварын хуульд оруулах өөрчлөлт бол нийслэл, орон нутагт төсвөө бүрдүүлэхэд нь  эрх өгч байгаа асуудал байсан. Нийслэл, орон нутгийг төсвөө бүрдүүлэхэд нь  татварыг уян хатан тогтоодог. Татвар төлөгчид буюу малчид, ард иргэдтэйгээ зөвлөлдөж байгаад татварынхаа хувь хэмжээнд өөрчлөлт оруулдаг.

Энэ эрхийг нь орон нутагт нь өгье гэдэг санал орж ирсэн юм.  Ер нь татварын хуулиар эдгээр  татварууд  орон нутагт байна гэдгийг тогтоочихсон. Тиймээс татвар нэмж байгаа  гэдэг утгаар биш сайн дурын татварын хувь хэмжээг уян хатан тогтоох эрхийг нь өгч байна гэдгээр асуудалд хандах  нь зөв. Харамсалтай нь,  Засгийн  газар бодлого  дэмжигдсэнгүй.

-Энэ асуудлыг эдийн засаг тодорхой хугацаанд сэргэсний дараа оруулж ирэх нь зөв байсан уу?

-Эдийн засаг тогтворжоод,  төсвийн орлогын бүрдэл сайжирсан тохиолдолд татвараар оролдох шаардлагагүй  болно л доо.  Гол нь  орлогын хомсдолтой, хямралтай үед орлого олох нөөцөө  хайж байна шүү дээ.

-Монгол Улсын өрийн тааз 58.3 хувь  байна гэж  баталлаа.  Таныг  өмнөх Засгийн газрын үед Сангийн сайдаар ажиллаж байхад өрийн хэмжээ нэмэгдсэнийг нууж, буруу мэдээлж байсан гэж ярьж байна. Та  үүнд хариулт өгөхгүй юу?

Явуургүй улс төр хийж байгаа  нь тэр.  Хэн юу ярьсныг санах ой санамж нь богинохон байгаа хэрэг. Нөгөө талаас хүнийг гүтгэж байна. Огт яриагүй зүйлийг  ярьсан болгож байгаа нь гүтгэлэг шүү дээ. Миний хувьд өрийн  хэмжээг УИХ, Засгийн газарт  албан ёсоор  байнга өргөн барьж мэдүүлж байсан. Хамгийн сүүлд 2014 оны аравдугаар сарын 1-ний өдөр 2015  оны төсвийг  өргөн барихдаа энэ дотор тусгасан. Тэр хувь хэмжээг бүгдээрээ мэдэж байгаа. 

Тэр  үед улсын өр 49.9  хувьтай байсан. Яагаад олон тоо ярьдаг вэ гэхээр  тогтсон системгүй учраас гишүүд маань будилчихаад байгаа юм. Энэ будилааг арилгаж, эргэлзүүлээд байгаа асуудлыг цэгцлэх зорилгоор Өрийн удирдлагын тухай хуулийг өргөн бариад жил болж байна. Энэ хуулиар өрийг тооцох аргачлал, ямар бүтэц бүрэлдэхүүнээр тооцох ангилал, түүнийг үнэлэх үнэлгээ зэргийг нэг систем  болгож тогтоно.

Одоо ийм хууль нь батлагдаагүй учраас будилчихаад байна л даа. Манай хуулиар улсын өрийг өнөөгийн үнэ цэнэд шилжүүлж тооцдог. Гэтэл олон улсын  байгууллагууд нэрлэсэн үнээр  буюу эргэн төлөгдөх үнээр  нь тооцдог. Энэ хоёрын хооронд улсууд будилдаг.  Хоёрдугаарт, ангилал дээрээ будилдаг. Манайх улсын өрийг долоон  зүйл ангиар тооцдог бол бусад улс оронд харилцан адилгүй.

