Бат-Эрдэнэ.Б 2015.01.26 | Сонин: Монголын үнэн

Б.Бат-Эрдэнэ: Дэд сайдын албан тушаал байх шаардлагагүй

Б.Бат-Эрдэнэ: Дэд сайдын албан тушаал байх шаардлагагүй
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Төрийн албаны данхар бүтэц, үрэлгэн зардлын талаар сүүлийн үед их ярьж байна. Ялангуяа, эдийн засаг хүнд байгаа энэ үед даргалах бүрэлдэхүүнд цомхотгол хийх шаардлагатай.

Дарга сайд, аймгийн Засаг дарга нарын орлогч, дэд сайд, зөвлөх гээд олон албан тушаал бий. Өмнө нь зөвлөхгүй байсан байгууллага. агентлагууд 3-4 зөвлөхтэй болсон байна. Аймгууд гэхэд хэчнээн орлогч даргатай болж.

Яамдын сайд нар дэд сайдгүйгээр үйл ажиллагаа явуулаад, бодлого талаас нь томилогдсон сайд яамаа аваад явдаг байсан бол одоо бүр "ихэрлүүлээд" авсан. Өмнө нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг 16 яам 19 сайдтай байхад бид шүүмжилж байсан. Цаашлаад 19 сайдынх нь 17 "Давхар дээл"-тэй буюу УИХ-ын гишүүн атлаа Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаг байсан.

Энэ байдлыг олонхоороо шүүмжилсний дүнд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж 13 яам, 16 сайдтай байх бүтцийг УИХ баталсан. Гэтэл сахил хүртээд шал дордохын үлгэрээр УИХ дахь нам, эвслүүд нийлээд Их эвслийн Засгийн газрыг байгуулангуутаа яамдын тоог нэмээд 15 яам, 19 сайд, 17 дэд сайдтай болгосон.

Төсвийн хэмнэлтийг хийх ёстой байтал улам данхайлгаад дэд сайд нарын тоог нэмэгдүүлсэн. Тийм учраас дэд сайдын орон тоог хасах нь зүйтэй гэж үзэж байсан. . Үнэхээр улс орон эдийн засгийн хямралтай ийм хүнд нөхцөлд үйлдвэрлэг бараа бүтээгдэхүүн гээд хийж байгаа ажил үйлчилгээнийхээ бүтээмж, чанарыг нэмэгдүүлэн ажил хийх ёстой.