2010.07.27

Д. Ганхуяг: Хөшигний хөндийн буудал ашиглалтад орохоос өмнө аялал жуулчлалын салбарынхаа асуудлыг шийдье л дээ

-Японы парламентын гишүүд манайд айлчилж байгаа болохоор та нэлээд завгүй байх шиг байна. Жил бүр наадмын дараа Японы парламентынхан айлчлах юмаа?

-Би УИХ дахь Монгол-Япо-ны парламентын бүлгийн дар-гаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Наадам, наадмын дараагаас Японы улстөрчид, парламентын гишүүд манай улсад ирдэг. Энэ долоо хоногт гэхэд би гурван ч групп Японы парламентын гишүүдийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Чуулган завсарласан гэлтгүй ажил ихтэй л байна. Завсар зайгаар нь тойргийнхоо иргэдийг хүлээн авч уулзаж байна. Мөн намрын чуулганы ажилд бэлдэж байна даа.

-Монгол Японы парламент хоорондын харилцаа чамгүй сайн хөгжиж байгаа гэдэг. Энэ хугацаанд танай бүлэг ямар ажлуудыг санаачилж хийсэн бэ?

-Жижиг ажлуудыг тоочвол олон бий. Өнөөгийн байдлаар хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд байгаа. Тоймтойгоос нь хэдийг хэлье. Анх 2004 онд УИХ-ын гишүүн болсны дараа Японы ГХЯ-ны шугамаар айлчилсан.Энэ үеэр жижиг дунд үйлдвэрлэл, байгаль орчинд зориулсан хоёр шаттай хөнгөлөлттэй зээлийг эхлүүлж чадсан.

Энэ онд хоёр дахь шатыг нь хэрэгжүүлж эхэлнэ. Мөн тэр үеэр хоёр орны харилцааг хамгийн бодитой үр дүнд хүргэх хэлбэр буюу хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн   хэлэлцээр байгуулах саналыг анх солилцсон. 2006 онд "Хоёр орны хамтын ажиллагааны 10 жилийн үндсэн хөтөлбөр"-ийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр орны төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулсан. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хугацаа энэ онд тодорхой болно. Манай улс одоогоор ямар ч оронтой ийм хэлэлцээр байгуулаагүй байна.

-Ийм хэлэлцээр байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?

-Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ. Бас Монгол Улс Ази хийгээд олон улсын бараа, хүн, мөнгөний урсгалд нэгдэх болно.

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн тухай тодруулж хэлнэ үү. Бас аялал жуулчлалын талаар... Манайд зорчих японуудыг визгүй болгосон ч энэ жил жуулчин бага ирж байна гэсэн мэдээлэл байна.

-Японоор зогсохгүй бусад орноос жуулчин ихээр ирэх эсэх нь визтэй, визгүйгээс шууд хамаарахгүй тохиолдол байна. Энэ жилийн тухайд ихэнх орны жуулчид Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болсон Африк руу ихээр аялсан. Нөгөө талаас Японы жуулчны тухайд иенийн ханш америк доллартай харьцуулахад хэт чангарч байгаа нь тэдний жуулчдад АНУ-ын Хавай, Сайпон зэрэг аялал жуулчлалын бүс рүү явахад эдийн засгийн хувьд ашигтай байгаа л даа.

-Уг нь манай улсад аялал жуулчлалын салбар хөгжих боломжтой гэдэг. Харийн үүний тулд яах ёстой вэ?

-Зарим орны эрдэмтэд судалгаа хийгээд манай улсын хамгийн ирээдүйтэй салбараар аялал жуулчлалын салбарыг нэрлэсэн байдаг. Энэ салбар олон салбарын хөгжилтэй холбогддог. Тухайл-бал, зам зэрэг дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, мэдээллийн технологи, бэлэг дурсгалын болон хувцасны чиглэлийн хөнгөн үйлдвэр, зочид буудал, дэлгүүр ресторан, жуулчны бааз зэрэг үйлчилгээний салбарын бизнес. Эндээс харахад энэ салбарт л асар олон жижиг дунд үйлдвэрийн, бичил бизнесийн эзнийг дэмжиж, төрүүлэх боломжтой байгаа биз. Ингэж байж л дундаж орлоготой иргэд зонхилсон нийгмийг байгуулна. Тэрнээс амьжиргаанд хүрэхгүй цалинтай ажлыг хий гээд боолын нийгэм рүү зүтгүүлээд үр дүнд хүрэхгүй ээ. Иргэд гадагш ажиллахаар явсаар байх болно. Гэтэл энэ салбар олигтой явж өгөхгүй байна.

-Тэгвэл энэ салбарыг хөгжүүлэхийн тулд ямар гарц байна вэ?

-Тогтолцоо буруу бол юу ч хийгээд үр дүн муутай. Нөгөө цоорхой сав руу ус хийхээр тогтдоггүйтэй адилхан.Энэ салбарын тогтолцооны талаар ярихад урт сэдэв болно. Гол нь жуулчдаас орж байгаа орлогын 40-өөс доошгүй хувь нь тэр орон нутгийн иргэдэд шууд очдог тогтолцоог бий болгож , үүнийг хуульчлах нь зүйтэй.Тэгвэл аялал жуулчлалын салбар жинхэнэ утгаараа хөгжинө. Тэрнээс энэ салбарын Засгийн газрын гишүүн нь ховор ан амьтны лиценз худалдахаас өөр ажил хийдэггүй, Улаанбаатараас гадна, дотнын хүмүүс машинаар очоод орон нутгийн жуулчны баазын хамаг орлогыг нь хамаад ирдэг байж болохгүй. Мөн дээр дурдсан чанартай дэд бүтцийг бий болгох, энэ салбарын үйлчилгээний стандартыг олон улсын төвшинд хүргэх, ажиллагсдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг ажлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Аялал жуучлал хөгжсөн орнууд ийм асуудлыг шийдсэн байгаа. Өнөөгийн байдлаар ихдээ 2-3 зуун мянган жинхэнэ жуулчин манайд ирж байх шиг байна. Нэг жуулчин 7-10 хоногт дунджаар 1500 долларыг Монголд үлдээнэ гэвэл 375 орчим сая доллар болох нь. Тэгвэл нэг сая жуулчин ирдэг болвол, орлого нь 1.5 орчим тэрбум доллар болно. Энэ нь өнөө-гийн манай ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэнэ. Ер нь Голланд өвчинд нэрвэгдэхгүйн тулд ашигт малтмалын салбарын орлогоос энэ салбарын хөгжилд хийгээд энэ салбарт тулгамдсан асуудлыг яаралтай шийдэхэд зориулах нь зүйтэй байна. Энэ салбар бол мөнхийн салбар, тэгээд ч үйлчилгээний салбар хямралд хамгийн бага өртдөг. 2015 онд Олон улсын онгоцны буудал ашиглалтад орно. Түүнээс өмнө аялал жуулчлалынхаа салбарын тулгамдсан асуудлыг шийдье л дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.