Жишээ нь улсын өр гэдэгт Засгийн газырг өрийг тооцдог улс орнууд олон байна. Гэтэл манайд  Засгийн газрын өрөөс  гадна  орон нутгийн өмчийн, төрийн өмчийн үйлдвэрийн газруудын  өрийг хүртэл оруулаад тооцдогоос болж ангилал хооронд будилж байна.  Нөгөө талаар өрийн хязгаарыг батлахдаа ямар нөхцөл байдалд  хууль батлагдсан бэ гэдгийг ялгаж салгадаггүй, шууд механик утгаар нь  ханддаг.

Жишээ нь  өрийн тааз 40 хувь байна гэж.  Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдахдаа  эдийн засагтаа  хөрөнгө оруулалт хийж өсөлтөө дэмжих үед нь 60 хувь  байгаад  эдийн засаг нь тогтвортой болсон үед  өрийн хязгаар буугаад 40 хувь болно гэж батлагдсан. Гэтэл хууль хэрэгжиж эхлээгүй  байхад   эдийн засагт хөрөнгө оруулах 60 хувийн  хугацаа өнгөрчихсөн.

Хуулинд механикаар хязгаарлалт хийж болохгүй” гэж  оны эхнээс хэлж байсан. 

Үүнээс болоод хэдэн жилийн дараа хүрэх тогтворжсон эдийн засагт хүрэх шалгуураар өнөөгийн эдийн  засагт хандаж байна. Намайг өрийн хязгаарыг хууль  зөрчин хэтрүүлж байсан мэтээр ярьж  байгаа. Тэгэж ярьвал 2013 онд би хуулийнх нь түвшинд өрийн хязгаарыг барьсан шүү.  Хуулиас хэтрүүлээгүй. 2014 онд бол хуулийнх нь түвшинд хүртэл бууруулж чадаагүй, үнэн.  “Бууруулах бололцоогүй  байна, ажлын эрх ашгаа бодож асуудалд хандана.

Хуулинд механикаар хязгаарлалт хийж болохгүй” гэж  оны эхнээс хэлж байсан. Нэгдүгээрт   авсан зээлийн хэмжээ, тэрийг ДНБ-д хуваахаар улсын өр гарна. Гэтэл авсан зээлийн хэмжээ хэвээрээ байгаад байдаг, ДНБ-ний хэмжээ уначихаар улсын өр  өөдөө яваад өгнө шүү дээ. Өөрөөр хэлбэл авсан  зээлээсээ  хамаарахгүйгээр улсын өрийн түвшин өссөн гэсэн үг.  

Энэ өсөлтийг  шууд 40 хувь болгож бууруул гэдэг нь зохиомлоор эдийн засгаа агшаа гэж байгаатай ялгаагүй. Эдийн засгийн өсөлт гараагүй байхад  өрийг 10 функтээр бууруул гэдэг нь эдийн засгийг агшаах бодлого байсан. Тиймээс  агшааж чадаагүй, өмнөх оныхоо түвшинд л байсан.  Ингээд  төсөв аравдугаар сарын 1-нд өргөн баригдаж, би аравдугаар сарын 16-ны өдөр Сангийн сайдын ажлаа өгсөн. Түүнээс хойш УИХ төсвөө Сангийн сайдгүйгээр хэлэлцсэн.

Гэхдээ миний боловсруулж өргөн барьсан  төсвийн үндсэн параметрийн үзүүлэлтийг УИХ-аар өөрчилсөн. Тэр нь өрийн хязгаар 70 хувь болно гэж оруулж ирснийг 40 болго  гэж. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ жил 7-8 хувиас хэтрэхгүй нь гэж байхад “Үгүй ээ. Батлагдсанаар нь 12 хувь гэж ав” гэсэн. Төсөв боловсруулахад бодлого тодорхойлдог Төсвийн хүрээний мэдэгдлийг  дээрх байдлаар батлаад  Засгийн газрыг үүнд нь тохируулж төсвөө эргэж  боловсруул  гэж  УИХ өөрөө чиглэл өгсөн.

Тэр дагуу нь боловсруулж оруулж ирсэн тодотголоор аваад үзвэл  тэдний буруу мэдээлсэн гэж яриад  байгаа 39 хувь чинь гарч байгаа. Энэ бол УИХ-ын өөрөө бодож тооцоолсон үндэслэлгүй тоо. Үүнийг надад наах гэж байгаа нь   улстөрчдийн мэдээлэлгүйгээс болсон уу, эсвэл улстөрийн өөр далд сонирхлоос үүдэлтэй, гүтгэлгийн чанартай бусармаг зүйл байсан уу.

-Монгол Улс хоёр төсөвтэй  явдаг гажуудал арилж, өрийн хэмжээний тоо үнэн бодитой боллоо. Сайн хэрэг юм биш үү?

Өрийн  хязгаар хуулиараа 40 байсныг 58.3 хувь болгож нэмэгдүүллээ. Нэмэгдүүлсэн гэдэг нь өөрөө зөв тийшээ  хийж байгаа нэг алхам. Өмнө нь бол өрийн хязгаарыг хэрхэвч нэмж болохгүй гэж л хоёр жил Засгийн газрыг барьсан.  Харин өнөөдөр бодит байдал дээр нэмэхгүй бол болдоггүй юм байна гэдгийг ойлгоод 58.3 хувь болгож байгаа нь нэг алхам.

Гэхдээ бас л хагас алхам.   Тооцоо үндэслэлээ нарийн гаргах хэрэгтэй. 58.3 хувь гэдэг бас зохиомол тоо. Батлагдсан төсөвтэй харьцуулаад үзэхэд яавч 58.3 хувьд багтахааргүй харагдаж байна. Энэ тоог гаргахдаа дотоодын зах зээл дээр борлуулагдаж байгаа Засгийн газрын үнэт цаасны тооцоон дээр үндэслэсэн.  Гэтэл үүний цаана олон улсын байгууллагаас авах хөнгөлөлттэй зээл бий. Ийм зээл авбал энэ хэмжээ хэтэрнэ.

Дээрээс нь УИХ-аас  Засгийн газарт хөрөнгө  оруулалтын санхүүжээгүй байгаа арга хэмжээг зээлээр   санхүүжүүлэх чиглэл өглөө. Энэ зорилтыг хэрэгжүүлэх юм бол энэ тоо аяндаа нэмэгдэнэ. Засгийн газрын сүүлд оруулж ирсэн 60 хувьд багтах уу үгүй юу гэдэг асуудал гарна.

Эрхбиш бүтээлчээр хандах байх.Засагт ороогүй байхдаа өр нэмж хэрхэвч болохгүй л гээд байсан.

Миний хэлээд байгаа  тооцоо үндэслэлгүй,  уялдаа зохицуулалт муутай хагас алхам юм.  60 хувиар батлах гэхээр аялдан дагалдсан болж муухай харагдах гээд байсан уу. Уг нь бол 58.3, 60 хоёрын хооронд ялгаа бага шүү дээ.

-Өрийн удирдлагын хуулийг баталснаар бидэнд ямар шинэ боломж гарч ирэх вэ. Зээл нэмж авах боломж гарах уу?

Өрийн удирдлагын хууль батлагдсанаар бидний учраа олохгүй эргэлдээд байгаа будилаа арилж, нэг ойлголттой болно. Зээл нэмж авах боломж гарна. Эдийн засагтаа хөрөнгө оруулах гадна дотноос эх үүсвэр татах  саналыг энэ хуульд  тусгасан.

Чухам яаж батлагдах нь хэлэлцүүлгийн явцад тодорхой болох байх. Ер нь ажлын эрх ашигтаа нийцсэн, бүтээлч хууль гараасай гэж би бодож байна. Зохиомол байдлаар, өнгөц хандсан насгүй хууль  битгий батлагдаасай л гэж   бодож байна даа.

-Үүнд МАН, бусад намынхны байр суурь их чухал байх. Бас гэдийвэл яах вэ?

Эрхбиш бүтээлчээр хандах байх.Засагт ороогүй байхдаа өр нэмж хэрхэвч болохгүй л гээд байсан. Хамтарчихаад нэмэхээс аргагүй юм байна гээд алхам хийлээ.Тэгэхээр  бодит байдал руу хандсан алхам  хийх байх гэдэг итгэлийг төрүүлж байна л даа.

-Хятадын “Синьхуа”  агентлаг Монгол Улс өрийн босгоо нэмлээ. Ингэснээр  эдийн засгийн хувьд хүнд байдалд орж байна гэсэн утгатай мэдээллийг цацсан.  Дэлхийн хэмжээний томоохон агентлаг ийм мэдээлэл цацсан нь   түгшүүр  өгч байгаа бишүү?

Тийм мэдээлэл цацсан байна лээ. Хариуцлагатай мэдээлэл хийж байгаа агентлаг тооцоо үндэслэл, итгэл үнэмшилтэй  байгаа хэрэг. Энэ талаасаа  ажил хэрэгч мэдээлэл гэж бодож байна. Гол нь бид өөрсдөө эндээс дүгнэлт хийх ёстой.

Өрийн  хэмжээгээ нэмж байгаа нь алсдаа өрийн хямрал болж болзошгүй гэдгийг бидэнд анхаарууллаа.  Өнөөдөр бий болсон манай эдийн засаг санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулж авч үзсэн байх. Эдийн засгийн өсөлт нь буурсан , валютынх нь нөөц  хомсдсон үедээ нэмж  зээл авбал байдал хүндэрнэ гэдэг  анхааруулга. Тиймээс бид ч ул суурьтай хандах ёстой болж байна.

-Валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж байна уу. Ер нь энэ чиглэлд анхаарч ажиллах ёстой Монголбанк ажлаа хэр зэрэг хийж байна вэ?

Сангийн сайдаа өгснөөс хойшхи үйл ажиллагаанд би  дүгнэлт  хиймээргүй байна. Тэрнээс өмнө  Засгийн газар, Монголбанк тооцоо үндэслэлээ нэгтгэж, нэлээд уялдаатай бодлого явуулж байсан. Тэр үед эдийн  засгийн нөхцөл байдөл өнөөдрийнхөөс арай дээр байсан. Сүүлийн хоёр сард байдал нэлээд өөр болчихлоо.

Улсын өр   2014 оны аравдугаар сарын 1-нд 49.9 хувь байсан бол 2014 оны арванхоёрдугаар сарын  31-ний өдөр 55.2 хувь болсон гэж Засгийн газар мэдэгдэж байгаа. Бүтэн зургаан функтээр нэмэгдсэн байна.  Энэ хооронд валютын нөөц , гаднаас  авсан зээлд үнэлгээ өгөх учиртай.  Байдал сайн тал руугаа   биш өөрчлөгдөж байна.

Монголбанк өөрийнхөө хэмжээнд арга хэмжээ авч байна гэж үзэж байна.
-Долларын ханшид  арга хэмжээ авах  бололцоо үнэхээр байгаагүй юу?

Монголбанк өөрийнхөө хэмжээнд арга хэмжээ авч байна гэж үзэж байна. Гэхдээ энэ арга хэмжээ нь хэр оновчтой, зөв байна вэ гэдгийг амьдрал харуулна.

-Төгрөгийг их  хэмжээгээр хэвлэж, эдийн засагт нийлүүлсэн гэдэг яриа  байх юм. Энэ үнэн бол эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

УИХ-ын мэргэжлийн   байнгын хороо ул суурьтай дүгнэлт хийх  шаардлагатай гэж бодож байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж харагдаж байна уу.  Үргээд гарчихсан хөрөнгө  оруулагчид хэдий хугацааны дараа  эргэж орж ирэх бол?

Боломж мэдээж  байгаа. Ямар нөхцлөөр, хэнд ашигтайгаар хөрөнгө оруулалтыг татах вэ  гэдэг чухал.  Гадныханд  маш тааламжтай нөхцөл өгвөл хөрөнгө оруулалт богино хугацаанд  огцом нэмэгдэх байх. Харилцан ашигтай байдлаар асуудалд хандвал цаг хугацаа хэрэгтэй байх.

Эцсийн эцэст  ямар шалгуураар шийдэх  вэ гэдэг нь гол. Ямар ч үнээр хамаагүй гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэж хандвал  өөр хэрэг. Бидэнд  өгөөжтэй, ирээдүйтэй хөрөнгө оруулалт татна гэвэл бас  өөр асуудал.  Монголчуудын эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалт орж ирээсэй гэж бодож байна. Харамсалтай нь бид  эхний томоохон төслүүд дээрээ ийм нөхцлийг хангаж чадсангүй.

-Жишээ нь, Оюутолгой  төсөл байна. Бид авах ёстой татвараа ч авч чадахгүй байна гэж ярьж байна?

Татвараа  бол хуулийн хүрээнд  оногдуулаад авч байгаа. Харин үйл ажиллагааг нь бүхэлд нь хянаж, үр ашигтай бодлого явуулж чадахгүй, зөвхөн хөрөнгө оруулагчийн саналд хөтлөгдсөн, тэднийг аманд баригдсан  байдлаар  үйл ажиллагаа явж байна.

Хөрөнгө  оруулагч маань Монголын талаас аль болох  хяналтгүй байхыг хүсч байна. Ийм нөхцөл байдлыг бид өмнө байгуулсан гэрээгээр бий болгочихсон байна. Үүнийгээ засъя, өөрчилье гэхээр туйлын хойрго хандаж, томоохон эсэргүүцэл, дотоодын хатгаастай нүүр тулж байна.

-Эдийн засгийн өршөөлийг хуулийг өргөн барьсан. Энэ хууль  хэрэгжсэнээр далд байгаа их хэмжээний мөнгө ил болж, эдийн засагт эерэг нөлөө  үзүүлнэ гэж  үзэж байгаа. Ингэж чадах уу?

Би итгэхгүй байна. Эрхбиш эерэг өөрчлөлт ирэх болов уу. Гэнэтийн том өгөөж орж ирэх нь юул бол. Урьд нь өршөөлийн хууль гаргаж байсан. Ойр ойрхон өршөөлийн хууль гаргах нь агуулга, үр дүн талаасаа ихээхэн  шүүмжлэлтэй нөхцөл байдал  дагуулдаг. Тэгэхээр үүнд найдсанаар зовлон бэрхшээл арилахгүй.

-Бид эдийн засгийн  хямралд өртсөн гэхээсээ илүү засаглалын, хэт улстөржилтийн хямралд орчихсон юм бишүү?

Аль нэг талруу нь туйлширч асуудалд хандмааргүй байна. Гадаад, дотоод орчин нөхцөл  нөлөөлнө. 30, 40 хувийн гадны эдийн засгийн нөлөө байгаа.  Үлдсэн  60-70 хувь нь бидний алсын хараагүй,  зохицуулалтгүй,  улстөржсөн буруу бодлогоос үүдэлтэй. Бүгдийг нь нийлүүлвэл засаглалын, удирдлагын  хомсдлоос хамааралтай хямрал. Орж ирээгүй  орлогыг зарлага болгож гаргаад, өр тавьж түүнийгээ  хэрэглээд өнөөдрийн хүндрэлийг бий  болгосон. Тэгэхээр энэ  байдлыг хэн нэгэн рүү   түлхэх гээд хэрэггүй. Буруу бодлого явуулж байсны л үр дагавар.

-Улстөрийн хүрээнд энэ долоо хоногийн анхаарал татсан асуудал нь дэд сай нарыг  цомхотгох  тухай байлаа. Та дэд сайдгүй байхыг дэмжиж байсан шүү дээ?
Ямар бодлого  явуулахаас хамаараад  онолын  хувьд тийм эрсдэл байдаг.

Төсвийг аль болох  хэмнэлтийн горимд шилжүүлж, төр засгийн бүтцийг боловсронгуй болгох, зардал чирэгдлийг багасгах талаас нь би асуудалд хандаж байлаа.  Мэдээж  хэрэг хэдэн дэд сайдыг цөөлснөөр хүндрэл арилчихгүй. Гэхдээ жижиг гэлтгүй  зөв голдиролдоо орж явбал алсдаа эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэг талаас нь хол харж хандаасай  гэж бодож байлаа. Бид чинь өдрийн хэд хувирч, хаврын тэнгэр шиг асуудалд хандаж байна шүү дээ.Дэд сайдуудын зардлыг   хасна гэдэг нь шууд утгаараа тэр бүтэц алга болно гэсэн үг. Үүнийг еэвэнгий талыг  үзүүлдэг шиг тал талаас нь гоёж чимж яриад хэрэггүй.

-2017 оноос   зээлээ төлж эхэлнэ. Авсан юм чинь төлж таарна. Төлж чадахааргүй нөхцөл байдалд хүрэх эрсдэл бий юу?

Ямар бодлого  явуулахаас хамаараад  онолын  хувьд тийм эрсдэл байдаг.  Харамсалтай нь хоёр жилийг үндсэндээ бид алдчихлаа. Авсан  зээлээ эргүүлж төлөх чадавхийг бий болгох чиглэлд  2013, 2014 онд дорвитой өөрчлөлт хийж чадсангүй. Ямар өөрчлөлт  байсан бэ гэхээр бодит эдийн засаг руугаа  хөрөнгө оруулж, бодит эдийн засгийнхаа өсөлтийг бий болгох ёстой байсан.

Гэтэл бид өр зээл нэмэгдлээ гэж  шуугисаар байгаад эдийн засагтаа  хөрөнгө оруулалт  хийсэнгүй. Хөрөнгө оруулалтын зорилгоор аваад ирсэн мөнгөө ч бүрэн ашиглаж  чадсангүй. “Чингис” бондын тал шахуу нь банкинд байна шүү дээ. Үр дүн багатай замаар явчихлаа. Ажлаа хийхээ хойш тавиад муу үр дагавар нь юу вэ гэдэг дээр  анхаарал өгч,  шуугилдаад   хугацаа алдчихлаа.

-Засгийн газраа огцруулж, бүх намтай хамтарсан Засгийн газрыг байгууллаа. Шинэ Засгийн газарт та хэр найдлага тавьж байна?

Амьдрал үнэний шалгуур. Засгийн газраа огцруулсан нь зөв байсан эсэхийг амьдрал харуулна. Өмнөх Засгийн газар, одоогийн Засгийн газрын ажиллах хугацааг дуусгаад үр дүнг нь  зэрэгцүүлээд харахаар  үнэн зөв үнэлгээ хийж болно.  Засгийн газар байгуулагдаад багахан хугацаа өнгөрч байна.

Ер нь ажиглаж байхад ажлын эрх ашиг талаасаа  томоохон өөрчлөлт  гарахгүй юм шиг байна. Засгийн газраас оруулж  байгаа бодлогын томоохон асуудлууд УИХ дээр бүгд унаж байна шүү дээ. Энэ нь бодлогын  нэгдмэл байдал  байхгүйтэй холбоотой.  Цаашдаа үйл ажиллагааны нэгдмэл байдал ямар байхыг мэдэхгүй.

Ажлын төлөө гэхээсээ албан тушаалын хуваарилалт, халаа сэлгээнд  ихээхэн анхаарал хандуулж байгаа дүр  зураг харагдаж байна. Тэгэхээр үйл ажиллагааны нэгдмэл  байдал  эргэлзээтэй. Аль аль талаасаа нэлээд бужигнаантай хугацааг өнгөрөөх нь.